Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Капитал банк

8-Р Сар 16, 2014


1990 онд Монгол орон чөлөөт эдийн засаг, эрх чөлөө, тэгш эрхийн төлөө эрслэн босч, дэлхийн ардчилсан орнуудтай эн зэрэгцэн алхах замаа сонгож байлаа. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж байсан тэр үед банк чөлөөт зах зээлийг дэмжих, оролцох, үүнд зохицох хэрэгтэй болсон гэж үзээд “Банкны тухай хууль” –ийг боловсруулж, Улсын бага хурлаар батлуулсан бөгөөд 1990.09.15-нд арилжааны банкны анхны зөвшөөрлийг тухайн үеийн “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” буюу одоогийн Капитал банк авч, олон улсын 2 шатлалт банкны тогтолцоо Монгол Улсад бий болсон түүхтэй.

Төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн 16 үйлдвэр, аж ахуйн байгууллага хөрөнгө оруулж, “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк”-ийг байгуулсан бөгөөд үүсгэн байгуулагч, анхны гүйцэтгэх захирал нь Г.Янсанжав байв.

Тус банк 1998 онд “Шинэчлэл” банк хэмээн нэрээ өөрчилж байсан ба 2003 оноос өнөөг хүртэл “Капитал” банк нэртэйгээр Гүйцэтгэх захирал А.Ариунболдын удирдлага дор дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай, анхны арилжааны банк болон тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Цахим банк байх зорилгын хүрээнд Интернэт банк, Смарт банк, Мобайл банк, Тусч мэдээ-мессеж банк зэрэг цахим банкны иж бүрэн үйлчилгээг үзүүлж байгаа ба 2017 онд арилжааны банкуудаас анх удаа Цахим үйлчилгээ болон АТМ-ын шимтгэлийг бүтэн жилийн хугацаанд 0₮ болгох “Бэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь банкны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг олон нийт хэрэглэж хэвших, эдийн засгийн зардлыг бууруулахад чиглэсэн томоохон алхам болсон билээ.

Монгол орон даяар байрлах 52 салбар нэгжээрээ дамжуулан, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн банкны бүх төрлийн 80 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээс гадна төрийн үйлчилгээг харилцагчдад хүргэх тэтгэвэр, нийгмийн халамжийн мөнгө олгох үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

Картын бие даасан системтэй Капитал банк олон улсын “Compass Plus” байгууллагаас картын системийг “нэн богино хугацаанд амжилттай нэвтрүүлж” чадсан тул “ITTUG 2016” цом, сертификатаар шагнан урамшуулагдаж байсан бөгөөд Олон улсын Виза интернэйшнл, ЮнионПэй интэрнэйшнл байгууллагуудтай хамтран карт гаргасан анхдагч банкуудын нэг юм.

Гадаад төлбөр тооцоо, гуйвуулгын үйлчилгээг найдвартай үзүүлж, олон улсад нэр хүнд бүхий гадаадын 11 банктай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулдаг “ТОП 100” аж ахуй нэгжээр удаа дараа шалгарч байсан төдийгүй олон улсын “Capital Finance International”, “International banker” сэтгүүлүүдээс Шилдэг арилжааны банк шагналыг хүртэж байлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, байгаль экологи, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн сайн үйлсийн арга хэмжээг түлхүү зохион байгуулж оролцдог бөгөөд 2017 оноос эхлэн банкны харилцагчдынхаа сэтгэл оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатартай хамтран зохион “Урмын бэлэг” үнэ төлбөргүй лекцийг жил бүр хийснээс гадна хүмүүст ухаарал, урам өгсөн, нийгэмд эерэг хандлагыг бий болгох цуврал видеог сошиал орчинд хүргэсэн нь цагаа үеэ мэдэрсэн шинэлэг ажил болж, харилцагчдын талархлыг хүлээгээд байна.

Капитал банк нь Монгол улсын хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, зөвхөн хуулийн хүрээнд ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар харилцагчийн эрх ашгийг өндөрт өргөн ажиллаж байна.