Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Ч.Хашчулуун: Өрийн мөнгөөр гадныхныг тэтгэх хэрэггүй...

1-Р Сар 22, 2014

МУИС-ийн багш, доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. 2014 онд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ, хүлээлтийн байдалд орсон улс орны эдийн засагт ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ зэрэг эдийн засгийг тойрсон олон асуултад тэр хариуллаа.

-Өнгөрсөн жил эдийн засаг сайнгүй байсан болохоор 2014 онд байдал ямар байх вэ гэдэг асуулт хүн бүрийн л анхаарлыг татаж байна. Эдийн засагчид тийм ч таатай хариу хэлэхгүй байгаа.Таны хувьд 2014 оны эдийн засгийн төлөвийг хэрхэн харж байна?

-2014 онд дэлхийн эдийн засаг 2013 онтой ижил эрчимтэй өсөлтийн шатанд хэвээрээ байхаар байна. Харин ч бүр өсөлтийн хандлага өөдрөг байгаа. Монголын эдийн засгийн хувьд бол 2013 онд голдуу барилгын салбар зээлээр өссөн боловч бусад салбарууд төдийлөн өсөлттэй байж чадаагүйн зэр

эгцээ 2013 оноос ялгарах зүйл гэвэл манай эдийн засгийн өсөлтийг хөдөлгөдөг уул уурхайн салбар, өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр, зэс, нүүрс зэрэг гол экспортын барааны хувьд таагүй хэвээрээ байгаа. 2014 оны эхний хагас жилд ноднинтой харьцуулахад зэсийн экспорт өссөн дүнтэй гарах болов уу. Иймээс үндэсний орлогын хэмж

ээг энэ жил өсгөх цорын ганц боломж нь аль 2009 онд гэрээ байгуулагдаж, ажиллаж эхэлсэн “Оюутолгой” төсөл байна. “Оюутолгой”-н хүчээр л энэ бүхэн бий болох боломж харагдаж байгаа.  Төсөв, санхүүгийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад 2014 оны төсвийг хасч батлуулсан, дээрээс нь өрөөр авсан бондын хөрөнгө ерөнхийдээ дуусч, мөн валютын нөөц ихээхэн багасч байгаатай холбоотойгоор интервенци хийх боломжууд хомс болж байгаа.

-Долларын хомсдол үүссэн хэвээр байна гэсэн үг үү?

-Өмнөх жилд хэрэгжүүлсэн эдийн засгийн тэлэх бодлогын энэ жилийн боломж тааруу болж байгааг харуулж байна гэсэн үг.  Дээрээс нь өнгөрсөн жил томоохон аж үйлдвэрийн төслүүдийг төрөөс эхлүүлээгүй байгаа учир орлого нэмэгдүүлэх шинэ аж үйлдвэрийн обьектууд 2014 онд ашиглалтад орох, үйлдвэрлэл эрс нэмэгдэх төлөв байхгүй байна. Бодлогын хувьд эдийн засаг ТЭЦ5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5 тэрбум доллар буюу” Оюутолгой”-гоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой байсан. Харамсалтай нь, гол хөрөнгө оруулалтын төслүүдийн ажил 2013 онд маш удаан, ахицгүй байснаас болж 2014 онд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа. Энэ нь дээрх салбаруудыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүйгээс гадна нийт эдийн засагт маш муугаар тусч байна. Тухайлбал, төмөр замын ажлыг 2007 оноос хойш хийлгээгүй. 2012 оны намар шинэ Засгийн газар төмөр замын зөвшөөрлийг нь хүртэл цуцалж, үндэсний компанийн хийж байсан ажлыг Өмнөд Солонгосын “Самсунг”-д өгсөн шүү дээ. Ингэлээ гээд харин ч мөрөөрөө явж байсан ажлыг бүр удаашруулж, сүүлдээ энэ нь манай нүүрс, зэсийн экспортыг боомилох гацаа болсон. Одоо манай гол салбарын экспорт буюу нүүрсний экспорт 2014 онд ч уналттай байх гол шалтгаан нь энэ болчихоод байгаа. Гэтэл экспортыг нэмэгдүүлэх найдвар болсон төмөр зам 2014 онд ч ашиглалтад орох боломжгүй болсон нь худлаа биш.

