Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

С.Ганбаатар: Даатгалын салбарт Банкны даатгалын зуучлал голлох үүрэгтэй болох цаг удахгүй ирэх байх

4-Р Сар 02, 2015


Монголын арилжааны банкууд Даатгалын зуучлалын үйлчилгээг шинээр үзүүлж эхлээд удаагүй байна. Банкны даатгалын зуучлал хэмээх шинэ ойлголтын эргэн тойронд ХХБ-ны Даатгалын хэлтсийн захирал С.ГАНБААТАРТАЙ ярилцлаа.

Худалдаа, хөгжлийн банк өнөөдрөөс эхлээд Даатгалын бүтээгдэхүүнийг салбаруудаараа борлуулж эхэлж байгаа юм байна. Банк өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна даатгалыг яагаад борлуулж эхлэж байгаа талаар ярилцлагаа эхлэе?

Даатгал, банкны салбар хоёр бол санхүүгийн секторт мөр зэрэгцэн хөгжих ёстой салбар. Гэтэл өнөөдөр манай улсын даатгалын зах зээлийн хөгжлийг банкны салбарын хөгжилтэй харьцуулахад нэлээд ялгаатай байна. Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ 2 зах зээлийн хөгжил нь маш ойрхон түвшинд байдгийн хамгийн наад захын жишээ нь Европын банкуудын хувьд нийт борлуулж буй бүтээгдэхүүний 60 орчим хувь нь банкны бүтээгдэхүүн, үлдэх 40 хувь нь даатгалын бүтээгдэхүүн байдаг. Даатгалын байгууллагуудын хувьд даатгалаа зарж байгаа сувгийн 30 гаруй хувийг банкны даатгалын зуучлал дангаараа эзлэж байгаа юм.

Тэгэхээр тухайн улс оронд санхүүгийн салбарын эдгээр оролцогчдын хувьд тухайн улсынхаа эдийн засгийн хөгжлийн балансыг харуулдаг ч гэж хэлж болно.

Манай орны тухайд арилжааны банкууд даатгалын зуучлалын тусгай зөвшөөрлөө аваад эхнээсээ ажиллаад эхэлж байна. Арилжааны банкуудын өөрийн энэ тогтвортой бүтэц, мэдээлэл технологи, аюулгүй байдлын өндөр хүчин чадал бүхий программ хангамж, хүн хүчний нөөц, потенциалуудыг ашиглаад дан ганц банкны зээлийн бүтээгдхүүнийг даатгах бус, даатгалын компанийн бүтээгдэхүүнийг борлуулах буюу нэг ёсондоо иргэдэд санхүүгийн нэг цэгийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр үзүүлэх боломж нээгдэж байгаа юм. Даатгал бол гадны улс, орнуудад маш өндөр ач холбогдолтойд тооцогддог. Нийгмийн ухамсарт нь даатгалтай байх нь хариуцлагатай нийгмийг бүрдүүлж байна гэсэн ойлголт байдаг. Ингэснээр иргэд аяндаа даатгалын ач холбогдлоо ойлгоод өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад бусдын өмнө хүлээх хариуцлагаа сайн дурын үндсэн дээр даатгуулах хэвшил бий болдог.

Даатгалын компаниар үйлчлүүлэх, банкаар дамжуулан даатгалын үйлчилгээ авахын ялгаа нь юу байх уу? Хүмүүст өгөх ач холбогдол, ашиг тус талаас нь асууж байна л даа?

Өнөөдөр Монголд 18-н даатгалын компани байна. Нэг даатгалын компани гэхэд амь нас, эрүүл мэндийн, эд хөрөнгийн, хариуцлагын, санхүүгийн төрлийн маш олон даатгалын бүтээгдхүүнтэй. Манай банкны хувьд эдгээр даатгалын бүтээгдэхүүнээс иргэдийн хамгийн эрэлт хэрэгцээ бүхий даатгалын бүтээгдэхүүнийг уян хатан нөхцөлтэй, боломжит хураамжаар банкны харилцагчиддаа зуучилж эхэлж байна. Энд нэг зүйлийг харилцагчид маань ойлгох хэрэгтэй. Банк бол даатгалын төлөөлөгч биш даатгалын зуучлагч. Даатгалын төлөөлөгч нь даатгалын компанийг төлөөлөөд бүтээгдэхүүнийг нь борлуулдаг бол даатгалын зуучлагч буюу банк нь өөрийнхөө харилцагч, зээлдэгч нарынхаа даатгалын хэрэгцээ шаардлага юу байна тэрийг нь судлаад, түүнд нь хамгийн сайн нийцэх тохиромжтой нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчдад санал болгохоор даатгалын компанитай зөвшилцөж, хамтран ажилладаг. Ингэснээрээ харилцагчид илүү өгөөжтэй, сайн нөхцөлтэй даатгалыг бүтээгдэхүүнийг банкнаас авч болно оо л гэсэн үг.

Тэгэхээр банкин дээр ирээд даатгал хийвэл даатгалын хураамж нөхцөл сайн, өөрөөр хэлбэл, хямд байхнээ?

Тэгж ойлгож болно. Гэхдээ даатгалын компани бүр өөр өөрийн уян хатан үнийн бодлого, сайн нөхцөлөөрөө зах зээл дээрээ өрсөлдөж байгаа шүү дээ. Банк харилцагчдынхаа тав тух, цаг заванд тохируулж л салбараас ирж банкны үйлчилгээ авах үедээ даатгалдаа шуурхай, хамрагдчихдаг, санхүүгийн соёлтой болгох зорилго тавиад явж байна.

Даатгал хэрэгтэй шүү гэдгийг Монгол хүмүүсийн хувьд тийм ч сайн ойлгож хүлээж аваагүй байгаа. Харин арилжааны банк, тэр дундаа хүмүүсийн итгэдэг найддаг, үйлчлүүлдэг банк нь даатгалын үйлчилгээ үзүүлээд ирэхээр даатгалын салбарын хөгжил арай өөр түвшинд гаргах байх гэж бодогдож байна л даа?

Тантай санал нийлж байна, гэвч асуудал бас нэлээд бий. Хууль, эрх зүйн зохицуулалт талаасаа даатгалын зуучлалын салбарын хувьд улам боловсронгуй болгох зүйлс бий. Мэдээж энэ үйл ажиллагаа тодорхой шатлалтайгаар хийгдэж байгаа. Бидний одоогийн дүр зураг бол арилжааны банк өөрийн салбараар даатгалын бүтээгдэхүүнийг зуучлан борлуулаад, тодорхой хэмжээний хүүгийн бус орлогоор банкны ашигт ажиллагаанд дэм болох төдий явж байна. Энэ бол банк болон даатгагчийн хувьд аль алиндаа, цаашлаад даатгуулагчид хүртэл ашигтай, өөрөөр хэлбэл, гурван талын ашигтай ажиллаж буйн хэлбэр.

Бид цаашлаад амьдралын даатгалын бүтээгдхүүнийг зуучлан борлуулах, иргэдийн хуримтлалыг, тэдний амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аливаа эрсдэлийг амьдралын даатгалын тодорхой бүтээгдхүүнтэй уялдуулах байдлаар хосолсон даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах нь даатгалын компанид болон даатгуулагчдад, мөн банкинд ч хэрэгтэй. Энэ үйл явц нь удаан хугацаандаа нийгмийн ухамсарт, иргэдийн даатгалын талаарх мэдлэгийг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Үүнийг шууд Монголд гардаад хийнэ гэхэд бэрхшээл байгаа ч банкны даатгалын зуучлалыг хөгжүүлэхийн тулд өнөөдрөөс хийж эхлэх хэрэгтэй. Урт хугацааны даатгал ч бай, ердийн даатгал ч бай, банк хослон ажиллаж байж, үр дүнд нь томоохон санхүүгийн хуримтлалуудыг бий болгодог гадны жишиг байна. Энэ нь эргээд тухайн улс орны томоохон секторт хөрөнгө оруулалт болон очдог.

ХХБ-ны аль ч салбар дээрээс очоод даатгалын үйлчилгээ авахад нээлттэй байгаа юу? Ямар төрлийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг зуучилж, борлуулж байгаа вэ?

Энэ шинэ үйл ажиллагааг эхлүүлэхдээ дэс дараатайгаар хийж байна. Манай хэлтэс хагас жилийн турш ажилтнуудаа сургах, даатгалын компаниудтай уулзах, гэрээ байгуулах, программ хангамжаа бий болгох, бүртгэлийн асуудлыг хэрхэн шийдэх зэрэг бэлтгэл ажлуудаа хангаад, өнөөдөр даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлэх эрхийг 15 – н салбартаа аваад байна. Тун удахгүй бид бүх салбараараа даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчиддаа борлуулна. Харилцагчид манай банктай хамтран ажиллаж байгаа даатгалын компаниудын даатгалын бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийж, үйлчлүүлэхдээ даатгалын компаниар үйлчлүүлэхтэй адилаар даатгалын гэрээгээ байгуулж, даатгалын тохиолдол гарсан үед хэнд хэзээ, хандах вэ зэрэг шаардлагатай бүх мэдээлэл, зөвлөгөөг авч болно. Банкны мэдээллийн энэ том баазаа ашиглаад, тодорхой программ хангамжийн тусламжтайгаар даатгалын гэрээний хугацаа нь дуусч байгаа даатгуулагчид урьдчилан мэдэгдэх, сануулах үйлчилгээг мөн хийнэ. Энэ нь эргээд тухайн даатгуулагч даатгалын хамгаалалтын тасалдал үүсгэхгүй байх ач холбогдолтой.

Банкны хувьд хадгаламж, зээл гэсэн гол зарчим үйлчилдэг. Харилцагчийн хадгаламжийг Хадгаламжийн даатгалын корпораци даатгадаг. Зээлийн хувьд даатгалын зарчим нь яаж явагдаж байгаа вэ?

