Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Барилгын салбар ба тогтвортой санхүүжилт (ToC)

5-Р Сар 17, 2017

Монголын банкууд дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй тогтвортой хөгжлийн зорилтод анхаарлаа ихээр хандуулж, Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Нидерландын Хөгжлийн Банк (FMO) зэрэг байгууллагуудтай хамтран Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг сайн дурын санаачлагын үндсэн дээр 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Тогтвортой санхүүжилтийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд хэн бүхний оролцоо, дэмжлэг хамгийн чухал тул ТоС хөтөлбөрийн талаар ард иргэдэд илүү өргөн ойлголт мэдлэг, мэдээлэл түгээх үүднээс бид цуврал нийтлэлүүд бэлтгэж байгаа юм.

Тогтвортой санхүүжилт (цаашид ТоС гэх)-ийн зарчмуудыг банкууд хэрхэн хэрэгжүүлж ажиллах юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлавал банкнаас ямар нэг зээл олгохдоо тухайн санхүүжүүлэх гэж буй бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэхийг үнэлж байж шийдвэр гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэв урьдчилсан үнэлгээгээр тухайн төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг нь бууруулах арга хэмжээ авахыг шаардах, хэрэв ноцтой хохирол учруулахаар бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл боломжтой юм. Гэхдээ энэ нь нөгөө талаар бизнес эрхлэгч байгууллагуудад банкны тусламжтайгаар байгаль орчин болоод нийгмийн эрсдэлээ удирдах боломжийг олгож буй явдал гэдгийг ойлгох нь чухал.

Бизнесийн салбар болгон өөрийн онцлогтой. Монгол Улсын хувьд барилгын салбар эдийн засгийн чухал ач холбогдолтой боловч байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөөр өндөр эрсдэлтэй салбаруудын нэгд тооцогддог. Тиймээс манай барилгын компаниуд банкуудтай хамтран байгаль орчин, нийгэмд нөлөөлөх зарим эрсдэлээ хэрхэн удирдаж, амжилттай хамтран ажиллаж буй тухай эхлээд өгүүлье.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл №1. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг чухалчлан авч үзэх шаардлагатай гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх бизээ. Энэ асуудал дээр банк, барилгын компани хэрхэн хамтран ажиллаж байгааг сонирхоход банкныхан "Барилгын нэг төсөлд санхүүжилт авахаар харилцагч орж ирлээ гэхэд манайхаас эдийн засагчаас гадна хяналтын ажилтан заавал газар дээр нь очиж үздэг. Хяналтын ажилтан маань тухайн объект дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл ямар байгааг үнэлэхийн зэрэгцээ хог хаягдлын менежментийн төлөвлөгөө бий, эсэхийг асуух зэргээр тухайн харилцагчийн шаардлагатай бүх мэдээллийг тусгасан хяналтын хуудас бөглүүлдэг. Эхэндээ барилгын компаниуд үүнийг түвэгшээдэг байсан ч сүүлийн үед энэ тухай илүү ойлголттой болсноор таатай хүлээж авч байгаа" хэмээсэн юм.


Шилэн хөвөнг барилга барихад ашиглахыг олон улсад хориглосон. Манай улс цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас бидэнд амьдарч, ажиллаж буй барилга, орон сууц нь дулаахан байх, дулаанаа алдахгүй байх нь нэн чухал. Манайхны хувьд ханын дулаалганд шилэн хөвөнг хамгийн их ашигладаг. Гэтэл энэ нь хүний эрүүл мэндэд хортойг тогтоож, олон улсын хэмжээнд шилэн хөвөнг ашиглан барилга, байшин барихыг хоригложээ. Хүний эрүүл мэндийн асуудал нь нийгмийн асуудал учраас банк барилга барихаар зээл хүсч байгаа хэн бүхэнд шилэн хөвөн ашиглахгүй байх шаардлага тавьдаг болсон байна. Хэрэв заавал ашиглана гэвэл зээл, санхүүжилт олгогдохгүй гэсэн үг. Энэ нь барилгын компанид худалдан авагчдадаа ээлтэй өөр бүтээгдэхүүн, технологи ашиглах замаар ханын дулаалгыг шийдвэрлэх нөхцөл болж байна.

Хотхон бүр ногоон байгууламжтай байна. ТоС хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын харилцагчдад бас нэг чухал үнэлгээ хийгддэг болсон нь нийтийн эзэмшлийн бүс багасаж байгаа эсэх, ногоон байгууламжийн төлөвлөгөө байгаа юу гэдгийг тодруулах явдал. Хот байгуулалтын тухай хуулиар бол тухайн эзэмшил газрын 20-иос доошгүй хувийг ногоон байгууламжид зориулах ёстой ч манайд үнэндээ энэ заалт хэрэгждэггүй гэхэд болно. Гэхдээ мөн л банк, барилгын компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барилгын компаниуд оршин суугчдынхаа амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч байна.

Хорооллын байрнуудын хоорондох талбайд дан машины зогсоол бус хүүхдүүд чөлөөтэй тоглох, хөгшид тааваараа нарлах, залуус болзоход зориулсан талбай хангалттай, нүд баясгах ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх болсныг шинэ хотхонуудаас бэлхэнээ харж болохоор болжээ.

Тэргэнцэртэй иргэдэд зориулсан орц, гарцтай болж байна. ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд "барилгын тухайн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарц, орчинг бүрдүүлсэн эсэх" гэсэн бас нэгэн чухал шаардлагыг барилгын компаниуд маань ажил хэрэг болгож байна. Барилга байгууламжид тэргэнцэрийн замыг төлөвлөх нь тэргэнцэртэй иргэдэд амьдрах орчныг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эдлэх, нийгмийн үйл ажиллагаанд оролцох бололцоог олгох хамгийн нэн тэргүүний хэрэгцээ юм. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд банк, барилгын компанийн хамтын ажиллагааны үр дүнд барилгын компаниуд маань зураг төсөлдөө тэргэнцэртэй иргэдийн орц, гарцыг төлөвлөж, зохих ёсоор барьж хийж байна. Банкууд өөрсдөө бусдыг манлайлан үлгэрлэх зорилгоор банкны төв байр болон шинээр нээж буй салбар нэгжүүдэд тэргэнцэртэй иргэдийн орц, гарцыг төлөвлөн, суурилуулж байгаа аж.

Хог хаягдлын менежментийн асуудал бас л анхаарч үзэх ёстой асуудлын нэг. Улаанбаатар хотод жилд 1 сая орчим тонн хог гардгийн 10 шахам хувь буюу 100-гаад мянган тонн нь барилгын хог хаягдал байдаг аж. ТоС-ийн зарчимд барилгын салбарын хог хаягдлын талаар ямар асуумж, үнэлгээ хийдгийг банкнаас тодруулахад "Барилгын салбарын тухайд бид харилцагчдаасаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг авахдаа хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй, эсэх, хогоо хэрхэн ангилж, яаж устгалд оруулдаг тухай болон хог хаягдлаа хаях гэрээт компанитай эсэхийг нь асууж, мэдээлэлдээ тусгадаг" гэсэн юм. Ямартай ч ТоС-ийн хүрээнд барилгын компаниуд барилгын хогийг ангилж, устгах асуудлыг анхааралдаа авч, ажил хэрэг болгон ажиллаж байна.

Үлгэрлэл, манлайлал чухал. Байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл багатай, ногоон барилгын салбарыг хөгжүүлэхийн тулд уг салбарт хамаатай бүх талын оролцоо чухал, тэдний идэвх санаачилга, хичээл зүтгэл хамгийн гол хөдөлгөгч хүч. Банкууд харилцагчийнхаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийхдээ байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого, менежментийн төлөвлөгөөг асуухын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааны ямар журмууд баримталдгийг нь авч үзэж байна. ТоС-ийн хүрээнд тавигдаж буй асуулгыг шаардлага, дарамт гэхгүйгээр эрсдэлээ удирдаж, хамтран ажиллаж байгаа, мөн энэ чиглэлээр барилгын салбартаа тэргүүлж буй компаниуд олон болжээ. Тэдгээрээс “Хурд”, “Жигүүр гранд” зэрэг барилгын компаниудыг дурдаж болно. Ажиллаж буй хугацаандаа өдөр бүр гэртээ эсэн мэнд, эрүүл саруул очдог, осол гэмтэл, өвчлөлөөс ангид ажлын байр бий болгохыг тэд гол зорилгоо болгосон бөгөөд ХАБЭА-н бодлогодоо мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг хянан удирдах чиглэлээр тодорхой зүйлүүдийг тусгадаг байна. Нэгэн барилгын компанийн ерөнхий инженерээс асуухад "Бид хүн бүрийг аюулгүй ажиллагааны манлайлагч байж чадна гэдэгт итгэдэг. Ажилтан бүрийг баг хамт олныхоо дунд аюулгүй ажиллагааны манлайлагч болох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой ямарваа асуудлыг хамтран шийдэж, эрсдэлгүй ажлын байр бий болгох зорилт тавьж ажилладаг" хэмээн онцлон хэлсэн юм.

ТоС-ийн хөтөлбөрөөр дамжуулан хүнээ дээдэлсэн барилга байгууламжийг цаашид нэмэгдүүлэхийн тулд банк, барилгын компанийн хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж ажиллах нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид илүү хариуцлагатай, сөрөг нөлөө багатайгаар үйл ажиллагаагаа эрхлэх хөшүүргийг шат дараатайгаар бий болгож байна.

Нийтлэл бичсэн: Л.Ганчимэг, Ч.Намжилмаа

Twitter