Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ” АЯНД НЭГДЛЭЭ

1-Р Сар 10, 2018


Монголбанкны санаачлагаар Монгол улсад анх удаа хэрэгжүүлж буй “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аянд Монголын Банкны Холбоо /МБХ/, гишүүн банкуудын хамтаар нэгдлээ. Тус аян нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 5 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд зөвхөн банкны салбар бус Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, ШӨХТГ, МИК, ХДК, Бичил санхүүгийн хөгжлийн сан зэрэг төрийн болон төрийн бус олон талын байгууллагуудыг хамруулж байгаагаараа онцлог юм.

Тус аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэхүү аяны үндсэн зорилгуудын нэг нь “санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” байх ёстой гэдгийг онцоллоо. Харин МБХ болон гишүүн банкуудын хувьд аяны хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх, төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, орон сууцны ипотекийн зээл зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг олон нийтэд шат дараатайгаар хүргэх болно.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь нийт санхүүгийн системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахаас гадна уг салбартаа зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, салбарын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөгжлийн чухал хүчин зүйл байдаг.

Иймд, Монголбанкнаас санаачлан зохион байгуулж буй “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аянд МБХ идэвхтэй оролцох ба аянд нэгдэж буй бүх байгууллагууддаа амжилт хүсч, бүгд нэг зорилготой, тодорхой үр дүнтэй хамтран ажиллахыг ерөөж байна.