-Том хөрөнгө оруулалтын төслүүд гацаанд орсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж та хэлэх гээд байна уу?

- Тийм, гол хөрөнгө оруулалтын төслүүдийн ажил зогсонги байдалд орсон. , Эхний ээлжинд анхаарал хандуулах ёстой томоохон дэд бүтэц, аж үйлдвэрийн обьект болох төмөр, гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, кокс болон нүүрс боловсруулах, нефтийн үйлдвэрийн төслүүд бүхэлдээ 2013 онд гацаанд орсон. Дорвитой санхүүжилт ч өгөөгүй. Харин зээлээр авсан бондын хөрөнгөөр зам, уулзварын ажил зэргийг хийж, сүүлдээ бараг л гудамжнаас зарласан төслүүдэд мөнгө амлах болсон байна шүү дээ.  Улсын эдийн засгийн хөгжлийг цаашид авч явах, шинэ шатанд гаргах төслүүдэд санхүүжилт хийхгүй бус, хөгжлийн тодорхой бодлого, стратегигүй, судалгаагүй, эрээвэр хураавар, голдуу үзэмж, шоуны шинжтэй, эдийн засагт дорвитой нөлөө байхгүй, эдийн засгийн үр өгөөж нь доогуур, популист шинжтэй арга хэмжээнд хөрөнгийн дийлэнхи нь явсан тул 2014 онд эдийн засаг төдийлөн дорвитой хөгжих боломж харагдахгүй болоод байна.

-Өнгөрсөн жилийн хувьд Чингис бондын хөрөнгө гал намжаах хэрэгсэл болж чадсан. Энэ жил Самурай бонд гаргалаа. Улсын өр улам нэмэгдэж байна гэж шүүмжлэл гарч байгаа. Үүний сайн, муу тал нь юу вэ? Сангийн сайд бол Хөгжлийн хөрөнгө оруулалтыг хуулиа зөрчсөн ч хамаагүй авах ёстой гэж ярьсан байна лээ?

-Онолын хувьд Монгол Улс шиг өөрийн улсын санхүүгийн нөөц, боломж нь хязгаарлагдмал улс хөгжлийн тодорхой шатанд хөрөнгө босгож, түүнийг аж үйлдвэр, гол дэд бүтцийн төслүүдэд зарцуулж өсгөх ёстой. Тэгэхдээ манайх шиг хөгжил буурай, төсөв нь цөөхөн нэр төрлийн ашигт малтмалаас хараат улсын хувьд өртэй болохдоо тооцоо бодлого сайтай, хяналттай, үр өгөөжтэй, шинэ орлогыг бий болгох салбар, төслүүдэд түлхүү зарцуулах учиртай. Гэтэл одоогийн бондын зарцуулалтад бичсэнээр хөгжлийн бодлого, стратегигүй, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суурилаагүй, зүгээр л авсан мөнгөө тансаглах, хаа хамаагүй салбаруудад, төслүүдэд цацах байдлаар, шинжлэх ухааны тооцоо, төсөөлөлд суурилах бус, бараг гудамжнаас зарлаж авсан төслүүдэд зарцуулах гээд байна.

-Бонд гаргахын тулд бодлого нь зөв байх ёстой  гэсэн үг үү?


