Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

М.Болд: Эдийн засаг хямраагүй ч хямралын шинж тэмдгүүд байна.

5-Р Сар 07, 2014

-Монгол төгрөг зохиомол ханшнаасаа гарч, хөрсөн дээрээ буулаа-

Валютын ханшны огцом өсөлтөөр илэрсэн эдийн засгийн хүндрэлүүд өдөр ирэх тутам улам тод анзаарагдах боллоо. Төрийн ордонд “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийг батлах уу үгүй юу гэсээр хоёр долоо хонож байна. Харин иргэд гарц хүлээсээр. Иймд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал  М.Болдтой ярилцлаа.

-Бид үнэхээр хямралтай нүүр тулсан уу эсвэл эдийн засгийн хүндрэл үү? Эрх баригч АН-ынхан  түр зуурын хүндрэл мэтээр тайлбарлаж, харин сөрөг хүчин гүн хямралд орлоо гэж анхааруулж байна. Гэтэл эдийн засгийн өргөн мэдлэггүй иргэд  хэнд нь итгэхээ мэддэггүй.
-Эдийн засгийн өсөлт сүүлийн 2-3 улиралд дараалан сөрөг дүнтэй гарахад эдийн засгийн хямрал болж байна, уналтад орлоо гэж олон улсын жишигт үздэг. Харин манай эдийн засаг бүхэлдээ өсөлттэй байгаа. Бүх салбарын дунджийг аваад үзвэл шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд 11 хувийн өсөлттэй гарсан. Тэгэхээр техникийн хэлээр бол хямарсан гэж үзэх боломжгүй.

Гэхдээ зарим салбар, тухайлбал уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар уналттай байгаа. Нөгөө талаар хямарч болзошгүй шинж тэмдгүүд илэрч байгаа. Арга хэмжээ авахгүй бол хямарч болзошгүй л гэсэн үг. Тухайн салбар нийт эдийн засгийн еселттэй байгаа хэсгээс эсрэгээр уналттай байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, уул уурхай, банк санхүү гэх мэт олон салбар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгдийн нийлбэр дүн өсөлттэй байгаа. Ингэж авч үзэх нь илүү оновчтой.     

БНМАУ БАЙГУУЛАГДСАН ЦАГААС ХОЙШ ГАДААД ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ БАЙСААР Л БАЙСАН

-Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг ч янз бүрээр тайлбарлаж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд болон Монголбанкны удирдлага гадаад худалдааны он дараалсан алдагдал нэг гол шалтгаан мөн гэж тайлбарлаж байна. Та санал нийлэх үү?
-Эдийн засгийг төрөлжүүлье гэж ярьдаг. Ганцхан уул уурхайн салбараас хамаарах ёсгүй, бусад салбараа жигд хөгжүүлэх нь зүйтэй гэж их ярьдаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх, бодит ажил хийх нь чухал. Хөдөө аж ахуйн салбараа өөд нь татаж, хүчирхэг болгох, хүнс, мах, ногоо, үр тарианы дотоод эрэлтээ хангаад зогсохгүй, экспортлох шаардлагатай.  

Ингэж чадвал Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээгээр хүчтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулна гэж их ярьдаг. Гэтэл хэрэгжилтийн шатан дээр удаашралтай байна. Улс төрчид, шийдвэр гаргагчид, хувийн хэвшлийнхэн, нийгэм гээд бүгд энэ асуудлыг ойлгож байгаа. Гэвч хоорондоо уялдаа холбоо муутайгаас ажил удаан явж байна.

Гадаад худалдааны алдагдал үргэлж л байсан. БНМАУ байгуулагдсан цагаас буюу 1924 оноос хойш гэж хэлж болно. Энэ бол өнөөдрийн үзэгдэл биш. Төвлөрсөн төлөвлөгөөөт эдийн засагтай социалист Монгол улсад ч байсан. Алдагдлыг тухайн үеийн ЗХУ болон Зүүн Европийн социалист орнуудын тусламжаар хаадаг байсан. Зах зээлийн эдийн засагт орсноос хойш ч энэ алдагдал үргэлжилсээр байгаа.

