Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ХҮН МОД ХОЁР

5-Р Сар 02, 2017

Галав галавын урьд

Газар дэлхий хөрвөөж байхад

Гашуун утаа сууналан

Галт нарыг халхлан байх үед

Хар далайг эмжээрлэн

Хаг хөвд ургаж

Хүлэмжийн хийгээр амьсгалан

Хүчилтөрөгч үйлдвэрлэж эхлэв

Улайссан дэлхий хөрж

Ургамал ногоо урган

Урт модод өндөрсөж

Уул толгодыг бүрхэв

Хэдэн зуун сая жилийг өртөөлж амьсгалсан

Хүлэмжийн хий нүүрсхүчил багасаж

Хөрсөн дор хэдэн тэрбум тонн

Хар нүүрс, нефть, хий болон дарагдав

Хүчилтөрөгч агаарт бялхан

Хөхтөн амьтан үржин тархаж

Хүн төрөлхтөн оройлон

Хөгжлийн энэ үетэй золгов

Нэр нь хүн бодгаль дуунаас хурдан нисч

Нарны аймгаас цааш хараа бэлчээн

Нарны цацрагийг аргамжин шөнийг гэрэлтүүлж

Нарны системээр аялахад ойртов

Хэдэн сая шоо метрээр нь ой модыг огтлон байж

Хэдэн тэрум тонноор нүүрс, эрдсийг ухан байж

Хэдэн арван мянган гол, нуурыг бохирлон байж

Хөгжил хэмээх энэ өндөр байшинг сүндэрлүүлэв

Газрын хэвлийд хэдэн зуун сая жилээр дарагдсан

Галын хүчтэй нүүрс, нефть, хийг

Хүн төрөлхтөн 200 гаруй жил эрчимтэй шатаан

Хөнөөлт хүлэмжийн хийг агаарт тавьсаар...

Агаарт тавьсан хүлэмжийн хийгээ мод тарьж хураая

Амьдарсан жилийн тоогоороо мод тарьцгаая

Амьдралыг үргэлжлүүлэх үрсээ бодож мод тарья

Алаг дэлхийгээ ногооруулж мод тарьцгаая

Шүлгийг бичсэн ТоС-ийн ажлын хэсгийн гишүүн

Twitter