6-Р Сар 14, 2013

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал

I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2013 оны эхний 5 сард 32208 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 2297 эх буюу 7.7 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 32365 болж, 2301 хүүхэд буюу 7.7 хувиар өслөө.
Улсын хэмжээнд 2013 оны эхний 5 сард нялхсын эндэгдэл 492 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд, 1-5 хүртэлх насандаа 113 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 14 хүүхэд буюу 14.1 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 5 дугаар сарын эцэст 40.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.6 мян.хүн буюу 30.3 хувиар буурчээ. Нийгмийн даатгалд 2013 оны эхний 5 сард 605.4 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 394.6 мянга буюу 65.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 210.8 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 50.4 мянга буюу 9.1 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 36.7 мянга буюу 10.2 хувь, төсөвт байгууллагынх 13.7 мянга буюу 7.0 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний 5 сард 64.2 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.4 мян.хүн буюу 19.2 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 14.0 тэрбум төг буюу 73.4 хувиар нэмэгджээ...
"Хүний хөгжил" сангаас 2013 оны эхний 5 сард 18 хүртэлх насны 908.4 мянган хүүхдэд 91.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд, 4.6 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.2 тэрбум төгрөгийг 1.0 сая төгрөгийн хишиг хувьд зориулан олгожээ.
Халдварт өвчнөөр 2013 оны эхний 5 сард 18547 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 1518 хүн буюу 7.6 хувиар буурлаа.
Улсын хэмжээнд 2013 оны эхний 5 сарын байдлаар 10803 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1190 хэргээр буюу 12.4 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (781), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (410) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас 2013 оны эхний 5 сард 3687 хүн гэмтэж, 481 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 148 буюу 4.2 хувиар өсч, нас барсан хүний тоо 25 буюу 5.5 хувиар нэмэгдсэн байна.

II. Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувь, оны эхнээс 5.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 2.4 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 5 дугаар сарын эцэст 7908.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 711.4 тэрбум төг буюу 9.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1179.3 тэрбум төг буюу 17.5 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 5 дугаар сарын эцэст 831.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 71.2 тэрбум төг буюу 9.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 48.1 тэрбум төг буюу 6.1 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 5 дугаар сарын эцэст 8226.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 462.4 тэрбум төг буюу 6.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2105.2 тэрбум төг буюу 34.4 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 5 дугаар сарын эцэст 146.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 35.5 тэрбум төг буюу 32.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 86.3 тэрбум төг буюу 2.4 дахин өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 5 дугаар сарын эцэст 318.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 7.5 тэрбум төг буюу 2.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум төг буюу 0.7 хувиар өссөн байна.
Үнэт цаасны арилжаагаар 2013 оны эхний 5 сард 11.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 20.2 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс үнэт цаасны гүйлгээ 7,4 тэрбум төг буюу 39,4 хувь, арилжагдсан үнэт цаасны тоо 22,0 сая ш буюу 52,1 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний 5 сард 2011.4 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1872.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 139.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Нэгдсэн төсвийн урсгал орлого 2011.2 тэрбум төг, урсгал зардал 1695.3 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 315.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 164.6 тэрбум төг буюу 10.1 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 66.9 тэрбум төг буюу 22.7 хувь, гадаад худалдааны татварын орлого 6.4 тэрбум төг буюу 4.9 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 87.6 тэрбум төг буюу 14.5 хувь, орлогын албан татварын орлого 82.6 тэрбум төг буюу 24.0 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 62.5 тэрбум төг буюу 25.4 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 32.4 тэрбум төг 17.5 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 14.0 тэрбум төг буюу 78.6 хувь, бусад нэр заагдаагүй орлого 5.6 тэрбум төг буюу 22.7 хувиар буурсан хэдий ч газрын тосны орлого 30.3 тэрбум төг буюу 2.3 дахин, төсөвт газрын өөрийн орлого 12.5 тэрбум төг буюу 15.4 хувь, хүү, торгуулийн орлого 7.1 тэрбум төг буюу 36.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсөвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2013 оны эхний 5 сард 1872.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 352.4 тэрбум төг буюу 15.8 хувиар буурахад бараа, үйлчилгээний зардал 148.9 тэрбум төг буюу 20.5 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 7.7 тэрбум төг буюу 20.8 хувиар өссөн хэдий ч татаас ба шилжүүлгийн зардал 243.5 тэрбум төг буюу 23.9 хувь, хөрөнгийн зардал 230.1 тэрбум төг буюу 57.0 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 35.3 тэрбум төг буюу 91.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Монгол Улс 2013 оны эхний 5 сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4111.3 сая ам.долл, үүнээс экспорт 1643.3 сая ам.долл, импорт 2468.1 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 5 сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 124.3 сая ам.долл буюу 13.1 хувиар буурчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 235.7 сая ам.долл буюу 5.4 хувь, үүний дотор импортын хэмжээ 180.0 сая ам.долл буюу 6.8 хувь, экспортын хэмжээ 55.7 сая ам.долл буюу 3.3 хувиар буурчээ.
Экспортын 97.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Том малын зүй бус хорогдол 2013 оны эхний 5 сард улсын хэмжээнд 454.8 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 216.4 мян.толгой буюу 90.8 хувиар өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 22.2 мянга, үхэр 49.4 мянга, тэмээ 0.6 мянга, хонь 180.8 мянга, ямаа 201.8 мянга байна.
Улсын хэмжээнд 2013 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 331.5 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 276.2 мян.га-д, төмс 11.2 мян.га-д, хүнсний ногоо 4.9 мян.га-д, тэжээлийн ургамал 5.3 мян.га-д, техникийн ургамал 33.8 мян.га-д тариалсан байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний 5 сард 872.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.4 тэрбум төг буюу 1.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, газрын тос зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 26.2 хувиас 2.0 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ган төмөр хийц, шингэн сүү, талх, жүүс, металл цувимал, амтат ус, ундаа, хиаман төрлийн бүтээгдэхүүн, нарийн боов, самнасан ноолуур, вакум цонх хаалга, хэвлэмэл хуванцар карт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4 хувиас 6.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2013 оны эхний 5 сард 8213.7 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 1534.6 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 173.4 мян.т буюу 2.1 хувь, зорчигчдын тоо 65.2 мян.хүн буюу 4.1 хувиар буурчээ. Агаарын тээврээр 2013 оны эхний 5 сард 1494.2 т ачаа тээж, давхардсан тоогоор 274.4 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 10.5 т буюу 0.7 хувиар, зорчигчдын тоо 18.0 мян.хүн буюу 7.0 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 5 сард 75.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 тэрбум төг буюу 8.3 хувиар өслөө.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2013 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Дадал суманд орж 86.7 мм-т хүрчээ. Энэ оны 5 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд хамгийн их температур 35.5 хэм, Дорнод аймгийн Баян-Уул суманд хамгийн бага температур -15.0 хэм байлаа. Салхины хурд Дорноговь аймгийн Сайншанд суманд 31 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 30 удаа, 13-р хороолол орчимд 29 удаа, 32-ын тойрог, Хархорин захын орчимд тус бүр 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Хархорин захын орчимд 3 удаа, 32-ын тойрог орчимд 2 удаа, 13-р хороолол, Баруун дөрвөн зам, 1-р хороолол орчимд тус бүр 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 23 удаа, 32-ын тойрог, Хархорин захын орчимд тус бүр 22 удаа, 13-р хороолол орчимд 18 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 7 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
Аюулт үзэгдэл, осол 2013 оны эхний 5 сард 2238 удаа гарсны улмаас 57 хүн амь насаа алдаж, 232.1 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 5 сард объектын түймэр 1987 удаа, ой, хээрийн түймэр 114 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 40 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 26 удаа, хүчтэй салхи шуурга 14 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 12 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 11 удаа, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 9 удаа, бичил уурхайн нурангины осол 7 удаа, үхрийн хорт салст халуурал өвчин 5 удаа, тэсэрч дэлбэрэх бодисын осол, сум галт хэрэгслийн осол тус бүр 3 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, боом, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 6.4 тэрбум төг, ой, хээрийн түймэрт 3.0 тэрбум төг, хүчтэй салхи шуурганд 542.1 сая төг, мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.5 сая төг, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын ослоор тус бүр 3.2 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна.

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Статистикийн Газар www.nso.mn