Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл: Монголын арилжааны банкуудын хөгжил Төв Европын орнуудын банкуудтай харьцуулахад сайн байна

2-Р Сар 21, 2017


Монголын Банкны Холбооны '"Banking in Mongolia" сэтгүүлийн шинэ дугаарт ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Беллийг онцолсон юм. Энэхүү ярилцлагыг та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл банкны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай банкир бөгөөд 2016 оны 4-р сараас ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

- Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа таны өмнө нь ажиллаж байсан банкуудын талаар эхлэе. Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ? ХААН Банктай хэрхэн холбогдсон талаараа сонирхуулахгүй юу?

-Баярлалаа. Миний хувьд ажил, амьдралын гараагаа АНУ дахь “Citi“ банкнаас эхэлж байлаа. Дараа нь Польш, Чех, Румын улсын банкуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэр дундаа Румын улс дахь “Royal Bank of Scotland”-д арван жил ажилласан. Тухайн үед санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн эдийн засаг болон нийгмийн өөрчлөлтийн тухайд ч их сонирхолтой он жилүүд байсан. “Royal Bank of Scotland” RBS нь банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн банк юм. RBS-д ажилласныхаа дараа банкны салбараас жил орчим холдож, Румын дахь түнштэйгээ хамтран өөрийн хэрэглэгчдийн зээлийн онлайн бизнесийг эхлүүлэн ажиллаж байхдаа ХААН Банк дахь ажлын байрны талаар мэдээллийг харсан. Ингээд 2015 оны хавар ХААН Банкинд ажиллахаар Монгол улсад ирээд 8-р сараас эхлэн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Бизнес хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 оны 4-р сараас Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

- ХААН Банк гадны банкируудыг Гүйцэтгэх захирлаар ажиллуулдаг туршлагатай. Таны хувьд ямар чиглэлд анхаарал хандуулан төвлөрч ажиллаж байна вэ?

-Миний хувьд нэн тэргүүнд харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байна. Дараагийн зорилт маань бизнесийн өсөлтийг нэмэгдүүлж хөгжүүлэхийг зорьж байна. Хэдийгээр эдийн засаг тогтвортой биш байгаа ч бид бизнесийн өсөлт гаргах зорилт тавиад ажиллаж байна. Гэхдээ бизнест өсөлт гаргана гэдэг нь бүх талбарт биш. Зарим талбарт нөхцөл байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийнэ зарим талбарт нь нэлээд идэвхтэй ажиллана гэсэн үг. Бас нэг анхаарах чухал зүйл бол боловсон хүчнээ хөгжүүлж, боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх явдал. Банкныхаа мянга мянган чадварлаг ажилтнууд дотроос ирээдүйд банкаа удирдаад явах, ирээдүйн хөгжлийг дагуулах боловсон хүчнийг олж илрүүлэх, тэднийгээ улам чадваржуулах ажлыг хийх болно.

-Та өмнө нь Төв европын орны банкуудад ажиллаж байсан хүн. Монголчуудтай ажиллахад ямар байна?

Мэдээж ялгаатай зүйлс байлгүй яахав. Би ХААН Банкинд ажиллаад ажигласан зүйл бол Монголчууд маш их эрч хүчтэй хүмүүс юм гэж харж байна. Би өдөр бүр ажилтнуудтайгаа уулзаж, сайжруулж анхаарах шаардлагатай зүйлсийг хамтран ярилцаж шийдэл гаргаж ажилладаг. Уулзах бүрт ажилтнууд маань шинэ зүйлс суралцах асар их эрмэлзэлтэй байдаг. ХААН Банкыг олон улсын түвшинд гаргах бидний хүсэл зорилго нэгэн зүгт байгааг харах сайхан байдаг. Би Монгол хүмүүсийг хөдөлмөрч, аливааг шинээр сурч мэдэх эрмэлзлээр дүүрэн хүмүүс гэж боддог.

- Та Монгол Улсын банкны салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Монголын арилжааны банкуудын хөгжил Төв Европын орнуудын банкуудтай харьцуулахад харьцангуй сайн байна гэж би хувьдаа үзэж байна. Монголчууд шинэ технологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхдээ тун мэдрэмжтэй, соргог ханддаг санагдсан. Тийм учраас үүнтэй холбоотойгоор бидэнд хийх зүйл их байна. Миний урьд нь ажиллаж байсан орнуудтай харьцуулахад Монгол улс хүн ам цөөтэй хэдий ч банкны үйлчилгээг дэвшилтэт шинэ технологийг хэрэглээ болгох талдаа Монголчууд илүү байгаа нь анзаарагддаг. Тийм ч учраас цаашид олон улсын туршлагыг нэвтрүүлэх замаар бид харилцагчиддаа илүү шуурхай үйлчлэхийг зорьж байна.

- Таны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа энэ үе Монгол Улсын эдийн засгийн хүндхэн үетэй давхцаж байна. Энэ үед ямар арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж та харж байна вэ?

Монгол улс миний ажиллаж байгаа анхны хөгжиж буй зах зээл биш юм. Энд болж буй зүйлс зах зээл дээр тохиолддог л эдийн засгийн нэг үзэгдэл. Мэдээж бид эдийн засгийн мөчлөгийг тойрох аргагүй. Бизнест харагддаг ялгаа нь энэ мөчлөгт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс л шалтгаалдаг. Эдийн засгийн уналтын үед банкныхаа дотоод нөөц бололцоог ашиглаж чадвал эдийн засаг эргэн сэргэх үед бизнес түргэн хугацаанд хөл дээрээ босч чадна. Мөн зөвхөн эдийн засаг өсөлттэй үед ажилладаг бус маш тогтвортой бизнесийн загвартай байх нь чухал бөгөөд харилцагчид чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг боломжийн үнээр авч буй эсэх, эргээд эдгээр үйлчилгээг тухайн банкны хувьд боломжийн өртгөөр босгож буй эсэхэд анхаарах хэрэгтэй байдаг. Энэ ч утгаараа ХААН Банк бизнесийн загвараа харилцагчдынхаа хэрэгцээ, зах зээлийн хэлбэлзэлд тохирч буй эсэхэд тогтмол анхаарч ирлээ.


- Эдийн засгийн хямралыг даван туулах нэг арга нь Монгол Улсын банкны салбарт гадны өрсөлдөгч байх явдал гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ тухай таны бодол?

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд миний хувьд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх зорилготой олон улсын банкуудад ажиллаж ирсэн туршлагатай. Голчлон Төв Европын орнуудад. Тийм ч учраас өнөөдөр би ХААН Банкныхаа хөгжлийг тэр өнцөгөөс харан хөгжүүлэхийг зорьж, бүхий л цагаа ХААН Банкыг олон улсын түвшинд хүргэхэд зориулж ажиллаж байна. Ирэх 5-10 жилд иргэд болон жижиг дунд бизнест чиглэсэн банкуудын хувьд өрсөлдөөн ширүүснэ. Зөвхөн Монгол улс ч биш олон улсын банкуудын ч гадаад орчин өөрчлөгдөнө. Аль ч улсын бүхий л банкууд өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Иргэд болон жижиг дунд бизнест чиглэсэн банкуудын өрсөлдөөний хэлбэр өөрчлөгдөнө. Зах зээлд шинэ тоглогчид нэвтэрнэ. АpplePay, SamsungPay гээд нэрлэж болохоор байна. Гэтэл өнөөдөр мөнгөн гүйлгээ нь бизнесийн чухал хэсэг байдаг. Миний хувьд олон улсын банк Монголд нэвтрэхээс үл хамааран ХААН Банк ямар ч улсын банктай өрсөлдөхүйц байх ёстой гэж үзэн ажиллаж байна. Хамгийн гол нь ирээдүйд банкны салбар өөрчлөгдөнө. Дэлхий нийтээрээ шинэ тоглогчидтой өрсөлдөхийн тулд бизнесийн загвараа шинэчлэх шаардлагатай байдаг.

- Та иргэдийн банкны чиглэлээр илүү мэргэшсэн туршлагатай банкир. Монгол Улсын иргэдийн банкны үйлчилгээ олон улстай харьцуулбал ямар түвшинд байна вэ? Цаашид юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна?

ХААН Банкны хувьд цаашид салбаруудаа цахим банк болон борлуулалтын шинэ сувгуудтай уялдуулах, бүтээгдэхүүнийг бус үр өгөөжийг илүүтэй харилцагчдад таниулах, стандарт имижийг бүрдүүлэх мөн шинэлэг санал санаачлага гаргахад бид түлхүү анхаарч ажиллах болно. Мөн харилцагчийн үйлчилгээг олон улсын жишиг байдлаар стандарчлах, борлуулалтын суваг болгон төрөлжүүлэх, зарим үйлчилгээг автоматжуулах зэрэг олон ажлыг системтэй хийхээр төлөвлөж байна.

- Манай банкууд харилцагчийн үйлчилгээгээ сайжруулах талаар ажиллаж эхэлж байна. Нэн тэргүүнд анхаарвал зохих арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцана уу?

Харилцагчийн үйлчилгээг сайжруулах үйл явц банкинд ажиллаж байгаа ажилтан нэг бүрийн хандлага харилцаатай хамааралтай учир юуны түрүүнд бүх зүйлийг харилцагчийн байр суурьнаас харж ажиллах нь чухал юм. Мөн харилцагчийн үйлчилгээний мөн чанарыг ойлгох нь нэн тэргүүний асуудал. Бид харилцагчийн үйлчилгээг сайжруулна гэхээс илүү учирч буй асуудлаа тодорхойлон тэдгээрт суурилсан нарийн төлөвлөгөөний дагуу ажиллах юм. Мөн харилцагч банктай харилцах хоорондын сувгууд тодорхой, хялбар байх тал дээр бид анхаарч байна.

- Сүүлд нь нэг зүйл сонирхож асууя. Саяхан ХААН Банк, Монголбанк болон Монголын Банкны Холбоо хамтран Комплаенсийн форумыг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Комплаенсийн асуудал бизнесийн байгууллагууд тэр тусмаа банкуудад яагаад чухал гэж?

Комплаенсийг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагад учирч болох эрсдэлүүдээс сэргийлдэг учир банкууд өндөр ач холбогдол өгч байгаа нь сайшаалтай хэрэг юм. Тэр ч үүднээсээ манай банк Комплаенс форумыг дөрөв дэх жилдээ хамтран зохион байгуулсан. Хууль тогтоомж, эрх бүхий төрийн байгууллагын баталсан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хариуцлагыг ханган ажиллахад Комплаенс чухал үүргийг гүйцэтгэдэг. Ийм ч учраас комплаенсийг дэлгэрүүлэх үр дүнтэй механизм бүхий тус форумыг тогтмолжуулж, зохион байгуулалтыг арилжааны банкууд жил бүр ээлжлэн хариуцахаар болсоныг дурдахад таатай байна.

Баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.


Twitter