- Хамгийн гол нь эдийн засгийн өгөөжгүй төслүүд рүү хэт их зарцуулбал, өрийн хэмжээ бага байсан ч, их байсан ч үр дүн гарахгүй. Одоогийн бондын хөрөнгө манай хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлд зарцуулагдахгүй байгаа нь гол алдаа. Зүгээр л эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх юм уу, макро эдийн засгийн байдлыг сайжруулах, анхнаасаа буруу тооцсон төсвийн орлогын дутагдлыг нөхөх, аргацаах мэтээр зарцуулж байгаа нь угаасаа бондын өөрийн анхны зорилготой нийцэхгүй болоод байна. Иймээс мэдээж өр нэмэгдэх муу тал байгаагийн зэрэгцээ үүнийг хэрхэн эргэн төлөх нь улам нь тодорхойгүй болж байгаа юм. Жишээ нь, БНСУ 1950-1960 онд маш их өртэй байсан боловч түүнийг шинэ салбар, аж үйлдвэрээ хөгжүүлэхэд зарцуулж, эргээд өрөө төлж байсан түүхтэй. Ингэхдээ маш хатуу хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж, экспортыг дэмжсэн стратегийг сонгож, хөгжлийн яам нь ажлаа маш сайн төлөвлөж, эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй төслүүдийг сонгож, улсын ерөнхийлөгч нь өдөр тутам томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн явц, хэрэгжилтэд анхаарч ажилладаг байсан. Тиймээс ч БНСУ-ын хувьд тухай үед улсын өр нь нэмэгдэж байсан ч хөрөнгө оруулагчид БНСУ-ын Засгийн газарт итгэл үзүүлж, санхүүжилтээ өгч байсан юм.

- Яагаад эргэн төлөх нь тодорхойгүй мөнгөӨ гэж та харж байгаа хэрэг вэ?


-Монголын  Засгийн газар өр тавиад, түүнийгээ ямар ч эргэн төлөлтгүй төслүүдэд, ямар ч бодлого төлөвлөгөөгүй зарж байна гэдэг нь өөрийнхөө цаашдын санхүүжилтийн боломжоо улам бүр алдаж, өрийн дарамтад орох, дараа дараагийн бондын хүү нэмэгдэх зам руу орж, цаашид энэ замаар явбал улсын эдийн засаг бүрмөсөн дампуурах аюул руу явж байгааг анхаарах хэрэгтэй. Дээрээс нь өр тавихаас илүү өөрийн нөөц боломжоо маш сайн ашиглах ёстой байгаа.

-Ямар боломж. Тийм боломж Монгол Улсын хувьд юу байна?


- Юу гэвэл, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг заавал төр өрөнд орон байж хийх шаардлагагүй. Бизнесийн орчинг сайн болгож өгөөд, дотоодын хувийн болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж, ажлыг нь хийлгэж болно. Уг нь манайд 2010 онд үүний л тулд Концессийн хуулийг баталсан. Бусад бүх боломжууд байгаа боловч түүнийг ерөөсөө ашиглахгүй, бизнесийн орчин нь маш тааруу болж, хөрөнгө оруулалт хийх гэсэн компаниудын зөвшөөрлийг цуцлах, шийдвэр гаргахгүй байх, орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдыг дарамтлах байдал өнгөрсөн жилд их гарлаа. Жишээ нь, ТЭЦ5-ын төсөлд өөрөөсөө 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нартай одоо хүртэл эцэслэн тохирохгүй,  төмөр замыг өөрснөө хөрөнгө гаргаад хийе гэсэн үндэсний компанийн ажлыг хийлгэхгүй байж, оронд нь өрөөр босгосон бондын хөрөнгийг зарцуулж, гадны компанид ажлыг нь өглөө. Одоо бас өдий хүртэл Монголын хувийн хэвшлийн компаниудын хөрөнгө оруулалтаар маш сайн хөгжиж, дэлхийн түвшинд хүрсэн Харилцаа холбооны салбарт хамгийн сүүлийн үеийн технологи болох 4G буюу өндөр хурдны хөдөлгөөнт холбооны бүх зах зээлийг тэр чигээр нь Өмнөд Солонгосын компанид ямар ч тендергүй өгч, Монголын өөрийн хувийн хэвшлийн ажлыг нурааж байна.

-Үндэсний компаниудын өлхөн хийчих ажлыг гадныханд өгч “сахил хүртээд шал дордов” гэгч болгож байгаа бол цаана нь ямар нэгэн “но” байж болох юм?