Гол шалтгаан нь Монголын эдийн засаг экспортын чиглэлтэй биш, экспортлох бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хомс. Бид хэрэгцээний зүйлээ дандаа гаднаас авдаг. Өөрсдөө үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргах бүтээгдэхүүний нэр төрөл өчүүхэн. Тэгэхээр гадаад худалдаа бол архагшсан асуудал. Эндээс гарахын тулд төр засгийнхан хувийн хэвшилтэйгээ нийлээд, уялдаатай арга хэмжээ авах ёстой. Өөр хоорондоо саланги биш.      

Хавтгайрсан халамжийн хувьд бүгд л шүүмжилсэн. Улс төрчдийн шийдвэрээр л халамж олгосон. Ингэлээ гээд хөгжсөн юм байхгүй. Халамжийн мөнгө бүгд хоол хүнс болоод алга болсон. Оронд нь ажлын байр бий болгон, арван хүрз шороо зөөсөн хүнд халамж өгөх байлаа. Огт ажил хийгээгүй хүнд халамж өгөх нь туйлын буруу гэдэг нь ойлгомжтой.  

ГОМДОЛ ХЭЛЭХ, ШАЛТАГ ТООЧИХ ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ

-Гадаад орчны таагүй байдал буюу алт, зэс, нүүрсний үнэ унасан нь өнөөгийн байдалд авчирлаа гэж бас тайлбарлаж байна.
-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ байнга өөрчлөгддөг.

Үүнийг тооцоолох нь бидний үүрэг, хариуцлага. Энэ дээр гомдол хэлэх,  шалтаг тоочих ямар ч хэрэг байхгүй.

Гадаад орчин биднээс үл хамаарна. Тогтворгүй байхыг нь байнга тооцон төлөвлөж, бодлогоо тохирууан, урьдчилсан арга хэмжээ авах ёстой.

-Тэгэхээр хариуцлагагүй ажиллажээ гэж та дүгнэж байна уу?   
-Тийм. Монголын эдийн засгийн чадавхи нэн дорой байгаа болохоор дотоодын үйлдвэр, үйлчилгээг л хөгжүүлэх ёстой. Энэ бол нэг номерийн асуудал. Дандаа гаднаас гуйлга гуйж, гаднаас бараа худалдан авч, байгаа жоохон мөнгөө үрэн таран хийж ирсэн. Эндээс гарахын тулд наад зах нь дотоодод үйлдвэрлэж болох гутал, хувцас, хүнс, ногоогоо өөрсдөө үйлдвэрлэж чаддаг байх ёстой. Дандаа л бэлэнчилдэг. Энэ их газар нутагтай атлаа хүнсээ өөрсдөө бэлдэж чадахгүй байна. Их боломж байна шүү дээ. Ойлгомжтойгоос ойлгомжтой байхад үүнийг шийдэж чадахгүй байна. Ийм байж том юм ярих хэрэггүй.

-Энэ оны эхний улиралд гадаад худалдааны алдагдал буурлаа. Цаашид энэ байдал тогтвортой үргэлжлэх ёстой. Гэхдээ чадах болов уу гэдэг эргэлзээ байна. Та хэр найдвар тавьж байна?
-Валютын ханшны чангарал гадаад худалдааны алдагдлыг бууруулан, үндсэнд нь зогсоож чадлаа. Ийм хатуу арга хэмжээ байхаас өөр аргагүй. Төгрөгийн ханшны сулрал бодит байдлыг харууллаа. Өөрөөр хэлбэл монгол төгрөг зохиомол ханшнаасаа гарч, хөрсөн дээрээ буулаа. Үүний үр дүнд л гадаад худалдааны алдагдал бараг тэгтэй тэнцлээ. Эмчилгээний жор л юм л даа. Гадаад худалдаа алдагдалтай байгаа нөхцөлд төгрөгийн ханшны сулралаар дамжуулж, алдагдлыг тэгтэй тэнцүүлж байгаа арга хэмжээ юм.           

ТӨГРӨГИЙН ХАНШ ОГЦОМ ХӨДӨЛЖ БАЙГАА НЬ БИДНИЙ МУУГИЙНХ

-Өөр арга байгаагүй юм уу?
-Өөр арга байхгүй. Төгрөгийн ханшийг хүчээр бариад л байвал гадаад худалдааны алдагдал байсаар байна. Мөн валютын нөөц шавхагдана. Энэ тохиолдолд эдийн засаг хямардгаараа хямарна. Хямралааас урьдчилан сэргийлэх зорилгоор байгаа байдлыг хөрсөн дээр нь буулгахаас өөр замгүй. Төгрөгийг зохиомлоор хамгаалах нь улам аюултай.

