Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“ТАНЫ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД: МӨНГӨӨ ХЭРХЭН ЗӨВ УДИРДАХ ВЭ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

10-Р Сар 31, 2017


“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны хүрээнд Монголын Банкны Холбооноос санаачлан олон нийтийн санхүүгийн боловсролд зориулсан “Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?” нээлттэй арга хэмжээг Unread, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан /ХБОУХАСан/, Улаанбаатар Ротаракт клуб зэрэг байгууллагуудтай хамтран 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Корпорэйт Хотел энд Конвэйшн Центрийн Концертийн танхимд амжилттай зохион байгууллаа.


Нээлттэй арга хэмжээ маань “Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?” гэсэн 2 хэсгээс бүрдсэн лекц, “Би хэрхэн хадгалдаг вэ” гэсэн панел ярилцлага, азтан шалгаруулах арга хэмжээ гэсэн хэсгээс бүрдэж байсан юм. Арга хэмжээнд нийт 20-40 насны 1000 орчим хүн оролцлоо.


Лекцийг “АФА академи”-ийн гүйцэтгэх захирал, амьдралын дасгалжуулагч Ш.Амартүвшин удирдан явуулсан бөгөөд мөнгийг өөрийн ирээдүйдээ зориулан хэрхэн төлөвлөх, сул зардлаа хэмнэх, санхүүгээ зөв удирдах, санхүүгийн зөв төлөвлөгөөтэй амьдрах зэрэг ирээдүйд олон нийтэд зайлшгүй хэрэгцээтэй үнэт зөвлөгөөнүүдийг оролцогчдод өглөө.

Лекцийн үеэр нийгэмд үлгэр дууриалал үзүүлж буй лидерүүд, урлаг соёлын төлөөллүүд болох Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин, Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, 2016 оны Монголын мисс Б.Баярцэцэг нар “Би хэрхэн хадгалдаг вэ?” сэдвээр нээлттэй ярилцаж, өөрсдийн үнэт туршлагаасаа ярилцан оролцогчдод зөвлөгөө, мэдээллээсээ хуваалцлаа.


Арга хэмжээний үеэр Хаан, ХХБ, Голомт, Хас, Ариг, ҮХОБанкууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ арга хэмжээний 1,000 орчим оролцогчдод танилцуулан шууд данс нээх, дансандаа мөнгө нэмэх зэрэг боломжийг олгосон юм. Түүнчлэн оролцогчдоос нийт 10 азтанг шалгаруулан 50,000 төгрөгийн эрх бүхий “Хадгаламжийн сертификат”-ыг гардууллаа.

Оролцогчдын хураамжаас орсон орлогыг Улаанбаатар Ротаракт клубээс хэрэгжүүлэх “Эх нялхасын эрүүл мэндийн төвийн гаднах эргэлтийн талбайг засварлан тохицуулах “Children’s garden” төслийг хэрэгжүүлэхэд хандивлав.


Энэхүү нээлттэй арга хэмжээ нь оролцогчдын сэтгэл хүрсэн, хадгаламжийн ач холбогдлыг ойлгуулсан үр дүнтэй болж чадсан нь зохион байгуулагчдад хандсан санал, хүсэлтүүдээс харагдаж байлаа. МБХ-оос оролцогчдын хүсэлтийн дагуу арга хэмжээг шат дараатайгаар банкны харилцагч, үйлчлүүлэгчдэд төдийгүй банкны ажилтнууддаа зориулан зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгахад таатай байна.

Мөн арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан нийт байгууллагууд болон арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүмүүстээ дахин талархал илэрхийлье.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Twitter