-Монголын компаниудын хийж чадах ажлыг дэмжээд явах боломж байсаар байхад гадныхан гээд хэт туйлшраад байх шаардлагагүй. Нөгөө талаас  гадны өр, зээл хэрэггүй байхад л заавал ингэж үндэсний үйлдвэрлэгчдийг үл тоож, оронд нь бонд зэрэг өрийн мөнгөөр гадны компаниудад зах зээлийг нь гаргаж өгөх хэрэггүй шүү дээ.  Өөрөөр хэлбэл, гадаад өр тавьж өгсөн мөнгөөрөө гадны компаниудыг тэтгэх ёсгүй л гэсэн үг. Энэ асуудал дээр Засгийн газар жаахан үндсэрхэг сэтгэлээр л хандах ёстой юм л даа. Хөдөө аж ахуйн салбарт ч мөн адилхан. Өөрсдийн нөөц бололцоог ашиглахгүй, дандаа өрийн мөнгөөр юм хийнэ гэвэл эдийн засаг тун удахгүй хүнд байдалд орно. Өрөө улам нэмж, 100-200-гаар тоологдох, ямар ч ач холбогдолгүй төслүүдэд цацаад ч энэ байдлаараа бол үр ашиг гарахгүй нь тодорхой.

-Ний нуугүй хэлэхэд амьдрал улам хүндэрсээр байна. Гэтэл эрх баригчид эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралыг илүү гэрэл гэгээтэйгээр төсөөлөөд байх шиг. Магадгүй албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж болдох л доо?

-Эдийн засгийн өсөлт өндөр байгаа учраас байдал гайгүй болж харагдаж байгаа боловч өр болон өрийн дарамт маш ихээр нэмэгдэж байна шүү дээ. Дээрээс нь төсвөө зөв төлөвлөж, хугацаанд нь зарцуулж чадаагүй, томоохон хөрөнгө оруулалтууд бүгд зогсонги байдал орсон. Тавантолгой нүүрс үнэгүйдлээ. Гадаа валютын нөөц долоо хоног, сар болгон сая сая доллараар багасч, өрөөр  авсан бондын хэдхэн доллараар бүхнийг аргацааж ирлээ. Валютын ханшаа хэдхэн сарын дотор ихээр алдлаа. Импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдэж, өмнөх жилүүдэд тасралтгүй буурч байсан ажилгүйдэл, гэмт хэргийн тоо 2013 онд нэмэгдсэн байна. Өмнөх засгийн үед төлөвлөж, тооцоо судалгаа хийгээд байсан нэг ч том аж үйлдвэр, уурхайн төслийг бодитойгоор эхлүүлсэнгүй. Мөнгөний бодлого нь үйлдвэржилтийг дэмжихээсээ илүү импорт, барилга, байрны үнэ зэргийг өндөр байхад чиглэгдэж, экспорт, хүн амын бодит орлого, цалин дор хаяж 12 орчим хувиар буурсан байхад эдийн засгийн байдал сайн байна гэж хэлэх ямар үндэслэл байгаа юм бэ...?  Чамд тэгж харагдаж байна уу. Надад бол үгүй. Харин эрхбаригчид ямар нүдээр тэгж хараад байгаа бол мэдэхгүй байна.

-Эдийн засгийг хөгжүүлэх томоохон бодлого гээч зүйл Монголд байна уу. Ингэхэд  хөгжлийн тодорхойлсон салбарын яам хэр сайн ажиллаж байна гэж хардаг вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яам маш чухал үүрэгтэй байгууллага л даа. Миний бодлоор юуны өмнө энэ яам улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүн дагуу манай эдийн засгийг шинэ шатанд гаргах томоохон төслүүдийг төлөвлөж, судлан, шийдэж, дараа нь санхүүжилтийн арга, тухайлбал, төсөв, зээл, концесси, бонд, гадаад болон дотоодын хувийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлох ёстой.  Үүний дагуу тоног төхөөрөмж зэргийн импортын болон НӨАТ татварыг бууруулах арга хэмжээг авч, хөрөнгө оруулалтын орчин бэлтгэж, экспортын зах зээл зэргийн борлуулалтын хэлэлцээг хийж, эдгээр төслүүдийг үндэслэн макро эдийн засгийн балансын тооцоогоо хийгээд хэрэгжүүлж ажиллах ёстой. Бүх яамдыг зохицуулах, тэдгээр цөөхөн болон голлох төслүүдээ байнга хяналтад байлгаж, урагшлуулж ажиллах учиртай. Ингэхдээ хөгжлийн хурдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг томоохон зорилтуудтай ялдуулан хөгжлийн шаардлагатай эрчим хүч, дэд бүтэц, хөдөлмөрийн нөөцийг төлөвлөх шаардлагатай байгаа. Эдгээр томоохон төслүүдийн дотор хүнд аж үйлдвэр, дэд бүтэц, хот төлөвлөлт, инновацийн төслүүд ордог. Үүнийг л хөгжлийн бодлого гэж хэлж байгаа юм.

-Эдийн засгийн хөгжлийн яам хөгжлийн бодлогоо тодорхойлохгшй байна гэж үү?

-Ер нь бол  өмнө нь хөгжлийн цогц бодлогын ажлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хийж ирсэн. Тус хороо анхны хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газраар батлуулж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банк, төсөв, Инновацийн хуулиудыг санаачилж, шинэчилж, томоохон аж үйлдвэрийн парк, обьектууд, анхны бүс нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болох Өмнийн говийн дэд бүтцийн төлөвлөгөө зэргийг боловсруулж батлуулах, бодлогыг улс төрөөс салгахын тулд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг санаачилж, Их хуралд өргөн барьсан гээд нилээд олон ажлууд эдгээр төлөвлөгөө, бодлогод үндэслэгдэн явагдаж ирсэн. Одоо энэ ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам үргэлжлүүлэн хийж байгаа. Миний ойлгож байгаагаар бол ойрын үед Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг Их Хуралд шинэчлэн өргөн барих, хөгжлийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар ажиллаж байгаа байх.  Энэ бол гол зорилтуудынх нь нэг. Монгол Улсад хөгжлийн бодлого албан ёсоор хуультай болбол улс төрөөс хэт хараат байдлаас улсын хөгжлийн бодлогыг салгахад асар чухал үүрэгтэй. Миний бодлоор ЭЗХЯ эхний ээлжинд энэ бодлогын асуудалд анхаарлаа хандуулах нь зөв болов уу гэж бодож байна.

-Эдийн засгийн хүндрэлээс гаргахын талд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та бодож байна. Хөрөнгө оруулалтын хуулийн үр шим хэзээ мэдрэгдэх бол?


-Манай улсын эдийн засаг цөөхөн тооны ашигт малтмалын экспорт, үйлдвэрлэлээс хараат байгаа. Тэдгээрийн үнэ байнга хэлбэлздэг учир одоогийн хүндрэл шиг байдал дахин дахин үүсэх болно. Тэгэхээр, эхний ээлжинд дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөгөө хоёроо батлуулж, түүний дагуу хөрөнгө оруулалтын урсгалаа тогтмол, улс төрөөс хараат бус байдлаар нэмэгдүүлж байх хэрэгтэй байна. Бонд бол дээр хэлснээр олон хэрэгслүүдийн л нэг учир түүнд хэт их хараат байж болохгүй, бусад бүх нөөц, аргаа хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр ямар ч засаг, ямар ч нам байсан ч улс орны хувьд чухал төсөл, хөрөнгө оруулалтууд байнга урагшилж, улсын хөгжил тасралтгүй явагдаж байх болно. Үүнийг түр зуурын эдийн засгийн мөчлөгийн эсрэг бодлоготой эсвэл өсөлтийг дэмжих бодлоготой хольж хутгаж болохгүй. Энэ бол Монгол Улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн хүчин чадлыг бодлоготойгоор шат дараалан ахиулах ажил.

-Тухайлбал?


