Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

11-Р Сар 11, 2013

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хууль санаачлагч уг хуулийн төслийг боловсруулах дараах үндэслэл, шаардлага байна гэж үзсэн байна:

1.Хууль зүйн үндэслэл:

Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 31-д Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заасан;

Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Нэн тэргүүнд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ын 11-т хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгохоор тусгасан;

Иргэний хуулийн 432.2 дахь хэсэгт заавал даатгах даатгалын хэлбэрийг хуулиар тогтоохоор, Даатгалын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтоохоор тус тус заасан.

2.Практик шаардлага:

Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргасан баталгааны хугацаа 2012 оны 11 дүгээр сарын 25-нд дууссан нь банкин дахь хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг бий болгосон;

Банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах;

Санхүүгийн зах зээлийн сахилга батыг дээшлүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тогтолцоог бий болгох;

Банкны дампуурлын улмаас төрд ирэх санхүүгийн ачааллыг бууруулах;

Банкуудыг эрсдэлээ өөрсдөө хариуцах зах зээлийн горимд шилжүүлэх эхний алхмыг хийж, хадгаламжийн даатгалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бий болгох.

Уг хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг үзэх

Twitter