Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“ТАНЫ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД: МӨНГӨӨ ХЭРХЭН ЗӨВ УДИРДАХ ВЭ?” ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ 2 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

4-Р Сар 02, 2018

Монголын Банкны Холбоо санаачлан дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан олон нийтийн санхүүгийн боловсролд зориулсан “Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?” нээлттэй арга хэмжээг 2017 оны 10-р сард зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд хадгаламжийн ач тусыг ойлгуулсан, оролцогчдын сэтгэлд хүрсэн, үр дүнтэй болж өнгөрсөн тул МБХ, Unread хамтран Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Богд банк болон Цэцээ Гүн ротаракт клубын дэмжлэгтэйгээр 2018 оны 3-р сарын 31-ний өдөр Корпорейт Конвейшн Центрийн Концертийн танхимд дахин зохион байгууллаа.

Нээлттэй арга хэмжээ нь “Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?” гэсэн 2 хэсгээс бүрдсэн лекц, “Би хэрхэн хадгалдаг вэ” панел ярилцлага болон азтан шалгаруулах арга хэмжээ гэсэн хэсгүүдсээс бүрдсэн юм. Арга хэмжээнд нийт 20-50 насны 1000 гаруй хүн оролцлоо.


Лекцийг “АФА академи”-ийн гүйцэтгэх захирал, амьдралын дасгалжуулагч Ш.Амартүвшин удирдан явуулсан бөгөөд мөнгийг өөрийн ирээдүйдээ зориулан хэрхэн төлөвлөх, сул зардлаа хэмнэх, санхүүгээ зөв удирдах, санхүүгийн зөв төлөвлөгөөтэй амьдрах зэрэг ирээдүйд олон нийтэд зайлшгүй хэрэгцээтэй үнэт зөвлөгөөнүүдийг оролцогчдод өгсөн юм.

Лекцийн үеэр нийгэмд үлгэр дууриалал үзүүлж буй санхүүгийн салбарын лидерүүд, бизнесийн салбарын төлөөллүүд болох Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч О.Банзрагч, Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон, Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан болон АФА академийн үүсгэн байгуулагч Аксел Фишер нар “Би хэрхэн хадгалдаг вэ?” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, оролцогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөн өөрсдийн туршлагаасаа нээлттэй хуваалцлаа.


Арга хэмжээний үеэр арилжааны банкууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан шууд данс нээх, дансандаа мөнгө нэмэх зэрэг боломжийг олгосон юм. Түүнчлэн арга хэмжээг дэмжин ажилласан Голомт банк, Улаанбаатар хотын банк, Богд банкуудын зүгээс нийт 10 азтанг шалгаруулан өөрсдийн гарын бэлгийг гардууллаа.

МБХ-оос оролцогчдын хүсэлтийн дагуу иргэдэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээг шат дараатайгаар банкны харилцагч, үйлчлүүлэгчдэд төдийгүй банкны ажилтнууддаа зориулан зохион байгуулах болно.

Мөн арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан нийт байгууллагууд болон арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүмүүстээ дахин талархал илэрхийлье.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО