Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

6-Р Сар 15, 2018

Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банкны Холбоо хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн оролцсон ба хамтын ажиллагааны гэрээнд Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярсайхан нар гарын үсэг зурав.

Тус арга хэмжээний үеэр мөн Монголын Даатгалын Холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоотой гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурах ажиллагааны үеэр СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаагаас “Санхүүгийн салбар гурван тулгууртай бөгөөд үнэт цаасны, даатгалын болон банк, санхүүгийн салбарууд жигд хөгжиж, тэгш тулах учиртайг онцлоод, энэхүү тулгууруудын нэг даатгалын салбарт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөлт гарч, цаашид улам өргөжин хөгжих орон зай байгааг харуулж буйг болон үүнд зохицуулагч байгууллага, мэргэжлийн холбоодын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдлаа. Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт даатгалын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой зорилго, зорилт туссан нь төрийн зохицуулагч байгууллагын үйл ажиллагааны чиглэл болж буйг тэмдэглэж, эдгээрийг хэрэгжүүлэхэд зах зээлд оролцогчид, тэдгээрийн боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэжлийн холбоод институтыг бэхжүүлэх нь нэн чухал” гэсэн юм.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж буй банкуудын ажилтнуудад даатгалын зуучлалын эрх олгох сургалтыг Монголын Банкны Холбооноос зохион байгуулах боломжтой болж байгаа ба Холбооноос даатгалын зуучлалын эрх олгох болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, Хороо хяналт тавих, холбогдох чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Гэрээний дагуу Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт цахим болон танхимын сургалтыг Банк санхүүгийн академийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд хүрэхэд хамтран ажилласан МБХ-ны дэргэдэх Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, цаашид улам амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.