Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ДЭЛХИЙН ШИЛДЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУД /19 ДЭХ УДААГИЙН СУДАЛГААНЫ ТОЙМ/

5-Р Сар 15, 2017

Дэлхийн 1400 гаруй гүйцэтгэх захирал юу бодож, төлөвлөж байгаа бол?


“Banking in Mongolia” сэтгүүлийн 2017 оны 1 дүгээр сарын дугаарт аудит, консалтингийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч, тэргүүлэгч компаниудын нэг PWC корпорациас жил бүр дэлхийн шилдэг компаниудын “Гүйцэтгэх захирлууд”-ын дунд явуулдаг судалгааны тайланг та бүхэнд тоймлон толилуулж байна. 19 дэх удаагийн энэхүү судалгаанд дэлхийн 83 орны 1409 гүйцэтгэх захирал оролцсоноос банк санхүү, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 176 байгууллагын гүйцэтгэх захирал багтжээ.

Citicorp, Bank of America, Mastercard Int., ING зэрэг салбарын шилдэг корпорациудын гүйцэтгэх захирлууд банк санхүү, хөрөнгийн зах зээлийн ирээдүй, боломж бэрхшээлүүдийг хэрхэн тодорхойлж буй талаар судалгааны сонирхолтой үр дүнг эрхэм уншигч Тантай хуваалцаж байна.

Банк санхүү, хөрөнгийн зах зээл нь өнөөгийн ОУ-ын улс төрийн харилцаан дахь тодорхой байгаа байдал, эдийн засгийн тогтворгүй байдал, технологийн хурдацтай өөрчлөлт, хууль эрх зүйн зохицуулалтын нөлөө, өмнө байгаагүйгээр хурдацтай өөрчлөгдөх болсон хэрэглэгчдийн зан төлөв зэрэг хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгаа билээ. Технологийн өөрчлөлтийг даган зах зээлд орж буй шинэ тоглогчид өрсөлдөөний орчинг өөрчлөхийн сацуу салбарын хил хязгаарыг улам бүр бүдгэрүүлж байна.

Судалгааны тойм үр дүн

  • Салбарын удирдлагууд сүүлийн жилүүдэд гарч буй өөрчлөлтийг боломж гэхээсээ “аюул” хэмээн харж байгаа бөгөөд тэр дундаа техник технологийн хөгжлийн нөлөө, харилцагчдын зан төлөвт гарч буй өөрчлөлт нь салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын эрсдэлийн талаарх ойлголт, эрсдэлийн бодлогыг цоо шинээр өөрчлөхөд хүргэж байна. Тухайлбал аль хэдийн бизнесийн салшгүй хэсэг болсон мэдээлэл технологийн эрсдэлээс гадна өнөөгийн ОУ-ын улс төрийн байдалтай холбоотой эрсдэл нь өмнө байгаагүйгээр анхаарал татаж байна хэмээн зарим удирдлагууд дүгнэжээ.
  • Банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын удирдлагууд богино хугацааны эдийн засгийн төлвийг төдийлөн өөдрөгөөр төсөөлөхгүй байгаа бөгөөд ердөө 30 орчим хувь нь 2017 онд эдийн засаг сэргэнэ гэсэн бодолтойгоо илэрхийлжээ. Мөн түүнчлэн 67 хувь нь ирэх 12 сард зардал бууруулах арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа бол 30 орчим хувь нь орон тоогоо бууруулна гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна судалгаанд оролцогчдын 11 хувь нь бизнесийн аль нэг салбараа зарахаар төлөвлөж байна.
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашигт чиглэсэн байгууллагын уламжлалт зорилго ач холбогдлоо алдаж үнэт зүйл, үзэл баримтлалдаа бүхий л түвшний харилцагчийн эрх ашгийг багтаасан бизнесийн загвар л өнөө үед ажиллах боломжтой болсон байна.

Та бүхэн судалгааны үр дүнтэй http://www.pwc.com/gx/en/ceo-agenda/ceosurvey/2016.html холбоосоор орж дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Харилцагчдын хүлээлт, зан төлөвторж буй өрчлөлтийн хариуд нэн тэргүүнд хийх алхам юу байх ва?


Нийт судалгаанд оролцогчдын 60-с илүү хувь нь эрсдэлийн удирдлагыг технологийн дэвшилтэй адил хэмжээний ач холбогдолтой гэж үзсэн байна. Эрсдэлийн удирдлагын соёл төлөвшсөн байгууллагын хувьд эрсдэлийн баг болон борлуулалтын баг нягт уялдаа холбоотой ажилладаг. Өнөөгийн орчинд эрсдэлийн удирдлага нь зөвхөн зээл, үйл ажиллагаа, төлбөрийн чадварын асуудлаар хязгаарлагдахаа больж, цахим орчин, нэр хүнд, геополитикийн эрсдэл урьд байгаагүйгээр анхаарал татаж байна.

Та эдгээр дүгнэлттэй хэрхэн санал нийлж байна вэ?


Сүүлийн жилүүдийн орчны өөрчлөлт нь шинэ боломжийг нээхээс илүү одоогийн бизнест аюул, эрсдэлийг дагуулж байна хэмээн ихэнх менежерүүд үзэж байна. Үүнээс үзэхэд хэрэглэгч болон борлуулалт төвтэй бизнесийн загвараас эрсдэлд суурилсан бизнесийн загвар луу шилжих хандлага давамгайлах төлөвтэй байна.