-Төсвийг төлөвлөхдөө орлого биелүүлэх аргагүй хийсвэр төлөвлөгөө хийх биш, эхнээс нь дэлхийн зах  зээл, экспортын барааны үнийг бодитойгоор авах, үйлдвэрлэл, олборлолтыг мөрөөдлийн биш бодит тоогоор төлөвлөж, гэнэт болж болзошгүй зах зээлийн уналтад бэлэн байх сайн төсвийг төлөвлөж, харин дэлхийн зах зээлийн байдал төлөвлөснөөс сайн байвал илүүдлийг нь тогтворжуулалтын сандаа хадгалж эргэлдүүлэх хэрэгтэй. Ингэснээр төсөв, санхүүгийн байдал эрүүлжиж, хамгийн чухал хэрэгцээтэй ажлуудыг төсөвт суулгах, ач холбогдлоор эрэмблэх боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр бизнесийн орчин бол манай өсөлтийн томоохон нөөц. Өөрөөр хэлбэл, төсөв, бондын улсын эх үүсвэр хүнд байж болно, гэтэл хөгжлийн бодлогод орсон томоохон төслүүдийг хувийн хэвшлээр хийлгэж, нэн ялангуяа үндэсний хувийн хэвшилд тийм боломжийг олгож, тэдэнд бодлогын дэмжлэг үзүүлэх, экспортыг хөнгөвчлөх, тоног төхөөрөмж, эд ангийн импортын татварыг тэглэх, экспорт импортын санхүүжилтийг хийж өгөх замаар улсаас нэг ч төгрөг зарцуулахгүйгээр томоохон бүтээн байгуулалтын зах зээлийн ямар ч орчинд гүйцэгтүүлж болно. Энэ бол цэвэр бодлого зөв байх асуудал. Цаашлаад улсын хөгжлийг авч явах цөөн тооны том төслүүдийг маш эрч хүчтэй хөдөлгөх, өндөр хурдтай хэрэгжүүлэх нь зөв. 100 байна уу, 200 байна уу тоо чухал биш. 

-Мега төслүүдээ яаралтай хэрэгжүүлэх нь чухал гэсэн үг үү. Яг ямар  төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж?


-Эрчим хүчний нэг гол төсөл (Тухайлбал, ТЭЦ5), замын нэг гол төсөл (тухайлбал, Өмнөговийн зам), хүнд аж үйлдвэрт гурван гол төсөл (ган хайлах, зэс хайлах, нефть, нүүрс боловсруулах), уул уурхайд хоёр том төсөл (Оюутолгой, Тавантолгой) –д анхаарч, саад тогтоорыг нь нэн даруй шийдэж ажиллах, бодлогоор дэмжих, хөнгөлөлт үзүүлэх нь чухал. Эдгээр төслүүд бүгд мега  учраас 1-2 нь хэрэгжихэд хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж, бүтээн байгуулалт идэвхжиж, макро эдийн засгийн өсөлт яваандаа нэмэгдэн, түүнд Төв банкнаас мөнгө хий хоосон хэвлэж хаях, бондыг үрэн таран хийх ямар ч шаардлагагүй болно. Хөрөнгө оруулалтын хууль зөв алхам болсон боловч одоо хүртэл эдгээр томоохон төслүүдийн бизнесийн орчин маш муу, улс төрөөс хараат, дээрээс нь олон салбарт, тухайлбал харилцаа холбоонд үндэсний хөрөнгө оруулагч нарт маш халтай шийдвэрүүд гарсаар байгаа  учраас л эдийн засаг өөдлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийг батласан ч хөрөнгө оруулалтын бодлого, бизнесийн орчин таагүй хэвээр байна гэсэн үг. 

-Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний салбар тэг зогсолт хийлээ. Тэгэхээр энэ салбарын орлогыг дээшлүүлье гэвэл яах ёстой вэ?