-Одоогоор төгрөг 20 хувиар унаад байна. Цаашид уналт үргэлжилвэл бас л аюултай биз дээ?
-Онцгүй үзэгдэл. Гэхдээ бид хэчнээн гоё сайхан юм мөрөөдөөд экспортод гаргах бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж чадахгүй бол байдал хүндрэх нь ойлгомжтой. Зүгээр мөрөөдөөд суугаад байх нь утга учиргүй. Төгрөгийн ханшны сулрал бол байгаа байдлыг л толинд тусган харууллаа. Бидний аж ахуйгаа авч яваа, эдийн засгаа авч яваа, бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байгаа байдлыг харууллаа. Төгрөгийн ханш огцом хөдөлж байгаа нь бидний муугийнх. Өөр хэний ч буруу биш.       

-ЗГ Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулан, батлуулах шатандаа байна. Та энэ хөтөлбөртэй танилцав уу? Ямар санагдав? 100 хоногт сэргээнэ гэхээр олон хүнд итгэл үнэмшил төрөхгүй байна.
-Төлөвлөгөө, тогтоол, шийдвэр гарч болно. Гэхдээ ахиад хэлэхэд хэрэгжүүлэх нь чухал. Түүнээс 100 хоногт уу нэг өдөрт үү гэдэг нь дараагийн асуудал. Цаасыг бол бид хэдэн мянган хуудсаар нь үйлдвэрлэж байгаа. Үр дүн л чухал.    

-2008 оны хямралын үеэр манай хоёр банк дамдуурсан. Энэ удаад ч өмнөх алдаа давтагдах вий гэсэн болгоомжлол байна. Дампуурсан  банкууд уул уурхай, барилгын салбарт хэт их хэмжээний зээл олгосон нь банкийг ганц салбараас хараат болгосон гэж тайлбарласан. Одоо банкуудын байдал ямар байгаа вэ? Бид өмнөх алдаанаасаа хэр суралцсан бэ? Монголбанк нэг салбарт олгох зээлийн хэмжээг хатуу заасан дүрэм журам батлаагүй. Ингэх ч боломжгүй, тухайлсан шаардлагаа тавьж байгаа гэдэг. 
-2008-2009 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас хэн хамгийн сайн сургамж авсан бэ гэвэл хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшил эдийн засгийн гол хөдөлгүүр болдгийн хувьд, ашгийн төлөө байгууллагын хувьд эрсдэл гэж юу болох, үүнээс гарах хор уршиг нь юу байж болох, цаашид эрсдэлээ яаж удирдахыг хамгийн сайн мэддэг. Яагаад гэвэл амин чухал сонирхолд нь нийцэж байна. Алдагдал хүлээхгүй байх, зардлаа нэмэхгүй байх зорилготой шүү дээ.

Тийм учраас хямралын дараа ямар нэг дохиог хамгийн түрүүнд тусгаж, дараа дараагийн төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ илүү ухаалаг болж, гарч ирдэг. Банкууд, ААН-үүд өнөөдөр ханшны хэлбэлзлийн цохилтод ахиад өртлөө. Саяхны хямралаас сургамж авсан болохоор энэ удаагийн хямралыг цоо шинэ гэж үзэхгүй байна. Өмнө нь нэг биш удаа ийм хямралтай нүүр тулж байсан.

Доллараар зээл авсан, доллараар бизнес хийдэг газруудад мэдээж алдагдал учруулж байна. Гэхдээ энэ хүндрэлийг давж гарна гэж найдаж байна. Үргэлж ханшны хэлбэлзэлтэй байхгүй. Ханш тогтворжих  ёстой. Үүний тулд ахин хэлэхэд экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг л олшруулах шаардлагатай.           

АРИЛЖААНЫ БАНК ХАДНЫ МАНГАА БИШ

-Саяхан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал мэдээлэл өгсөн. Эдийн засгийн хөгжлийн яамнаас шигшиж үлдээсэн 888 төслийн санхүүжитийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно гэсэн. Гэтэл үүнд эгдүүцэх иргэд байна. Учир нь арилжааны банкууд зээл хүсэгчдэд  өндөр шаардлага тавьдаг, барьцаа хөрөнгө нэхдэг гэж байна.

Нөгөө талаас нь харвал банк бүр эрсдлийн удирдлагын газартай болсон, энэ талын туршлагатай. Би хувьдаа арилжааны банкууд импорт орлож, экспорт өсгөх төслүүдийг шалгаруулахад ЭЗХЯ-ны мэргэжилтнүүдээс илүү мэргэжлийн түвшинд ажиллана гэж харж байна.
-Арилжааны банкуудад байгаа хөрөнгө бол хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө шүү дээ. Банкны хувь нийлүүлэгчид тухайн банкны нийт хөрөнгөний 10-аас доош хувийг л гаргадаг. Үлдсэн 90-ээд хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө болон гадаад дотоод байгууллагууд, ЗГ-аас авсан зээл юм.

Энэ эх үүсвэрүүдийг банкууд эргэж төлөх нөхцөлтэй зээлүүлдэг. Тэгэхээр найдвартай төсөл, зээлдэгчид зээлээ өгнө. Өөр ямар ч арга байхгүй. Олон мянган хүний мөнгийг авчихаад хариуцлагагүй зээл өгч болохгүй. Үүнийг мэдэхгүй хүмүүс арилжааны банкийг хадны мангаа шиг боддог.

Гэтэл бидний үр хүүхэд ч данстай болсон. Тэр хадгаламжийг хамгаалж, үрэн таран хийхгүйн тулд хатуу шалгуураар оруулж, зээлүүлдэг, ийм л байгууллага. Монголд ч, гадаадад ч ийм л байдаг. Зээлийн өөр эх үүсвэр нь хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах замаар явдаг. Монголд мөнгө байхгүй учраас хөгжихгүй байна. Хувьцаа худалдаж авдаг хүн алга.

-888 төсөл бол үйлдвэрлэлд дэм өгөх гэсэн оролдлого. Ямартаа ч юм хийх гээд оролдож л байна.
-Эдийн засгийг дэмжих гэсэн оролдлого мөн. Гэхдээ эцсийн шалгуурыг мэргэжлийн байгууллага гаргана. Тухайн төсөл үр ашигтай эсэхийг тогтоодог цөөн байгуулагын нэг нь арилжааны болон хөрөнгө оруулалтын банк.

Тэнд мэргэжилтнүүд нь тооцоо, дүн шинжилгээг нь хийгээд, ашигтай, ашиггүйг нь тогтоодог. Ингэж байж өгсөн зээл эргэж төлөгдөх баталгаа өснө. Яам тамгын газар үр ашигтай эсэх тооцоо хийдэг газар биш.

-Монголбанкны ахлах эдийн засагч С.Болд энэ онд 24-30 мянган хүн ажлын байраа алдаж болзошгүй, мөн манай эдийн засгийн өсөлт хоёр орон тооноос бага буюу 8-9 хувь байна гэж тооцоолсон байналээ. 2008-2009 оны хямралаар бид 180 000 ажлын байраа алдаж байсантай харьцуулвал 30 мянга бол бага тоо гэж хувь хүнийхээ байр суурийг илэрхийлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ер нь ханатай тоо байна.

-Үнэхээр 8 хувиар өслөө гэхэд өнгөрсөн оны бодит өсөлт 3 пунктаар буурна. Дараа жил нь буцаад хоёр оронтой тоогоор өслөө гэж бодъё. Эдийн засгийн өсөлт хэдий өндөр ч ийм савлагаатай байснаас тогтвортой байх нь илүү чухал биш үү? Энэ тоо заавал хоёр оронтой байх нь чухал юм уу? Бид тоо хөөцөлдөөд чанар орхигдуулаагүй байгаа?
-Аль аль нь л чухал. Өндөр өсөлттэй байя гэдэг нь Монголчууд ахуй амьдралаа богино хугацаанд сайжруулъя л гэсний илэрхийлэл. Одоо ядуу байна. Наад захын амьдралаа тэтгээд аваад явчихдаг аж ахуйтай болох юмсан, өөрөө өөрсдийнхөө хөл дээр зогсох юмсан гэсэн мөрөөдлийн л илэрхийлэл. Хүрэх газраа хурдан очъё л гэсэн үг.