Арилжааны банкуудын тодорхой нэр төрлийн зээлүүд дээр даатгал хийгдэж байгаа. Худалдаа, хөгжлийн банкны хувьд 4 - н даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Хамгийн түгээмэл даатгал нь орон сууцны зээлийн даатгал. Зээлийн эрсдэлийн даатгал нь харилцагчид өөрт нь ч нэн чухал хэрэгтэй, банк ч өөрийн зээлийн үйл ажиллагаагаа эрсдэлээс хамгаалуулах, харилцан эрх ашгийг хамгаалсан даатгалын бүтээгдхүүн юм. Зээлийн эрсдэлийн даатгалуудын тухайд, зээлдэгчийг тухай бүрт нь гэрээтэй даатгалын компанийн даатгалд хамруулж байгаа. Ингэхдээ зээлдэгчийн хувьд зээлийн шимтгэл, даатгалын хураамж гээд санхүүгийн дарамт учруулахгүйн үүднээс хамгийн бага хураамжийг банкнаас санал болгодог.

Таны хувьд Монголын даатгалын компаниудад ажиллаж байсан туршлагатайг тань мэдэх юм. Одоо арилжааны банкинд даатгалын зуучлалыг бий болгохоор ажиллаж байна. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Би даатгалын салбарт 8 – н жил ажилласан. Ажил амьдралын минь бүх л өсөлт дэвшилт энэ салбартай холбоотой. Банкинд ажиллаж эхэлсэн нь миний хувьд цоо шинэ орчин л доо. Энэ бизнесийн талаар маш их зүйлийг богино хугацаанд ойлгож мэдэх, сурах шаардлагатай болсон. Манай улсын хувьд банкны даатгалын зуучлал гэдэг маань системийнхээ хэмжээнд шинэ ойлголт тул хууль эрх зүйн акт, дүрэм журмаас нь эхлэн судлах, танин мэдэх асуудлууд цөөнгүй байлаа. Мөн бид олон улсын туршлагыг, хөгжлийн загваруудыг судлах, тэдгээрээс өөрсдийн онцлогт тохирсон тодорхой загварыг боловсруулж, хэрэгжүүлэх замаар хөгжих ёстой. Үүний хүрээнд тодорхой ажлуудыг эхлүүлээд явж байна. Бид оновчтой загвараар явбал ойрын нэг, хоёр жилдээ биш юм аа гэхэд урт хугацаандаа банкинд өндөр үр ашигтай, санхүүгийн зах зээлийн хөгжилд нэмэр болох боломжтой юм. Миний хувьд Монголын хамгийн том банкинд шинэ зүйлийг хөгжүүлэхэд гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа.

Санхүүгийн салбар өндөр хөгжсөн улсад банк болон даатгалын салбарын хөгжил нь адил түвшинд байгаа бол харин манайд даатгал нь банкнаасаа хэтийдсэн бага хөгжилтэй байгаа нь харагддаг. Энэ нь бэлгэдэл зүйг дээдэлдэг монгол хүний сэтгэлзүйтэй ч холбоотой байж магадгүй. Банкны салбарын хөгжил, даатгалын салбарын хөгжлийн энэхүү зааг ялгамжаа дөхөж очиход хэр ойрхон бол?

Даатгалын салбар нь мэдээж хөгжиж байгаа. Гэхдээ үүнийг шинэ түвшинд гаргахын тулд даатгалын зуучлагчид, төлөөлөгчдийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд идэвхтэй байж, бүх сувгаар даатгалын бүтээгдэхүүнийг борлуулдаг байх, харин даатгагч нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ анхаарч ажилладаг байх буюу эрсдэлийн шинжилгээ, зах зээлийн тооцоолол, нөөц сангийн тооцоолол зэрэгтээ илүү анхааран ажилладаг байх нь чухал. Энэ нь даатгалын компани талаасаа зардлаа хэмнэх, өндөр үр ашигтай ажиллах, эргээд нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа санхүүгийн өндөр баталгаагаар хангах давуу талтай юм.

Мэдээж нөгөө талдаа нийгмийн ухамсар гэдэг хүчин зүйл голлон нөлөөлдөг. Энэ нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдал, ДНБ - ий нэг хүнд оногдох хэмжээ, иргэдийн амьжиргаа, байгууллагуудын үр ашигтай ажиллаж буй байдал зэргээс шууд хамааралтай. Эдгээр нөлөөлөх хүчин зүйлийн хамаарал аль болох багасах тусам л даатгалын салбарын өсөлт хурдасч иргэдийн даатгалд хандах хандлага өөрчлөгдөнө.

Даатгал нь харилцагч, даатгуулагчид энгийн ойлгомжтой, хямд, хүртээмжтэй байх нь хамгийн чухал үзүүлэлт. Бид үүнийг л харилцагчиддаа хүргэхийн тулд даатгалын зуучлалын үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Банк, даатгалын салбарын хөгжил ойртоход даатгалын салбарын хөгжилд нөлөөлөх дээрх хүчин зүйлүүдээс гадна банкны даатгалын зуучлал багагүй нөлөөтэй юм. Үүнд мэдээж хугацаа хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл

Twitter