-Эрдэс баялгийн зах зээл өрсөлдөөнтэй байгаа. ОХУ нүүрсний экспортоо маш эрчимтэй нэмэгдүүлж байна. Дөнгөж саяхан РЖД 20 тэрбум ам.доллараар төмөр замаа өртөтгөж, экспортын хүчин чадлаа 55 сая тонноор нэмэгдүүлэхээр зарлалаа. ОХУ-БНХАУ хоорондын нүүрсний салбарт хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж, БНХАУ-ын зах зээл рүү чиглэсэн ОХУ-ын нүүрсний экспорт үсрэнгүй өсч байна. Өдий хүртэл манай гол өрсөлдөгчид болох Австрали улс нүүрсний экспортоо 2012 оны 145 сая тонноос 2014 онд 168 сая тонн болгож, ОХУ 19-өөс 22  сая тонн болгон нэмэгдүүлж, Монголын экспорт унаж байгааг ашиглан, дэлхийн зах зээлд улам хүчирхэг болж байна. ОХУ-ын судлаачид цаашид Монголын нүүрсний экспорт улам буурна гэж тооцож байгаа, тэр зах зээлийг авахаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн ашигт малтмалаа нөөцлөх тухай ярих биш, тэдгээрийг ашиглах, хөрөнгө болгох талаар маш идэвхтэй ажиллах ёстой байна. Үүнд хурал цуглаан гол бус, бодит ажил хэрэгтэй. Өнгөрсөн жил дэлхийн нүүрсний гол зах зээл БНХАУ импортоо нэмэгдүүлж, ОХУ-аас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн байхад дэргэд нь байгаа Монголын нүүрс зах зээлээс шахагдсан нь манай бодлогын буруу шүү дээ. Улс төр, популизмын гай гэж хэлж болно. Экспортын төмөр замыг зургаан жил бариулахгүй, өргөн, нарийн царигийн асуудлаа одоо хүртэл шийдэж чадахгүй байгаа нь манай л буруу. Өмнөх Засгийн үед байгуулсан экспортын гэрээг муулж, экспортоо хийхгүй байсаар зах зээлээ алдаад, сүүлдээ түүнээс дорой гэрээ байгуулж байгаа нь улс төр орсны гай. Иймээс буруугаа хэн нэгэн рүү чихэх, дэлхийн зах зээл унасан мэт ярих нь оновчгүй гэж бодож байна. Түүний оронд зах зээлийн үнэ буурсан бол ядаж экспортоо нэмэгдүүлж, орлогоо нөхөх ёстой. Гэтэл одоо яг эсрэг юм хийж байна.

-Яаж экспортыг нэмэгдүүлэх гэж. Хятадууд Монголын нүүрсэнд шунахаа больсон байна шүү дээ?

-Уг нь энэ салбарт боломжууд байна. Тухайлбал, Тавантолгойн ордыг аж ахуйн эргэлтэд оруулахын тулд гадаадын хөрөнгө оруулагчийг олж оруулах, 1-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох бололцоо байж л байгаа.  Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх, борлуулалтыг нь сайжруулах саналууд ирсээр л байгаа. Тэгэхэд заавал алдагдалтай, төрийн өмчит компаниудаар ч юм уу, заавал улс төрийн томилгоотой төрийн өмчит нэгжээр ажилуулах ямар шаардлага байна. Тэгээд ч тэр нь олигтой хөрөнгө оруулалт хийх чадваргүй, хүний нөөцгүй, хоосон ярьсаар 5-6 жил боллоо. Өнгөрсөн  2013 онд бүр зогсохоо шахлаа. Одоо хүртэл улсын Тавантолгойд олигтой зам ч алга, ТЭЦ ч алга, хотхон ч алга, үйлдвэр ч алга, юу ч байхгүй байна. Дээрээс нь өөрөө өөрийнхөө борлуулалтын гэрээнүүдээ улам дордуулаад л явж байх юм. Ингэж зовохын оронд зоригтой шийдвэр гаргаж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг оруулж, бүх ажлуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломж байсаар л байгаа.

-Ер нь уул уурхайн салбарын уналт 2014 онд дээрдэх шинж байна уу?

-Дээр хэлснээр яг одоо ямар нэгэн бодитой ахиц гарах зүйл, шийдвэрүүд гараагүй л байна.

-Засгийн газар үйлдвэрлэлжилтийг дэмжиж, нэг их наяд төгрөг гаргахаар болсон. Энэ хэр зөв шийдвэр гэж бодож байна?

