Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

НИЙГМИЙН ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ БА УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ “НОГООН БОЛГОХ” НЬ

5-Р Сар 02, 2017

Энэ удаагийн нийтлэлээр Монголын уул уурхайн салбарын хөгжил түүхэн үеүүдэд нийгмийн хандлага хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж ирсэн тухай болон энэ салбарыг ногоон салбар болгох гарцын талаар илүүтэй бичихээр зорилоо.

Түүхээ эргэн харахуй...

Түүхийн эх сурвалжуудад эрт цагт нүүдэлчин Монголчууд уулын онь газарт бух дарах аргаар ширэн тулам үлээлгэж төмөр хайлуулж байсан тухай дурдагдсан байдаг. Бүр цаашлаад үүнтэй холбоотой 5000 жилээр тоологдох археологийн баримт сэлт олддог байна.

Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордын орчмоос хүдэр олборлож, ширэм хайлж байсан гурван зуухны ул мөр олдсон нь Чингисийн их цэргийн зэр зэвсгийг үйлдвэрлэгч нь Монгол дархчуул байжээ гэдгийн томоохон нотолгоо юм.

XVI зууны сүүл үед ламын шашин Монголд амжилттай дэлгэрч Хархорум хотын туурин дээр Эрдэнэзуу хийд, хожим Ховд, Улиастай зэрэг лам нар, худалдаачид голлон суурин амьдрах болсон хот, хүрээ бий болсныг эс тооцвол хүн амын дийлэнх нь эрс тэс уур амьсгалтай төв Азийн өргөн уудам, тал хээр нутагт илүү зохицсон нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн, буйр сэлгэсээр үндсэндээ ХХ зуунтай золгов.

Европчуудаас өмнө газрын гүн дэх нүүрсийг хэрэглэж байсан Монголчууд Манжийн хавсарга улс болж гадаад ертөнцөөс тусгаарлагдан Аж үйлдвэрлэлийн эрин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хол хоцров.

Амьжиргаа залгуулах нүүдлийн мал аж ахуйн онцлог нь Монголчуудыг газрын доорх эрдэнэсийн санг судлах бодитой сонирхолыг төрүүлэхгүйн дээр энэ үед шарын шашин, сүсэг бишрэлийн нөлөөгөөр уул, усны эзэн савдгаас айх айдас нь газар хөндөх бол бараг нүгэл, хилэнц хэмжээний нийгмийн сэтгэлгээг бий болгож байв.

Хэдий уул уурхай гэж олборлох аж ахуй түгээмэл эрхэлж байгаагүй ч ашигт малтмалаар баялаг газар усны нэрийг тун оновчтой өгч байсан нь гайхал төрүүлнэ. Тухайлбал Алтат, Эрдэнэт, Цахиуртай, Хужирт, Төмөртэй, Лууны яст, Шувуун чулуут, Нүүрст, Оюу толгой, Хөөт, Хар тарвагатай гэхчилэн олон нэр дурьдаж болно.

ХХ зууны эхээр Оросын нөлөө Монголд бий болсноор өрнийн соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны ололт Монголын хөрсөнд соёолж эхлэв. Ингэж орчлон ертөнц, эх дэлхий түүний хэвлий дэх эрдэс бодисыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаж эхлэв. Ардын хувьсгал ялсны дараа 1922 онд Ардын Засгаас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжих суурь тавигджээ.

ХХ зуунд Маркс, Энгельсийн үзэл, номлолоор социализмыг байгуулах их салхи Монголын их талд үлээж эхлэв. Энэ үед Бэрх-Уул, Эрдэнэт, Шарын гол, Адуунчулуун, Багануур, Бор-Өндөр, Зүүн-Баян гээд олон олон уурхайн газрууд нээгдэж улс орныг хөгжүүлэх нам засгийн бодлогыг энгийн малчин ардаас, ажилчин, сэхээтэн гээд бүгд нижгэсэн халуун алга ташилтаар уухайлан дэмждэг байв.

Тухайн үед уул уурхай, аж үйлдвэрийг иж бүрэн төлөвлөлттэйгээр цогцоор нь хөгжүүлдэг байсан болохоор уурхай дагасан хот, олборлосон бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр зам гээд байгаль орчин, нийгмийн асуудлыг анхнаас нь шийдвэрлэж, ард иргэдийн зүгээс ил, далд эсэргүүцэх зүйл байсангүй.

Бүтээн байгуулалттай холбоотой зардал мөнгийг нь ч гадна, дотны зээл, ах дүү социалист орнуудын бэлэг болоод буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэж байсан тул санхүүгийн хүндрэл харьцангуй гайгүй байсан байж мэдэх юм. Үүний зэрэгцээ улсын үйлдвэрийн газар алдагдалтай ажилласан ч засгаас татаас өгч шийдвэрлэнэ.

1990 онд гарч Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж улсын үйлдвэрийн газрууд хувьд шилжсэнээр хувийн хэвшил уул уурхайн салбарт хөл тавьж эхлэв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих мөнгө санхүү хомс шилжилтийн хүнд үед “Алт хөтөлбөр”-ийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарлав.

Хувийн хэвшил өмнө нь уул уурхайн төсөл хэрэгжүүлж байсан туршлага хомс, зах зээлийн шилжилтийн хүнд үед хүний нөөц, боловсон хүчний нэгдсэн бодлого алдагдаж хэн чадна гэсэн зоригтой нь эрсдэлээ үүрээд энэ салбар луу орж байв.

Хөрөнгө санхүүгийн хомс байдал, хөл дээрээ бүрэн зогсож амжаагүй уурхайнууд юуны түрүүнд илүү зардал гаргахгүй байх, ашигт ажиллагааг энэ тэргүүнд тавьж ирсэн нь тухайн үеийн нөхцөл байдалдаа зохицсон арга хэмжээ байлаа. Гэхдээ байгаль орчин, орон нутгийн иргэдийн асуудлыг орхидуулж байсан нь тун удалгүй тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдах хэмжээний нийгмийн хүчтэй эсэргүүцлийг бий болгож орхив.

Тухайлбал “Алт хөтөлбөр” тухайн үед эдийн засгийн агуулгаараа ач холбогдлоо өгсөнийг үгүйсгэх аргагүй. Гэвч байгаль орчны доройтол, гол ус татрах, нөхөн сэргээлтгүй хаягдсан карьерууд хаа сайгүй бий болж малчид, орон нутгийн иргэдийн ундны ус, мал аж ахуй эрхлэх орон зайд нөлөөлснөөс иргэд, ТББ-ын эсэргүүцэл хүчээ авсан нь сонгуульд нэр дэвшигчдийн оноо авах чухал сэдэв болов.

Сонгогчдоос оноо цуглуулахын тулд улс төрчид газар шороо, уул усаа авран хамгаалах амлалтыг өгч байв. Ингээд 2009 онд УИХ-аас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлав. Алтны шороон ордод үйл ажиллагаа явуулж байсан олон компаниуд зогсож, лицензийг нь барьцаалж зээл олгосон банкуудын барьцаа эрсдэх, зээл төлөлт зогсох гээд олон асуудал бий болов.

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр сул зогссон карьер, хаягдсан газрууд “Нинжа” хэмээх гар аргаар олборлогч иргэд газар сайгүй хүчээ авахад үржил шимтэй хөрс болж орхив. Байгаль орчноо хамгаалах шийдвэр гаргасан биш нөхөн сэргээлт гэсэн огтхон ч ойлголтгүй хууль бус алт олборлогчдын сэндийчсэн хоосон нүхнүүд хаа сайгүй бий болов.

Ингээд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ нийтийн хүртээл болсон өнөө үед ард, иргэд дуу хоолойгоо нэгтгэх, жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсноор уул уурхайг бүхэл салбараар нь хар бараан юм шиг ойлголтыг нийгмийн сэтгэл зүйд бий болгоод байна.

Уул уурхай салбар гэлтгүй барилгын салбарт зах замбараагүй газар олгосноор төвлөрсөн төлөвлөгөөтэйгээр цэгцтэй хөгжиж байсан хот суурин газрууд төлөвлөлтгүй болж, барилгууд замбараагүй баригдсанаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар баталгаажсан эрх нийтээрээ алдагдахад хүрэв.

Бид чөлөөт эдийн засаг, нийгмийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд юун дээр алдав гэдэг асуулт хүссэн ч, эс хүссэн ч урган гарч ирж байна.

Дэлхий нийт сүүлийн жилүүдэд “Тогтвортой хөгжил” гэж их ярих боллоо. Тогтвортой хөгжлийн сэдвээр олон улсын болоод дотоодын форум, хурал, зөвөлгөөн их болдог болжээ. Иймээс ч тогтвортой хөгжлийг эрэлхийлж, хөгжлийнхөө загварт, бодлогод, төлөвлөгөөндөө тусгадаг боллоо.

“Тогтвортой хөгжил” гэж юу вэ?

1-т: Байгаль орчин буюу эрүүл орчин,

2-т: Нийгэм буюу амгалан тайван амьдрал

3-т: Эдийн засаг буюу хүртээмжтэй орлого гэсэн гурван хүчин зүйлийг аливаа хөгжлийн шийдвэр гаргалт, үйл ажиллагааны хэрэгжилтэд эн тэнцүү авч үзэхийг хэлнэ.

Тэгвэл Монгол Улсын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд байгаль орчин, нийгмийн хүчин зүйлсийг орхигдуулж ирсэн хөгжлийн алдаа оноог дэнслэн, цаашдын тогтвортой хөгжлийг цогцлоон бүтээн байгуулахад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг санхүүгийн салбарт нутагшуулахын төлөө банк, санхүүгийн салбарынхан нэгдээд байна.

2015 оноос Монгол Улсын бүх арилжааны банкууд байгаль орчин, нийгэмд ээлтэй “Тогтвортой Санхүүжилт (ТоС) хөтөлбөр” –ийг эхлүүлж, дараах ТоС-ийн 8 зарчимыг баримтлан ажиллахаар болсон байна.

Зарчим 1 | Байгаль орчноо хамгаалах

Зарчим 2 | Хүний эрх, нийгмийг хамгаалах

Зарчим 3 | Соёлын өвийг хамгаалах

Зарчим 4 |Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих

Зарчим 5 | Санхүүгийн хүртээмжийг дэмжих

Зарчим 6 | Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

Зарчим 7 | Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

Зарчим 8 | Манлайлан үлгэрлэх

Эдгээр зарчмуудын хүрээнд байгаль орчин, нийгэмд нөлөөлөл үзүүлж, үйл ажиллагаа явуулдаг бүхий л бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн холбогдох шалгууруудыг тавьж эхлэв. Үнэхээр сөрөг нөлөө үзүүлж байгаа, түүнийгээ бууруулах алхам хийдэггүй, хариуцлагагүй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзах хүртэлх алхамуудыг авахаар болсон байна.

Уул уурхайн салбарыг “ногоон болгох” арга буюу энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд тавигдах шалгуурууд

Байгаль орчны шалгуурын хувьд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-гээ хийлгэсэн эсэх, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх, ус ашиглах гэрээ, зохистой ашиглаж байгаа эсэх, хог хаягдлыг ангилан хадгалж, тээвэрлэдэг эсэх, байгаль орчныг хамгаалах ажил, нөхөн сэргээлт хийсэн эсэхийг үнэлнэ.

Нийгмийн шалгуурын хувьд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдох стандартыг ханган ажиллаж байгаа эсэх, хүүхдийн болон албадан хөдөлмөр байгаа эсэх, хүйсийн тэгш эрх хангадаг эсэх, түүх соёл, археологи палентологийн олдвор лицензийн талбайгаас олдсон бол авран хамгаалах ажлыг зохион байгуулсан эсэх, орон нутгаас уг төслийг дэмжиж байгаа эсэхийг үнэлж, дүгнэдэг болсон байна.

Өнөө үед эртний түүх, соёл, ёс заншлыг тээж яваа нүүдэлчин малчин иргэдтэйгээ амных нь уснаас болж маргадаггүй, талаар нэг бэлчих таван хошуу мал, араатан амьтад нь дайждаггүй, тааваараа өсөн үрждэг, хөндсөн газраа байгалийн хэлбэрт нь ойртуулж техникийн болон биологийн нөхөн сэргээлтээ хийдэг, улс орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг ийм л цэвэр, ногоон уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд оролцогч бүх талуудын хөндөгдөж байгаа ашиг сонирхлыг зохистой түвшинд хангах нь туйлын чухал юм.

Бид өнгөрсөн түүхээсээ авах, гээхийн ухаанаар сургамж авч уул уурхайн төслүүд байгаль орчин, нийгмийн хүчин зүйлийг анхнаас нь анхааран судлаж, асуудлыг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган шийдвэрлэж явах нь Монгол Улсын Тогтвортой Хөгжил өөд түүчээлэх том алхам болно.

Хүн ард нь инээмсэглэн мишээсэн, хүж дэлхий нь ногоорон халиурсан зөв хөгжлийг хамтдаа бүтээцгээе.

Нийтлэлийг бичсэн: ТоС-ийн ажлын хэсгийн гишүүн

Twitter