Бид саяхныг болтол багагүй хугацаанд өөрсдийн үндсэн зорилго, үндсэн бизнесээсээ хазайж маш олон зүйлийн араас хөөцөлдлөө. Бид ялгарахыг хэтэрхий их хичээснээс өөрсдийн удирдаж чадахгүй эрсдэл бүхий талбар, хянаж чадахгүй циклд өөрсдөө ч мэдэлгүй орсон байна. Тиймээс бид үндсэн хэлбэртээ буцаад орж байна.

Banco Comercial Portugues[1], Гүйцэтгэх захирал Нуно Амадо

Бизнесийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлж болохуйц дараах аюулд ямар түвшинд анхаарал хандуулдаг вэ?


Техник технологийн өөрчлөлт нь нэг талаар байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа хэдий ч зайлшгүй удирдах шаардлагатай эрсдэлийн хил хязгаарыг тэлж байгаа нь салбарын хувьд хамгийн гол анхаарал асуудал болж байгааг судалгаанд оролцогчдын 75-80 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Мөн түүнчлэн урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчийн хүлээлт, хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах улам бүр хэцүү болж байгаа болон хөдөлмөрийн зах зээл дээрхи өрсөлдөөн улам бүр хүчтэй болж буй зэрэг нь салбарын хувьд хамгийн толгой өвтгөсөн асуудлаар нэрлэгджээ.

Ирэх 5 жилд харилцагчдын зан төлвийг өөрчлөх хамгийн гол 3 хүчин зүйлийг хэрхэн тодорхойлж байна вэ?


Дэлхийн хөгжлийн чиг хандлагад орж буй дээрхи өөрчлөлтүүдээс хамгийн их нөлөөтэй нь технологийн дэвшил юм гэдгийг удирдлагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. Мөн дэлхийн хүн амын насны бүтцэд орж буй өөрчлөлт буюу харилцагчдын дийлэнх масс залуу үеэс нас тогтсон үед шилжиж байгаа нь салбарын бүтээгдэхүүн хөгжлийн бодлогыг цогцоор нь өөрчлөхөд хүргэнэ гэж үзэж байна.

Танай байгууллагын стратегид дараах харилцагчдын бүлэг ямар хэмжээний нөлөө, байр суурь эзэлдэг вэ?


Энэхүү асуултанд төсөөлж байсанчлан уламжлалт харилцагчид болон хэрэглэгч, ЗГ, өрсөлдөгч, хөрөнгө оруулагч, ажилтнууд хамгийн нөлөөтэй хэвээр байгаа бол салбарын онцлогоос шалтгаалан олон нийт болон хэвлэл мэдээллийн агентлагууд мөн чухал байр суурь эзэлж байна. ЗГ-ын нөлөөлөл хэрэглэгч үйлчлүүлэгчдийн нөлөөтэй дүйцэхүйц хэмжээнд байгаа бол хүний нөөцийн бодлого, стратеги бага зэрэг хойгуур буюу 5-д эрэмбэлэгджээ.

Ирэх 12 сард танай байгууллагын орон тоонд ямар өөрчлөлт орох вэ?


Томоохон банкууд, хөрөнгийн удирдлагын компаниудын 30 орчим хувь нь ойрын хугацаанд орон тоогоо цомхотгохоор төлөвлөж байгаа нь нийт судалгаанд оролцогчдын дундаж үзүүлэлтээс 8 орчим нэгж хувиар өндөр үзүүлэлт байна.

Харилцагчдын ашиг сонирхлыг дүгнэсэн дараахь ойлголтуудын аль нь танай байгууллагын үзэл баримтлалтай илүү нийцэж байна вэ?


Судалгаанд оролцогчдын хариултаас харахад хөрөнгө оруулагчдын эрх ашигт голлон чиглэгдсэн байгууллагын уламжлалт зорилго улам бүр ач холбогдлоо алдаж, хувьсан өөрчлөгдсөн өнөөгийн нийгэмд бүх түвшний харилцагчдын эрх ашиг, хүсэл сонирхолд ач холбогдол өгч байж, урт хугацаанд оршин тогтнох боломжтой гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

21-р зуунд бизнесийн амжилт санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдохгүй болсон гэдэгтэй санал нийлэх үү?


Бизнесийн амжилтыг ашгаар хэмжих нь өрөөсгөл юм гэсэн дүгнэлттэй нийт судалгаанд оролцогчдын 76 орчим хувь нь санал нэгдсэн бол банк санхүүгийн салбарын удирдлагуудын 85 хувь нь хүлээн зөвшөөрсөн үзүүлэлттэй байна.

Нийгэм эдийн засгийн ямар орчин нөхцөл нь бизнесийн үйл ажиллагаа амжилттай явагдахад хамгийн чухал нөлөөтэй вэ?


Хэдийгээр техник технологи салбарын дүр төрхийг өөрчлөхүйц хэмжээнд хувьсаж байгаа боловч судалгаанд оролцогчдын үнэмлэхүй олонхи нь хүний нөөцийн ач холбогдлыг дэд бүтцийн хөгжлөөс дээгүүр тавьжээ. Түүнчлэн нийгмийн асуудлууд болох ажил эрхлэлт, орлогын хуваарилалт, татварын систем нь ач холбогдлоороо удаалсан байна.

Чадварлаг хүний нөөц бүрдүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогодоо хийх нэн тэргүүний өөрчлөлт юу байх вэ?


Чадварлаг манлайлагч, удирдагчийг эгнээндээ авч үлдэх буюу зөв хүнээ онилох бодлого хамгийн чухал алхам хэмээн 49 хувь нь тодорхойлсон бол үлгэр жишээ байгууллагын соёл, зан төлвийг цалин урамшууллын таатай нөхцөлөөс илүү ач холбогдолтой хэмээн үнэлсэн байна.



[1] Португалийн хамгийн том арилжааны банк

Twitter