-Санаа зөв боловч, өмнөх жилийн бондын хоёр, Төв банкны гурван их наядаар яагаад аж үйлдвэрийг дэмжээгүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Одоогийн Засгийн газрын хугацаа сүүлийн хоёр жилд ороод ирэхээр бодитойгоор томоохон аж үйлдвэрийн төслүүдийг эхлүүлэх боломж, цаг нь улам л багасаад байгаа. Өмнөх Засгийн үед шүүмжлэлтэй тулгарч байсан ч гэсэн Оюутолгой, нүүрсний салбарыг зоригтой хөгжүүлж, хөрөнгө оруулалт, экспортыг эрс нэмэгдүүлж,  хувийн хэвшилд ээлтэй бизнесийн орчин бүрдүүлж ажилласан бол одоогийн Засгийн газар зарчмын ямар нэгэн шийдэл, экспортыг нэмэгдүүлж, шинээр хөгжүүлсэн салбар, бодлого гэж зүйл харагдахгүй л байна. Инновацийн хүрээнд Монголын зах зээлд хамгийн чухал болох шинэ үеийн хөдөлгөөнт холбоо 4G LTE-ийн зах зээлийг тэр чигээр нь гадаадын компанийн монополь мэдэлд өгчихлөө. Үндэсний хөрөнгө оруулагчдыг нэг ч том аж үйлдвэрийн төсөл дээр бодитойгоор дэмжиж эхлүүлээгүй л байна. Инновацийг хөгжүүлэхэд outsourcing-д хэрэгтэй мэдээлэл, технологийн хотхон зэргийг байгуулах ажил замхарлаа. Төрөөс хөрөнгө оруулалт хийх нефть боловсруулах, Дарханы төмөрлөгийн цогцолборын аж үйлдвэрийн төслүүдийн сураг алдарч байна. Иймээс одоогийн байдлаар ажил, яриа хоёр нь хол зөрж байна гэдэг л болж байгаа.

-Оюутолгойн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой гэж та бодож байна. Хүлээлтийн байдалд орсон энэ асуудлаас болж эдийн засагт бэрхшээл үүслээ гээд байгаа шүү дээ?

-Оюутолгой асуудал мөн л хөрөнгө оруулалтаас биш улс төр орсон, популист шалтгаанаас болж гацсан болов уу. Түүнээс биш гэрээ нь байгуулагдсан, нөөц нь тодорхой, санхүүжилт нь бэлэн байгаа шүү дээ. Оюутолгойг эрчимтэй ажиллуулсан бол 2013 онд манай эдийн засгийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар унасан жил бус, магадгүй 50 хувиар нэмэгдэх жил байж ч болох байсан. Тэгвэл ханш унахгүй байх байсан. Экспорт нэмэгдэх нь тодорхой болж, эдийн засгийн өсөлт улам л өндөр байх  байсан. Одоо гэхдээ Оюутолгойд анхаарах байх гэж найдаж байна.

Нэг жишээ хэлэхэд, Японд 1990-2000 оныг “Хөгжлийн алдагдсан 10 жил“ гэж нэрлэдэг. Учир нь хамаг хөрөнгө оруулалтаа шинэ орлого бүтээхгүй газар, байр, зам, орон сууц, үл хөдлөх хөрөнгө руу оруулж, тэр нь сүүлдээ хямарч, бүгд өртэй болж дууссан. Энэ хугацаанд Япон хамаг аж үйлдвэрээ Хятадад алдаж, төр нь эдийн засгаа сэргээх гэж байнга бонд гаргаж, түүнийгээ буруу зарцуулснаар сүүлдээ улсын өр нь дийлдэхээ больсон. Монголын эдийн засгийн хувьд 2012, 2013 онд байрны үнэ, зам, өр нэмэгдсэнээс биш экспорт, үйлдвэр, уурхай, орлого, ажил эрхлэлт дорвитой нэмэгдсэн жил болсонгүй. Тэгэхээр 2014 оныг илүү бүтээлч, аж үйлдвэрийг бодитойгоор дэмжсэн жил болгохгүй бол 2012-2016 оныг япончуудтай адил  “Алдагдсан боломжийн дөрвөн жил“ гэж сүүлд нь нэрлэж магадгүй юм шүү.


Ч.Хашчулуун: Өрийн мөнгөөр гадныхныг тэтгэх хэрэггүйЖ.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №045