Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

НЭЭЖ, ХААЖ СУРЦГААЯ

5-Р Сар 02, 2017

Угаалгын өрөөнд би орлоо

Урсгал усны цоргыг би нээлээ

Тавиур дээрх сойзоо би авлаа

Тавиухан дээр нь оогоо түрхлээ

Нээлтэй цоргоны усаар сойзоо норголоо

Нээлттэй чигт нь шүдээ угаалаа

Тавиухан шүдээ угаах зуур таван литр цэвэр ус урслаа

Тавтайхан би сойзоо угааж, амаа зайллаа

Хэдэн хоромд урсаад өнгөрөх таван литр цэвэр ус

Хэдэн зуун мянган цоргоноос хэдэн сая литр бохир ус болон давалгааллаа

Хэдэн хувь болтол цэвэрлэгдсэн нь үл мэдэгдэн

Хатан Туул руу хар эрчээрээ цутгагдлаа

Аягаа бид угааж байна

Аадар буулгаж, халгиулан цалгиулан угааж байна

Аяганы гуравны нэг усаар угаагаад

Ахиад гуравны нэг усаар зайлахад 10 дахин ус хэмнэнэ ээ

Нийслэлчүүд биднийг цэвэр усаар хангах гэж

Нэг сая цоргоыг байнгын устай байлгах гэж

Хан Хэнтийгээс эхтэй Тэрэлж, Туулын хөндийд

Газрын гүн, эх дэлхийн хэвлийд зоолттой

Хоёр зуун их чадлын насосоор гүний цэвэр усыг

Хором зогсолтгүй Цэвэр Усны Станц руу нийлүүлнэ

Хлороор ариутгагдсан тэр их усыг

Хүчирхэг хорин шахуургаар төвийн систем рүү шахна

Нийслэлчүүд бидний усны зохисгүй хэрэглээ

Нийтийн хүчийг олж Туул голыг хоосон сайр болгож байхад

Нөгөө талд нь Төв Цэвэрлэхийн лагийн талбайд ууршиж ядан мэлтийж

Нийслэлчүүд бид эвгүй үнэрээр нь ярвайн байж амьсгална

Талаар нэг бэлчих таван хошуу мал

Тартагтаа тулсан Хатан Туулаас тааваараа нэг ууна

Цэвэр усыг зохисгүй ашиглах бидний муу зуршил

Цэвэр агаар, эрүүл малыг хордуулж байна

Таван хошуу малын тараг, сүү, тарган махыг

Танихгүй бид сонгон хэрэглэнэ

Таны үл анзааран урсгасан цэвэр ус бохирдож

Та бидний ширээн дээр зүсээ хувилган тухлана

Оогоо түрхэж, гараа савандах хооронд

Нүүрээ угааж, толинд харах зуураа

Аяга тавгаа угаахдаа

Усны цоргоо нээж, хааж сурцгаая

Зовж зүдэж цоргон дээр ирсэн цэвэр усыг

Зоволтгүй урсгадаг зохисгүй зуршлаа өөрчилцгөөе

Хүн хэлэхээс, цааш чичхээс нааш гэдэг шиг

Хүн бүр хичээвэл чандмань эрдэнэ усандаа аригтай ханддаг болно

Хан хурмастаас эхтэй,

Хатан туулаар тээгдэж

Газрын гүнд хуримтлагдсан

Гүний цэвэр усаа гамнацгаая

Шүлгийг бичсэн: ТоС-ийн ажлын хэсгийн гишүүн

Twitter