Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ОЛНЫ ДУНДААС ОНЦЛОХ НЭГЭН

6-Р Сар 13, 2017


Өнгөрсөн жилийн Banking in Mongolia сэтгүүлийн дугаартаа “Олны дундаас онцлох нэгэн” буланг шинээр нээж, сонирхолтой ярилцлагыг уншигчиддаа хүргэж байсан билээ. Тэгвэл 2017 оны эхний дугаарын зочноор авъяаслаг жүжигчин, Итгэлийн танхим ТББ-г санаачлагч гэдгээрээ олонд танигдсан, хийж буй ажил, амжилт бүтээлээрээ олны талархлыг хүлээгээд буй Г.Ундармааг урьж сонирхолтой ярилцлага өрнүүлснийг та бүхэнд хүргэж байна.

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал:

“ Ю Фильм” Уран бүтээлийн нэгдлийн захирал, “Итгэлийн танхим” ТББ –ийн тэргүүн

Таны бусдаас онцлох ажлын зуршил:

Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг эрхэмлэдэг. Ямарч ажил хийсэн өөрийнхөө хэмжээнд бас багийнхаа хүчээр, бусдад өгөөжтэй, бүтээлч байдлаар хийдэг.

Таны ажлын өдрийн урт:

Янз янз байдаг. Ачаалал ихтэй үед 22 цаг ч ажилладаг. Кино, шоу тоглолт, төрийн бус байгууллагын ажил гээд л нэгээс нөгөө рүү хөрвөөд явдаг.

Та ажлын цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Хагас жилээр төлөвлөдөг. Сар бүхэн 7 хоногоор дахин төлөвлөдөг.

Таны хамгийн их ашигладаг гар утасны аппликэйшн?

Твиттер, фэйсбүүк

Таны бахархал?

Гэр бүл аав ээж, ах дүү найз нөхдөөрөө бахархдаг. Дэндүү сайхан хүмүүс намайг хайрлаж дэмжиж байдаг. Тэднээсээ хамгийн их хайр үлгэр дуурайлал, эрч хүчийг авдаг.

Таны бусдад санал болгох ном?

Ц. Оюунгэрэл "Ногоон нүдэн лам"

Таны авч байсан хамгийн том шагнал?

10 жилийн сургуулийг “Тэргүүний сурагч“ алтан медальтай төгсөж байсан. Дэндүү их баярлаж хөөрч байснаа мартдаггүй. Цаашид их сургуульд хичээнгүйлэн сурах, амьдралын идэвхтэй байх, найз нөхөд хамт олондоо хүндлэлтэй хандах хүсэл тэмүүллийг маань улам их бадрааж өгсөн шагнал байж чадсан. Одоо шагнал миний хувьд өөр ойлголт болсон.

Хаана ч очсон өөрийн эргэн тойрондоо бүрдүүлэх дуртай орчин?

Тухтай, цэвэрхэн, эмх цэгцтэй орчинг бүрдүүлэх дуртай. Үргэлж зав муутай явдаг болохоор ихэнхдээ дүрмээ зөрчих гээд байдаг. Тэр чинээгээрээ зав гарсан цагаа эргээд хүссэн орчноо бүрдүүлэхдээ зарцуулчихдаг юмаа. Тэгээд л дараагийн ажил эхэлнэ.

Танд яг одоо хэдэн банкны цахим карт байна вэ?

2 банкны 5 төрлийн карттай. ХХБ, Голомт банк

Өөрийн санхүүг хэрхэн төлөвлөдөг вэ?

Олон жилийн туршлагаар зардал хэрэглээ маань тогтмол болчихсон. Жилд 4 удаа л хувцасны дэлгүүр хэсдэг. 7 хоног бүрийн хагас бүтэн сайнд хүнсний дэлгүүр ордог. Гарах зардал маань тогтмол ч орох орлого маань зарим жилд 2-хон удаа орж ирэх тохиолдол байдаг.

Ажилдаа баримталдаг гол зарчим?

Бусдын итгэж даатгаж өгсөн ажлыг үнэнч хариуцлагатай гүйцэтгэх

Танд эрч хүч өгдөг зүйл юу вэ?

Олон зүйлээс эрч хүч авдаг. Үзэгчдийнхээ алга ташилт, ханийхаа халамж их хайраас бас зөрөөд инээгээд өнгөрөх үл таних хүнээс ч эрч хүч авдаг.

Хэдэн ч удаа үзээд уйддаггүй кино?

“Гарын таван хуруу”, Оросын “Ийм нэгэн явдал”, “Би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй”, Америкийн “Найзууд” цуврал

Жүжигчин хүний хувьд бүтээхийг мөрөөддөг дүр?

Түүхэн кинонд тоглохыг маш их мөрөөддөг байсан. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд үсээ ургуулан урт үстэй байх нь миний чадах зүйл байсан. Хошин урлагийн жүжигчдийг түүхэн кинонд бараг авдаггүй. Одоо бол түүхэн кино бүтээхийг мөрөөдөж байгаа.

Чөлөөт цагаа хаана өнгөрүүлдэг вэ?

Багахан цагаа гэрийхэнтэйгээ, ээжтэйгээ хамтдаа байж, хөдөө гарах дуртай.

Одоо яг таны голлон ажиллаж байгаа ажил?

“Амьдралоги” киноны ажил, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын ажлуудаа дуусгаад байж байна.

10 жилийн дараах өөрийгөө тодорхойлбол?

Мэргэжлийнхээ дагуу том төсөл мөрөөдөж байгаа. Тэрнийхээ ард гарсан, гэр бүлдээ ихэнх цагаа зориулсан, охиныхоо хүүхдүүдийг өсгөөд л, жимс ногоо тарьсан явж байх байх даа.

Ажлын арга барилын талаар бусдад өгөх таны зөвлөгөө?

Хамгийн гол нь багаар ажиллах чадвар чухал, ямарч ажлыг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн чадварлаг сэтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллах. Өндөр цалинтай захирал, эрх мэдэлтэй дарга болно гэхээсээ өмнө одоо хийж байгаа ажлыг яаж зөв, чамбай хийх үү гэдэгтээ анхаарал тавьж ажиллаж байгаарай.

Хамгийн сүүлийн асуулт: Таны хэлэх дуртай үг?

Инээмсэглээрэй.


Twitter