Төсөл хөтөлбөрүүд

Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр

Монгол Улсын банк санхүүгийн системд байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг дэмжин Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон салбарын удирдамжуудыг нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэрэг аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагуудыг тавих, мөн банк өөрөө үлгэрлэн манлайлах хүрээнд банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр банкны үйл ажиллагааг явуулах гэх мэт тодорхой ажлуудыг хийж байна.

Түүнчлэн ТоС-ийн хөтөлбөрийг дараагийн шатанд ахиулах, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг дэмжих зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Сангийн яам (СЯ) болон холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран Монгол Улсын анхны төр, хувийн хэвшил хамтарсан Ногоон зээлийн санг байгуулахаар ажиллаж байна.

Байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагааг явуулах энэ хандлагыг Монгол Улс хэрэгжүүлж эхэлж буй нь ирээдүйдээ оруулж буй эерэг бөгөөд бодит хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ даян дэлхийн ногоон хөгжлийн үйлст нэгдэж буй том алхам юм. Монгол Улсын ТоС хөтөлбөр аль хэдийн олон улсад сайн туршлага болж танигдсан бөгөөд цаашид ТоС-ийн гишүүн, дэмжигч, оролцогч байгууллагуудын үр бүтээлтэй хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс бүс нутагтаа манлайлж, тогтвортой санхүүжилтийн мэдлэгийн төв болох бүрэн боломжтой юм.

Олон нийтийн санхүүгийн боловсрол

Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал ач холбогдол өндөртэй хэвээр байгаа учраас Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын Банкны Холбоо нь нийт гишүүн байгууллагуудыг уриалж, олон талаар манлайлан оролцож байна. Холбооноос мөн хувь хүний санхүүгийн боловсролыг хөгжүүлэхэд анхаарч сургалт, мэдээллийн ажиллагаа явуулж байна.

Олон нийтийн санхүүгийн боловсролын хүрээнд Хүүхэд, залуусын санхүүгийн олон улсын байгууллага (CYFI)-тай хамтран жил бүр “Мөнгөний 7 хоног” (Global Money Week)-ийг амжилттай зохион байгуулж байгаа ба хамрах хүрээ, хамтран зохион байгуулах байгууллага жилээс жилд нэмэгдэж байна.

Сайн дурын салбарын стандарт, зөвлөмж

Холбооны гишүүн банкууд салбарын дүрэм, журам, зөвлөмж, стандартыг өөрсдийн санаачлагаар боловсруулж, банкны үйл ажиллагаандаа үе шаттайгаар, нэгдсэн байдлаар бүрэн хэмжээнд нэвтрүүлж тууштай хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм
  • Комплаенсийн бодлого нэвтрүүлэх, чиг үүрэг тодорхойлох үлгэрчилсэн заавар
  • Тогтвортой санхүүжилтийн зарчмууд болон дөрвөн салбарын удирдамж
  • Банкны зээлийн болон эрсдэлийн ажилтнуудад зориулсан Зээлийн үнэ цэнийн бууралтыг тооцох гарын авлага
  • Нэгдмэл сонирхолтой этгээдийн хэлцлийн гарын авлага

Монгол Улсад банкны фронт оффисын мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл

ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ц.Болорын санаачилгаар уг төслийг ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан (Sparkassenstiftung), Монголбанк хамтран хэрэгжүүлж, Монголын Банкны Холбоо дэмжин ажиллаж байна.

Төслийн хүрээнд МУ-ын арилжааны банкууд олон улсын жишиг бүхий фронт оффисын мэргэжилтнүүдтэй болох, бэлтгэгдсэн сургагч багштай болох, олон улсын сургагч багш болон экспертүүдээс туршлага судлах, Эдийн засгийн нөхцөл, Хадгаламж, Харилцах данс, төлбөр тооцоо, Зээл, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Харилцагчтай үр дүнтэй харилцах, санхүүгийн бүтээгдэхүүн борлуулах, Хууль эрх зүйн үндэс гэсэн 7 модуль сургалт бүхий Банкны нэгжийн үйл ажиллагааг сайжруулах хичээлийн сантай болох, 7 модуль бүхий сургалтаар баталгаажсан банкны фронт оффисын мэргэжилтний суурь стандарт гарах, Банкны “Ментор хөтөлбөр” боловсруулахад гарын авлага бий болох, дадлага туршлагатай болох, мэргэшсэн удирдах ажилтантай болох зэрэг олон ажлуудыг зорин ажиллаж байна.

Уг төсөл нь чиглүүлэх шатандаа 2 жил хэрэгжих бөгөөд 8 жил хүртэлх хугацаанд сунгах боломжтой юм.

Banking in Mongolia сэтгүүл

Монголын Банкны Холбоо нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд Монгол Улсын банкны салбарын мэдээллийг агуулсан “Banking in Mongolia” сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд 5 дахь дугаараа уншигчдын гар дээр хүргээд байна.

Монгол Улсын даацтай хөгжил, эдийн засгийн эрх тэгш өсөлтийг хангах зорилготой ажиллаж байгаа Монголын Банкны Холбооны эрхлэн гаргаж буй “Banking in Mongolia” сэтгүүл цаашид зөвхөн банкны гэлтгүй, санхүүгийн салбарын хөгжлийн асуудлыг хөндсөн, бодлого гаргагчид болон хэрэгжүүлэгчдийн бодит мэдээлэл авдаг солилцдог талбар болж, олон талын мэдээллийн холбогч болж чадна гэдэгт итгэлтэй байна.