ЭДИЙН ЗАСАГ САВЛААД БАЙЛГҮЙ, ТОГТВОРТОЙ ӨСӨХ НЬ БАС ЧУХАЛ

-Гэхдээ манайд эдийн засгийн өсөлтөө дагаад инфляци дагаад л өсчихдөг. Үүнийг хөгжиж байгаа орны эдийн засагт байдаг л үзэгдэл гэдэг.
-Бодит өсөлтийн тухай буюу инфляциас цэвэршүүлсэн өсөлтийн тухай ярьж байна л даа. Өнгөрсөн оны 11 хувийн өсөлт бол бодит өсөлт. Инфляци тооцвол 20-иод хувьтай өсөлт гарсан. Тэгэхээр хоёр оронтой тоогоор өсье гэдэг нь ядуурлаас хурдан гарах юмсан л гэсэн санаа. Савлаад байлгүй, тогтвортой өсөх нь бас чухал. Тогтвортой атлаа өндөр өсөлттэй байна гэвэл төгс төгөлдөр ертөнцийг л мөрөөдөж байна гэсэн үг. Амьдрал ийм биш, дэгэн догон байдаг. Гэхдээ энэ мөрөөдөл рүү тэмүүлэх нь зөв. Хэр амжилт олох нь дараагийн асуудал.     

-Нүүрсний салбар уналтад орсон болохоор одоо хөдөө аж ахуйн салбартаа горьдлого тээж байна. Монголбанк Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн асуудлаар тусгай хурал зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм билээ. Энэ салбар өнөөгийн нөхцөлд манай эдийн засгийг өөд нь татаж чадах уу?
-Энэ салбар л биднийг олон мянган жил авч явлаа. Монголчууд өлсөж үзээгүй. Ач тус нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар шүү дээ. Энэ салбар илүү өндөр түвшинд гарах ёстой. Зөвхөн түүхий эд борлуулалгүй, ноос, ноолуур, арьс ширээ боловсруулчихдаг байх ёстой.

Гутал хувцсаа хийгээд өмсдөг, илүүдлийг нь гадаадад нийлүүлдэг болмоор байгаа юм. Үр тариа, ногоогоо 100 хувь хангаад байж чадах асар их нөөц бий. Уул уурхайгаас дутахгүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нөхөн сэргээгддэг, төлждөг. Уул уурхайн баялаг бол сэргээгддэггүй.

-Арилжааны банкууд энэ салбарт тусгайлсан бодлого явуулж, дэмждэг үү?
-Байгаа. Гэхдээ шаардлага хангахуйц хэмжээнд зээлийн эх үүсвэргүй байна. Зээлийн хүү өндөр, хугацаа богино, хэмжээ бага байна. Ийм дутагдал бий. Энэ нь эргээд бидний байгаа байдлыг л харуулж байна. Түүнээс банкуудын муугийнх биш. Манай хадгаламж өөрөө өндөр хүүтэй, богино хугацаатай. Тэрэндээ тохируулж л зээлээ өгч байна.           

-Эрх баригчид Польш өргөст хэмх, Турк чихэр, Герман жигнэмэгнээс татгалзахыг уриалж байна.  Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, гадаад бараанаас татгалз гэдэг мессежийг төрөл бүрээр түгээлээ. Эхний улиралд гадаад худалдааны алдагдал буурсныг шаардлагагүй хэрэгцээгээ танасных гэж тайлбарлаж байна.

Гэтэл худалдаа үйлчилгээний салбар мнай ДНБ-д нэлээн том байр суурь эзэлдэг. Хэрэглээгээ танаад л байвал бас л сөрөг уршигтай. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчид маань иргэдийн бүх эрэлтийг хангах нөөц боломж, чадвартай юу?
-Таны ярьж байгаа үзэгдлийн аль аль нь байгаа. Өөрсдөө үйлдвэрлэж чадах бараагаа гаднаас оруулмааргүй байгаа юм. Энэ чинь валютын эх үүсвэр байхгүй болж байна л гэсэн үг. Импорт ингэж хязгаарлагдаж байгаа нөхцөлд дотоодын үйлдвэрлэгчид сэргэх боломжтой. Тэгвэл ажлын байр нэмэгдэнэ.

