Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг Монголын Банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын Банкны Холбоо нь жил бүр бүх гишүүдийн төлөөллийг оролцуулан чуулганаа зохион байгуулж, тухайн жилийнхээ ололт амжилт, алдаа оноогоо дүгнэдэг уламжлалтай.

Энэ удаагийн чуулганаар сонгуулийн үйл ажиллагаа явагдсанаараа онцлог байлаа. Монголын Банкны Холбооны дүрэмд зааснаар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байдаг бөгөөд дахин 1 жилийн хугацаагаар сунгаж болдог. Уг журмын дагуу Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ононгийн Орхон нь 2015-2017 онд Монголын Банкны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд энэ жил бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, олонхийн саналаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Өлзийбаярын Ганзориг Монголын Банкны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дэд ерөнхийлөгчийн хувьд Монголын Банкны Холбоо нь 3 дэд ерөнхийлөгчтэй байдаг бөгөөд Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал Оригийн Банзрагч, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар ажиллаж байна. Өмнө нь МБХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Н.Цэрэндаваа нар ажиллаж байсан юм.

Монголын Банкны Холбооны удирдлагын багт хамтран ажиллаж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан 2015-2017 оны ерөнхийлөгч О.Орхон, дэд ерөнхийлөгч Д.Төмөрхүү, Н.Цэрэндаваа нарт болон шинээр сонгогдсон удирдлагууддаа нийт гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсье.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy