Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Зээлжих зэрэглэлийн нөлөө ба Монгол улсын эдийн засаг

1-Р Сар 14, 2016

Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал асуудал болжээ. Учир нь зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч 3 байгууллага нийт зах зээлийн 95%-г хамарч үйл ажиллагаагаа явуулж байна.

Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага эсвэл тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт тус тусад нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг байна.

Доор хөрөнгө оруулалтын зэрэглэл, түүний үзүүлэлтийг үзүүлэв.

AAA нь хамгийн сайн эрсдэл багатай гэсэн үнэлгээ бол D нь хамгийн их эрсдэлтэй, зээлээ эргэн төлөх чадваргүй гэсэн үнэлгээ юм. BBB, түүнээс дээш үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын зэрэглэл /investment grade/-тэй бол улс орон, байгууллагын гаргасан санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт орох магадлал өндөр болдог. Учир нь санхүүгийн байгууллагууд, даатгал болон тэтгэврийн сангууд BBB зэрэглэлээс дээш хэрэгсэлд хөрөнгө оруулалтаа эрсдэлийн түвшингээр нь ангилж автоматаар тархааж, хуваарилалт хийж байдаг юм. Тиймээс зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт ихээр хийгдэж улмаар эдийн засаг сайжрах, зээлийн хүү буурах нөхцөл бүрддэг байна

Зэрэглэл тогтооход нөлөөлдөг хүчин зүйл:

Зах зээлийн санхүүжилтийн зардалд нөлөөлөгч зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг. Тухайлбал, S&P агентлагаас улс орон болон компанийн үнэлгээний үзүүлэлтийг хэрхэн авч үздэг аргачлалын жишээг доор үзүүлэв.

Аливаа улс орны зээлжих зэрэглэлийг тогтооход дээрх 5 чиглэлийг чухалчилж үздэг бол санхүүгийн байгууллагуудад 4 үндсэн чиглэлээр хэд хэдэн асуудлыг хөндөн, үнэлгээ хийж эрсдэлийг тодорхойлдог байна. Бусад 2 үнэлгээний байгууллага мөн ижил төстэй аргачлалаар тооцдог тул тухайн улс орон, санхүүгийн байгууллагууд тухай бүр өөрийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад анхаарах хэрэгтэй юм.

Монгол Улсын зээлжих зэрэглэл

Эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, өрийн хэмжээ өсч байгаагаас шалтгаалан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг S&P агентлаг 2015 оны 11 дүгээр сард “B+” зэрэглэлээс бууруулж “B”, Moody’s B2, Fitch “B” гэж тус тус үнэллээ. Ийнхүү зээлжих зэрэглэлийг бууруулан үнэлэх болсон гол шалтгааныг манай улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй, зах зээл савалгаатай байгаатай холбоотой гэж дүгнэж байна.

Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш байгаа нь эдийн засагт санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болж байна. Энд төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайнгүйгээс албан ёсны статистик тоон мэдээ, мэдээлэл дутуу хүргэгддэг асуудал мөн нөлөөлж байх магадлалтай.

Одоогоор Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны 5 банк тус тус олон улсын байгууллагуудаар зээлжих зэрэглэлээ тогтоолгож байгаа бөгөөд улсын зэрэглэлтэй адил буюу эрсдэлтэй гэсэн хэсэгт орж, үүнээс улбаалан олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт босгоход хүүгийн зардал өндөр тогтож байна.

Эх сурвалж: S&P, Moody's, Fitch

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Чингис бонд” гаргаж байх үедээ BB зэрэглэлтэйгээр 5.75 хувийн хүүтэй эх үүсвэр татаж чадсан хэдий ч зээлжих зэрэглэл буурч байгаатай холбоотойгоор дээрх 10 жилийн хугацаат бондын хүү одоо ойролцоогоор 8 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь санхүүжилтийн зардлыг ойролцоогоор 50 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлж байгаа юм.

Дэлхийн зах зээлд дунджаар зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна. Тиймээс манай улс нэгдсэн бодлогын хүрээнд анхаарал хандуулж өөрийн улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж “investment grade”-ийг BBB түвшинд хүргэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэх, үүнийг дагаж санхүүжилтийн зардал буурах, эдийн засгийн дархлаа сайжрах зэрэг ихээхэн эерэг үр дүнг бий болгоно.

Дүгнэлт

Дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож буй Монгол Улсын хувьд өөрийн эдийн засгийг тогтвортойгоор хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл чухал асуудал юм. Гэвч манай улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтын зэрэглэл “эрсдэлтэй” ангилалд багтаж, зээлжих чадвар сул байгаагаас хөрөнгө оруулалтын зардал өндөр дүнтэй тогтож байна. Тиймээс урт хугацаанд уялдаа холбоотойгоор эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, ганц тулгуурт байгалийн баялагт түшиглэсэн системийг өөрчлөх, санхүүгийн зах зээлийн бусад салбаруудыг зэрэгцүүлэн хөгжүүлснээр зээлжих зэрэглэл сайжирч хөрөнгө оруулагчдад таатай бүс нутаг болж чадах юм.

Twitter