Цалин нь Монголдоо үлдэнэ. Тэр цалингаар дотоодын бүтээгдэхүүн худалдаж аван, Монголдоо зарцуулна. Үүнд төгрөгийн ханшны сулрал цохилт өглөө. Төгрөг суларснаар гаднаас хүнс авах нь үнэтэй болж, импортод хязгаар тавьлаа. Ингэхээр дотоодод үйлдвэрлэх бололцоо гарна.

-Тэгвэл энэ боломжийг алдалгүй ашиглах ёстой юм байна. 
-Яг тийм.      

САЛБАРЫН НИЙТ ХӨРӨНГИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ СИСТЕМД НӨЛӨӨ БҮХИЙ 6 БАНКИНД ТӨВЛӨРСӨН

-Системд нөлөө бүхий банкуудын тоо 6 боллоо. 13 банкнааас 6 нь системд нөлөө бүхий банк гээд харахаар энэ салбар эрүүл өрсөлдөөнтэй гэж үзэж болох уу?
-Хамгийн их өрсөлдөөнтэй, төрийн оролцоо багатай салбар банкны салбар байгаа. Хөндлөнгийн оролцоо багатай. Түрүүн уул уурхайн салбарт олгох зээлийг хязгаарлаж болох уу гэж асууж байсан даа. Салбараар нь хязгаарлаж болохгүй. Банкууд өөрсдөө зах зээлийнхээ нөхцөл байдалд зохицуулан, хязгаарлалт хийдэг. Дээрээс, хөндлөнгийн байгууллага хийвэл туйлын буруу зүйл болно.

Бизнес хийж байгаа байгууллага өөрөө өөрийгөө хязгаарлах нь зах зээлийн зарчимд нийцнэ. Зургаан банк системд нөлөө бүхий банк болсон нь эдгээр банкуудад хөрөнгө төвлөрсөн гэсэн үг. Нийт салбарын 90 гаруй хувь нь төвлөрсөн. Шалгарлаараа харилцагчид эдгээр банкийг сонгож байна гэсэн үг.

-Нийт салбарынх нь хувьд харвал ахиц дэвшил гэж харж болох уу?
-Банкны тоо чухал биш. Гол нь найдвартай, хүртээмжтэй үйл ажиллагаа, чанар нь чухал. Эрэлт хэрэгцээнд нийцэж чадаж байна уу гэдгээр банкийг үнэлнэ.

-Системийн эрсдэл гэх нэр томьёо бий болжээ. Өмнө нь санхүүгийн байгууллагууд дээрээ л анхаардаг байсан бол одоо системээ бүхэлд нь харахыг чухалчилдаг болж. Гэтэл манайд тоон мэдээлэл хүрэлцээгүй байдгаас системийн эрсдлээ үнэлэх боломжгүй гэж эдийн засагчид анхааруулж байна. АНУ гэхэд 1934-2014 оныг хүртэлх бүх тоон мэдээлэл нь хадгалаастай байдаг юм байна.
-Манай хамгийн гол тоон мэдээллийг бүртгэн боловсруулдаг, түгээдэг газар нь УИХ-ын дэргэдэх Статистикийн Үндэсний хороо. Судалгааны жижиг хүрээлэнгүүд бий. Мөн их сургуулиудын дэргэд судалгааны төвүүд ажилладаг. Арилжааны банкууд бол эдийн засгийн гүн судалгаа хийдэггүй. Гэхдээ байгаа судалгааг ашигладаг. Өөрсдийнхөө хэмжээнд хязгаарлагдмал судалгаа явуулдаг.

Статистикийн Үндэсний хорооны үйл ажиллагаа ил тод байх ёстой. Мөн дарга сайд нарын ширээн дээр л тоон мэдээлэл, баримтууд байдаг. Гэтэл олон нийттэй хуваалцдаггүй. Нийтэд хүртээлтэй болгох ёстой. Энэ ажлыг системтэй хийж заншвал тоон мэдээллийн чанар сайжирна.

-Системийн эрсдэл рүүгээ эргээд орвол манай банкууд эрсдэлээ хэр тооцоолдог вэ?
-Сая валютын ханш савласан нь системийн эрсдэл. Инфляци хэт өндөр бол системийн эрсдэл болно. Том хэмжээний банкны үйл ажиллагаа доголдвол мөн л системийн эрсдэл. Тухайн салбарт донсолгоо үүсгэж болзошгүй ямар нэг үзэгдлийг системийн эрсдэл гэж байгаа юм. Уул уурхайн түүхий эдийн үнэ унахад системийн эрсдэл үүслээ. Гадаад дотоодын гэрээ хэлэлцээ зогсоход мөн энэ эрсдэл үүсч байна. Эдийн засаг тэр аяараа донсолж байна гэсэн үг.

Ингэж донслуулж чадаж байгаа тэр үзэгдлийг системийн эрсдэл гэж ойлгоно. Үүнийг аль болох урьдчилж харах, үүсч болзошгүй алдагдал хохирлыг аль болох багасгахыг эрсдэлийг удирдах гэдэг. Системийн эрсдэлийг хамгийн түрүүнд урьдчилж харах боломжтой газар нь хувийн хэвшил. Учир нь тэд алдагдал хүлээхийг хүсдэггүй, ашгийн төлөө байгууллага учраас эрсдэл удирдах хамгийн их сонирхолтой. Энэ бол төрмөл сонирхол. Харин хүний юман дээр сууж байгаа бол эрсдэл олж харах сонирхол байдаггүй.

ҮНЭГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ

-Арилжааны банкуудын ашиг орлогын тайлангаас харахад карт ашигласны төлбөрөөс олсон орлого нь багагүй өссөн байсан. Иргэд дансны үлдэгдэл шалгах, бэлэн авахад төлбөр авч байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. ШӨХТГ-т ч хандсан байна лээ.
-Энэ бол үйлчилгээний хөлс. Банкууд картаар эсвэл дансаар үйлчилгээ үзүүлж байна гэдэг нь зардал гарч байгаа гэсэн үг. Үнэгүй юм гэж байхгүй. АТМ машиныг гаднаас өндөр үнээр худалдаж авна. Дараа нь ажиллуулахад цахилгаан хэрэглэнэ. Байрлуулах жижиг өрөөг засч тохижуулна.

Ард нь суугаад, тооцоо хийдэг нягтлан бодогчид ажиллуулна. Мөн цэнэглэгчийн ажлын хөлс өгөх болно. Мөнгө тээвэрлэх машин унаа, тос шатахууны зардал нэмэгдэнэ. Энэ бүхнийг нөхөхийн тулд үйлчилгээний хөлс авдаг. Зоогийн газарт хоол идэхэд мөнгө төлдөг биз дээ. Хөгжим сонсоход захиалгын үнэ төлдөгтэй адилхан. Үйлчилгээний зардал телж буй нэг хэлбэр шүү дээ.

-Холбогдох хуулиудад юу гэж заасан байдаг юм бэ? 
-Төлбөр тооцооны тухай хуульд банк үйлчилгээний нөхцлөө өөрөө тодорхойлно гэж заасан. Бүх зоогийн газар адилхан үнэ авдаггүй. Яг үүн шиг банкуудын үйлчилгээний хөлс өөр өөр байх нь зүйн хэрэг. Жижиг, том банк байна. Олон мянган ажилтантай банк байхад 50 ажилтантай банк ч байна. Найман нэрийн дэлгүүр, ТҮЦ, супермаркетийн үнэ бүр өөр байдаг биз дээ. 

-Валютын хэлбэлзлийн улмаас валютаар зээл авсан олон иргэн, ААН хүнд байдалд орсон. Үүнтэй холбогдоод Монголбанкнаас валютын орлогогүй иргэнд валютын зээл өгөхгүй гэсэн шинэ журам гаргах юм байна. Яагаад одоо энэ журмыг гаргаж байгаа юм бэ? Энгийн ухаанаар бодоход л долларын орлогогүй хүнд долларын зээл олгох нь өөрөө маш том эрсдэл биш үү? Нийт зээлийн 28 хувийг валютын зээл эзэлдэг юм байналээ. 
-Валютын зээлийг банк хүчээр өгөөгүй. Иргэн, ААН өөрөө сонгож авдаг. Долларын эх үүсвэр байна, доллараар л зээл өгөх боломж байна, төгрөг байхгүй гэх тохиолдол банкуудад бий. Банкуудын нөөц тэгж таардаг. Иргэн эсвэл компани хүсвэл долларын зээл авдаг.

-Журмын талаар таны бодол?
-Онолын хувьд байж болно. Гэхдээ эргээд иргэд, ААН-ийн хүслийг боомилж байна. Тэр хүн доллараар авах хүсэлтэй байж болно. Хүн сонголттой байх ёстой. Ханшны хэлбэлзэл үүсэх эрсдэлээ өөрөө ойлгоод, хариуцлагаа хүлээгээд авъя гэхэд нь боломжийг нь хааж болохгүй. Ахиад л төрийн зохицуулалт нэмэгдэх нь.

ЗЭЭЛДЭГЧИЙГ ХАМГААЛААД, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙГ ХОХИРООЖ БАЙНА

-МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргаж, Иргэний хуулийн 218.1 дэх заалтыг иш татсан. Долларын зээл авсан иргэн, ААН-ийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцон, зээлийг эргэн төлүүлнэ гэдэг заалт байдаг юм байна.
-Тэр бол их буруу мэдэгдэл. Зээлийн нөгөө талд хадгаламж бий. Иргэд тэр хадгаламжийг эзэмшдэг гэдгийг мартаж болохгүй. Тэр заалт их өрөөсгөл. Ерөнхий агуулгатай болохоор хүн бүр үзэмжээрээ, янз янзаар тайлбарлаж байна. Үүнийг ойлгомжтой болгох шаардлагатай.

Зээлдэгчийг хамгаалаад, хадгаламж эзэмшигчдийг хохироож байна. Банк зөвхөн дамжуулж зээлүүлдэг. Зээлийг бага ханшаар тооцож төлүүлэх бол хадгаламжийг бас бага ханшаар тооцож өгөх болно. Монголд 2.4 сая хадгаламж эзэмшигч бий. Тэр хүмүүс хохирох юм уу? Тэдний 30-40 хувь нь долларын хадгаламжтай. Бид дээрх заалтыг өөрчлөхийн тулд тодорхой алхмууд хийнэ. Манайхан банк гэхээр зээлдэгчийг л яриад, бурхан болгоод шүтээд байдаг.      

-Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар 8000 ААН үүдээ хаах гэж байна гэж анхааруулсан. Валютын зээл авсан болон уул уурхайн компаниуд дийлэнх нь юм байна. Эдгээр ААН-үүдийн дийлэнх нь арилжааны банкуудаас зээлтэй гэж үзвэл үйл ажиллагаа нь доголдсоноос зээлийн чанарт нөлөөлсөн зүйл байна уу?
-Зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Гэхдээ аюултай түвшинд хүрсэн зүйл алга. Доллараар зээл олгосон  банкууд ч алдагдалд орж байна. Бодит байдал ийм байхад бид эндээс илбээр гарахгүй. Экспортоо өсгөн, доллар олж ирж байж л эндээс гарна.

УЛС ТӨРД ХЭТ ИХ ТЭМЦЭЛ БАЙНА

-Төгсгөлд нь асуухад та ордонд өрнөж буй үйл явдлыг юу гэж дүгнэх вэ? Эдийн засаг хүнд байхад засгаараа оролдоод, сайд нараа огцруулах нь буруу гэж үзэж байна. Монголын нэр хүндийг унагаан, хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж зарим нь болгоомжилж байна л даа.
-Шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоо бага байгаагаас ийм байдалд хүрлээ. Хувийн хэвшил, төр засгийн уялдаа холбоо сул байна. Улс төрд хэт их тэмцэл байна. Тамын тогооны үлгэр үргэлжлээд л байна. Нэг нэгнээ татаж, аль нь ч дээш гардаггүй. Өөрсдөө л дүгнэлт хийх ёстой.

-Хөрөнгө оруулагчдын хандлага ямар байгаа вэ?
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Эргүүлэн олж авах хэцүү. Одоо ч эерэг хандлага алга. Их хүчин чармайлт, зардал, хугацаа шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.   

Мэдээллийн эх сурвалж: Б.Эрдэнэчимэг |GoGo.mn

Twitter