Банкуудын Ёс Зүйн дүрэм

Банкуудын Ёс Зүйн дүрэм

1. Мэдээллийн ил тод бөгөөд тодорхой байдал

1.1 Сайн банкны харилцаа нь нээлттэй байдал, хамтын ажиллагаа, итгэл дээр үндэслэдэг. Энэ нь Та харилцагч бид банк хоёрын солилцож байгаа мэдээлэл ямагт үнэн зөв ба бүрэн төгс байх ёстойг хэлж байгаа юм.

1.2 Бид танд үзүүлж байгаа үйлчилгээнийхээ талаархи мэдээллийг ойлгомжтой, тодорхой хэлбэрээр өгөхийг хичээх болно. Таныг бодит мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах бололцоог хангахын тулд бид энгийн хүнд ойлгомжтой хэллэг, нэр томъёог ашиглахыг чармайна. Хэрэв биднээс танд өгч байгаа мэдээлэл буруу юм шиг санагдвал бид холбогдох тайлбарыг амаар буюу шаардлагатай гэж үзвэл бичгээр танд өгөх болно. Бид өөрсдийн үйлчилгээтэй холбогдсон зар сурталчилгааны материалын үнэн зөвийг хариуцна.

1.3 Банкны ердийн үйлчилгээнд ногдуулж байгаа хүү, хураамж, шимтгэлийн талаархи мэдээлэл холбогдох үйлчилгээг эрхлэн явуулдаг манай бүх салбар нэгжүүд дээр байдаг. Та үйлчилгээний үнэ хөлсний эдгээр жагсаалттай газар дээр нь танилцах буюу эсвэл нэг хувийг өөртөө авч болно. Ингэснээр та бидний үйлчилгээний үнэ хөлсийг бусад банкуудынхтай харьцуулж шийдвэр гаргах боломжтой.

1.4 Таныг манай байнгын харилцагч болмогц бид өөрийн банкны ерөнхий нөхцлийг танд өгөх болно. Шинэ бүтээгдхүүн, үйлчилгээг явуулж эхэлмэгц тэрхүү үйлчилгээтэй холбогдох банкны харилцагчийн эрх, үүргийг тусгасан материалыг танд мөн хүргүүлж байна.

2. Харилцан ярилцлага

2.1 Сайн банкны харилцаа нь талуудын харилцан итгэл буюу нээлттэй, чин сэтгэлийн ярилцлага, харилцан ойлголцол, чөлөөт сонголт дээр үндэслэдэг.

2.2 Таны ашиг сонирхлыг сайтар хамгаалах, биднээс хууль ёсны үүргээ хэрэгжүүлэхийн тулд бид танаас өөрийнхөө хувийн болон санхүүгийн мэдээллийг бидэнд өгөхийг шаардах болно. Энэхүү мэдээлэл хэр зэрэг үнэн зөв, бүрэн төгс байна, тэр хэмжээгээр бидний танд өгөх зөвлөгөө таны нөхцөлд илүү зохицох болно.

2.3 Биднээс өгч байгаа зөвлөгөө, үйлчилгээний санал нь танаас бидэнд урьдчилан танилцуулсан таны зорилго, эрэлт хэрэгцээг тусгаж байх болно.

2.4 Биднээс танд хандаж холбоо барих тохиолдол бүртээ ингэж байгаагийнхаа шалтгааныг тодорхой тайлбарлах болно.

2.5 Та биднээс санал болгож байгаа үйлчилгээг хүлээн авах эсвэл түүнээс татгалзах чөлөөт эрхтэй.

2.6 Биднээс танд заримдаа явуулдаг зар сурталчилгааны шинж чанартай материалыг таны хүсэлтийн дагуу хүргүүлэхийг зогсоож болно.

3. Нууц хадгалалт

3.1 Сайн банкны харилцаа нь нууцыг хадгалах явдал дээр үндэслэнэ. Нууцыг хадгалах бидний үүрэг гэдэг нь танаас бидэнд өгч байгаа хувийн болон санхүүгийн мэдээллийн нууцыг нандигнан хамгаалахыг хэлнэ.

3.2 Танаас бидэнд өгсөн мэдээлэл бол зөвхөн танд үзүүлж байгаа үйлчилгээг л үр өгөөжтэй болгоход чиглэгддэг. Иймд таны бидэнд өгсөн мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр, танд мэдэгдэлгүйгээр бусдад сурталчилгаа, арилжааны зорилгоор хэзээ ч задруулахгүй.

3.3 Хэрэв таны өгсөн мэдээллийг та биднээс нийтэд зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд түүний агуулга хэлбэрийг өөрчлөх бололцоог танд заавал олгох болно.

3.4 Танд үзүүлж байгаа үйлчилгээнийхээ шаардлагаар буюу албан үүргийнхээ дагуу таны бидэнд өгсөн мэдээлэлтэй танилцах албан тушаалтны тоог бид хатуу хязгаарлана.

4. Мэргэжлийн үйлчилгээ

4.1 Сайн банкны харилцаа нь мэргэжлийн үйлчилгээ, ур чадвар дээр үндэслэнэ. Энэ нь биднээс танд үзүүлж байгаа үйлчилгээ хөнгөн шуурхай бөгөөд мэргэжлийн түвшинд явагдаж байхыг хэлж байгаа юм.

4.2 Бидний явуулдаг үйлчилгээг танаас шаардсан тохиолдолд үйлчилгээний төрлөөс хамаараад хамгийн боломжит түргэн хугацаанд үзүүлэх болно. Таны хүссэн аливаа мэдээллийг хамгийн боломжит түргэн хугацаанд өгч байх болно.

4.3 Таны өгсөн даалгаврыг үр дүнтэй биелүүлж байх чадвартай байлгахын тулд бид өөрийн ажилтнууд болон албан ёсны зуучлагчдаа байнга сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байх болно.

4.4 Та бидний харилцан үүргийг тусгасан гэрээ хэлцлийн бүрдүүлбэр баримт бичгүүдийг байж болох хамгийн бага хэмжээнд нь хүртэл хязгаарлахыг бид хичээнэ.

5. Аюулгүй ба найдвартай байдал

5.1 Сайн банкны харилцаа нь аюулгүй ба найдвартай байдал дээр үндэслэнэ. Танаас бидэнд итгэж хадгалуулсан хөрөнгийг аюулгүй байлгах, хамгаалах асуудал бол бидний байнга анхаарч байдаг гол асуудлын нэг мөн. Бидний үйлчилгээний аюулгүй байдал мөн таны тэрхүү үйлчилгээг хэрхэн авч ашиглаж байгаагаас хамаардаг.

5.2 Бид таны итгэж хадгалуулсан актив хөрөнгийг найдвартай байдлаар удирдана. Хөрөнгийг хамгаалах бидний систем техникийн хувьд өндөр чанартай, бидний журам, зааврууд байнга шинэчлэгдэн хөгжиж байх болно. Дотоод хяналтын үйл ажиллагааг хангалттай түвшинд хэрэгжүүлж байна.

5.3 Бид таны итгэж хадгалуулсан хөрөнгийн дийлэнхи хэсгийг зээл олгоход ашигладаг. Тийм ч учраас бид зээл олгохдоо туйлын хариуцлагатай ханддаг. Зээлдэгч нь хувь хүн, компани, санхүүгийн зуучлагч, засгийн газар байхаас мөн түүнчлэн зээл нь ямар салбарт, зориулагдаж байгаагаас үл хамаараад тэдгээрийн зээлээ буцааж төлөх найдварын байдалд бид гол анхаарлаа төвлөрүүлдэг.

5.4 Бид таны болон өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкнаас гаргасан олон тооны дүрэм журмыг дагаж мөрдөн түүний хяналтын дор ажиллах ёстой. Салбарын хэмжээнд үйлчилж байгаа жишгийг дагаж мөрдөх нь банкны салбарын найдвартай тогтвортой бөгөөд байдлын үндэс болдог юм.

6. Банкны салбарын нийлмэл цогц байдал

6.1 Санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч бид зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилладаггүй. Бидний үйл ажиллагаа эдийн засаг нийгмийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үүрэг нь бидний харилцагч та болсон хадгаламж эзэмшигч, зээлдэгч, хувь нийлүүлэгч болон тэдний ажиллагсдын ашиг сонирхол дээр тулгуурладаг юм.

6.2 Сайн банкны харилцаа нь хуулийг мөрдөх явдал дээр үндэслэнэ. Бид өөрийн ажиллагсад болон албан ёсны зуучлагчдаа хуулийг дагаж мөрдөх, ямар ч харилцагчтай хууль бус хэлцэл, арилжаанд орохгүй байхыг сануулж байх болно.

6.3 Бид гэмт хэргийн эх сурвалжтай мөнгийг угаах зорилгоор манай үйлчилгээг буруугаар ашиглах явдлаас сэргийлэхэд чиглэгдсэн дотоод арга хэмжээг авах болно.

7. Санал гомдлыг шийдвэрлэх

7.1 Сайн банкны харилцаа нь асуудлыг шийдвэрлэх, зохицуулах явдалд үндэслэнэ. Энэ нь бидний үйлчилгээтэй холбогдсон аливаа санал, гомдол танаас гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэн зохицуулагч нь бид байхыг хүсэж байна гэсэн үг.

7.2 Бидэнд таны санал гомдол хэрэгтэй. Тэр нь биднээс үйлчилгээнийхээ чанарыг цаашид сайжруулахад туслах болно.

7.3 Тулгарсан асуудлыг бүтээлч яриа хэлэлцээрийн үр дүнд шийдвэрлэж байхыг бид хүснэ. Бид танаас шаардсан тайлбар, гомдлын хариуг аль болох түргэн хугацаанд өгч байна.

7.4 Бид таны санал гомдлыг хүлээн авч, барагдуулах энгийн, шуурхай журмыг дотооддоо нэвтрүүлж хэрэгжүүлнэ. Бид танаас тавьсан санал, хүсэлтэд хариулж чадах холбогдох ажилтан болон банкны газар, хэлтсийг танд мэдэгдэж байна.

7.5 Бид танаас тавьсан хүсэлт, гомдлын хариуг ойлгомжтой бөгөөд үндэслэлтэй байдлаар өгч байх болно.

7.6 Бид таны гомдлыг барагдуулахдаа таны хүсэлтийг биелүүлэхийг зорих үүднээс асуудалд бодитой хандах болно.

7.7 Хэрэв танаас бидэнд тавьсан асуудал таны хүсэлд нийцэн шийдвэрлэгдэж чадаагүй гэж үзвэл та уг асуудлыг Монголын Банкны Холбоонд тавих эрхтэй.

8.1 Төлбөр тооцоо

8.1 Та төлбөрийг харилцаж байгаа банкныхаа танд үзүүлж байгаа үйлчилгээний боломжоос шалтгаалаад янз бүрийн хэлбэрээр хийж болно. Банкны шилжүүлэг, гэрээт төлбөрийн даалгавар, дансандаа бэлэн мөнгө хийх болон данснаасаа авах бэлэн мөнгө авах, кредит болон дебит карт, гадаад валют, чекийн гүйлгээ, дотоод болон гадаад мөнгөн гуйвуулгын систем, цахим банкны үйлчилгээ энэ бүгд таны байнга өсөн нэмэгдэж байгаа төлбөрийн хэрэгцээг биднээс хангахад зориулсан үндсэн сувгууд юм.

8.2 Та банкинд харилцах данстай байх эрхтэй. Та харилцах данстай байснаар төлбөр тооцоогоо шуурхай явуулах бололцоо нэмэгдэнэ.

8.3 Бидний явуулж байгаа төлбөр тооцооны үйлчилгээ нь юуны өмнө таны хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж байхаар зохион байгуулагдсан байдаг. Бидний энэхүү чармайлтыг баталгаажуулахын тулд та бүхэн ч гэсэн гүйлгээний аюулгүй байдал, нууцлалтай холбогдуулж биднээс өгөх энгийн зааварчилгааг мөрдөх учиртай.

8.4 Бид төлбөр тооцоог одоо байгаа техникийн бололцооны хүрээнд шуурхай гүйцэтгэнэ.

8.5 Төлбөрийг хийх үед алдаа гарсан үед бид түүнийг аль болохоор шуурхай залруулж мөнгө шилжиж очих зөв хугацааг баримтална.

8.6 Бид төлбөрийн системийг ажиллуулж байгаагийнхаа хувьд төлбөрийн гүйлгээнээс холбогдох шимтгэлийг авна. Бид төлбөрийн гүйлгээ хийхээсээ өмнө таны төлөх шимтгэлийг урьдчилан мэдэгдэнэ.

8.7 Гүйлгээ хийгдэх бүрт түүний утга, огноо, дүнг илэрхийлсэн дансны хуулгыг танд өгч болно.

9. Хадгаламж

9.1 Ямар ч хөрөнгө оруулалт зохих хэмжээний эрсдлийг өөртөө агуулж байдаг. Тодорхой хүүтэй хадгаламж нь тодорхойгүй орлоготой хөрөнгө оруулалт хувьцаа гэх мэт-аас ерөнхийдөө бага эрсдэлтэй.

9.2 Бид таны хөрөнгийн найдвартай байдлыг юунаас ч илүү чухалчилдаг. Таны бидэнд итгэж хадгалуулсан хөрөнгийг эрсдэл багатайгаагаар удирдахын тулд түүний зарим хэсгийг бэлэн мөнгө, үнэт цаас хэлбэрээр хадгалж дийлэнхи хэсгийг эрсдэл багатай, найдвартай төсөл, зээлдэгчийг сонгож зээлдүүлдэг. Эрсдэл багатай зээлдэгчийн банкинд төлдөг зээлийн хүү эрсдэл ихтэй зээлдэгчийнхээс бага байдаг. Ийм учраас банкны хадгаламжийн хүү хадгаламж зээлийн хоршоо гэх мэт өндөр эрсдэлтэй бусад байгууллагын хүүгээс бага байна. Тэгэхдээ таны хөдөлмөрлөж олсон хөрөнгөний найдвартай байдал нь чухал учраас таныг мөнгөө банкинд хадгалуулахыг зөвлөж байна.

9.3 Бидний танд санал болгох хадгаламжийн үйлчилгээний төрөл олон. Бид танд хадгаламжийн тань дансны талаар, түүний хүү хэрхэн бодогдох, гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалбал хүү нь яаж өөрчлөгдөх талаар тодорхой тайлбарлаж өгнө.

9.4 Санхүүгийн салбар хөгжиж, хөрөнгийн зах зээл дээрхи бүтээгдхүүн үйлчилгээний боломж нэмэгдэхийн хэрээр бид танд өөрийн хөрөнгөө зохистой удирдахад тань туслах санхүүгийн зөвлөгөөг тусгайлан өгөх болно.

10. Зээл

10.1 Зээл гэдэг бол таны ч хувьд бидний ч хувьд хамгийн хариуцлагатай үйл ажиллагаа. Тийм учраас зээл авахыг хүссэн таны хүсэлт, зээл олгоход баримталдаг бидний зарчмыг хэрэгжүүлэхэд бид онцгой анхаарна.

10.2 Та авсан зээлээ үр дүнтэй ашиглаад таны хэрэгцээ хангагдаж байх нь бидний сонирхол. Та авсан зээлээ төлж чадахгүйд хүрч өрөнд орохоос та ч, бид ч хамтран зайлсхийх ёстой.

10.3 Таныг авсан зээлээ найдвартай эргүүлэн төлж чадна гэдэгт бид баттай итгэж энэ нь таны бидэнд өгсөн үнэн зөв мэдээллээр нотлогдож байгаа нөхцөлд л бид танд зээл олгоно.

10.4 Бид танаас зээлийн баталгаа, барьцааг шаардах болно.

10.5 Хэрэв бид танд зээл олгохоос татгалзсан шийдвэр гаргавал энэ тухайгаа даруй мэдэгдэж татгалзсан үндэслэлээ тайлбарлах болно. Дээр дурьдсанчлан зээл бол хариуцлагатай үйл ажиллагаа бөгөөд зээл олгохоос татгалзана гэдэг бол таны ашиг сонирхлыг өрөнд орохоос хамгаалж байгаа явдал юм.

10.6 Зээлийн болон барьцааны гэрээ бусад баримт бичгүүд нь хуулийн дагуу заавал бүрдүүлэх ёстой шаардлагууд бөгөөд эдгээрийн зарим хэсгийг нь зээл олгохоос өмнө бүрдүүлж албан ёсны болгох учиртай.

10.7 Хэрэв зээл авсны дараа таны үйл ажиллагаанд зээл төлөхтэй холбогдсон аливаа асуудал, бэрхшээл тулгарвал энэ тухайгаа бидэнд даруй мэдэгдэж түүнийг шийдэх хувилбаруудыг хамтран хайх нь зүйтэй.

10.8 Хэрэв таны авсан зээл хугацаандаа төлөгдөхгүйд хүрвэл бид гэрээний дагуу зээлийг цуцалж зээлтэй холбогдсон авлагаа таны баталгаа болон барьцааны хөрөнгийг борлуулах замаар барагдуулах болно.

11. Электрон банк

11.1 Электрон банк гэдэгт банкны үйлчилгээг телефон утас, компьютер, интернетээр дамжуулж танд үзүүлэхийг хэлнэ. Энэхүү үйлчилгээг үзүүлэхийн тулд бид тантай бичгээр гэрээ байгуулна. Электрон банкны үйлчилгээтэй холбогдон гарч болзошгүй аливаа үл ойлголцох явдлаас сэргийлэхийн тулд гэрээнд үйлчилгээний нөхцөл, талуудын эрх, үүргийг нарийвчлан зааж өгнө.

11.2 Yйлчилгээний гэрээг та хүлээн зөвшөөрсөн нөхцөлд уг үйлчилгээ танд шуурхай хүргүүлэх бүх талын арга хэмжээг бид авах болно.

11.3 Бид танд электрон банкны үйлчилгээний аюулгүй ажиллагааны зөвлөмжийг танилцуулах болно. Yүнийг мөрдөх нь таны энэ сувгаар авах банкны үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхэд тустай.