Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Ч.ЧИНБАТ: ИХ 20-ЫН УУЛЗАЛТ БОЛОН ВАЛЮТЫН ХАНШИЙН СӨРГӨЛДӨӨН...

2-Р Сар 18, 2013

Сүүлийн 2 долоо хоногийн турш дэлхийн санхүүгийн хэвлэлүүд Currency war буюу дэлхийн голлох улсуудын хооронд өөрийн орны валютын ханшийг зохиомлоор сулруулах замаар экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар хэлэлцлээ. Яриа ч ор үндэсгүй зүйл биш бөгөөд Япон Улсын Засгийн эрхэнд Шинзо Абе тэргүүтэй либерал демократууд гарч ирснээр дэлхийн хэмжээнд асуудал улам хурцаар тавигдаж байна.

Абе нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1980-аад оноос хойш зогсонги байдалд буй (Lost decade хэмээн эдийн засгийн түүхэнд орсон) Япон улсын эдийн засгийг мөнгөний бодлогыг инфляцийн түвшинтэй уялдуулах, засгийн газрын дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иены ханшийн чангаралтын эсрэг интервенц хийх болон Япон улсын Засгийн газрын бондыг худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэрэгслийг ашиглаж, дефляцийн нөлөөллөөс гаргана гэж амласан. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр парламентийн сонгуульд ялж, ерөнхий сайд болсон мань эр амласан бүхнээ хэрэгжүүлж эхэлснээр сүүлийн 2 сарын хугацаанд ам.долларын эсрэг иены ханш 76-с 94 хүртэл 20% сулраад байна.

Богино хугацаанд иены ханш ингэж Засгийн газар, улсын оролцоотойгоор суларсан нь бусад экспортын тэргүүлэх улсууд, ялангуяа Холбооны Бүгд Найрамдах Герман болон Өмнөд Солонгос улсуудын хувьд гомдол гаргах, дэлхийн улсуудын анхаарлыг энэ асуудалд хандуулах сонирхол үүсгээд байна. Эдгээр улсуудын гомдол ч эдийн засгийн үндэслэлтэй бөгөөд, хэрэв дэлхийн голлох эдийн засагтай улсууд өөрийн валютын ханшинд хүчээр нөлөөлж, бусад гадаад худалдааны өрсөлдөгч улсуудын мөнгөн тэмдэгтийн эсрэг сулруулж эхэлвэл, 1970 он буюу Бреттон Вуудсын тохиролцоо дуусгавар болсноос хойш мөрдөж буй зах зээлийн жамаар валютын ханш тогтох механизмаас ухарч, улмаар дэлхийн хэмжээний гадаад худалдааны эргэлт буурах, эргээд эдийн засгийн хямралыг даамжруулах эхлэл болно.

Японы засгийн газрын баримталж буй бодлого ч өөрийн улсын хувьд зөв.

Учир нь тус улс нь сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5 удаа эдийн засгийн хямралд өртөөд байна. (ДНБ-ийн хэмжээ 3-н улирал дараалж сөрөг өсөлттэй гарсан нөхцөлд эдийн засаг хямарч байна гэж үздэг).

1980-аад оны Япон Улсын экспорт дээр суурилсан эдийн засгийн өсөлт хурдац, дэлхийн хэмжээнд Япон Улсын эдийн засгаас хамаарах хамааралыг нэмэгдүүлж байсан нь АНУ болон бусад улсуудын зүгээс Япон Улсыг шахаж, эдийн засгийн халалтыг хөргөх зорилгоор иены ханшыг ам.долларын эсрэг 140-с 100 иен рүү чангаруулсан нь Япон Улсын хувьд Lost Decade буюу эдийн засгийн зогсонги байдлыг авчирсан.

Улмаар эдийн засгийн зогсонги байдал дамжирч Японы Засгийн газрын өр ДНБ-ий нийт хэмжээнээс 2,2 дахин нэмэгдсэн ч Япон Улсын эдийн засгийн онцлог болох дотоодын хуримтлалаар санхүүжигдаж, Грек болон Европын холбоонд тулгарсан шиг нөхцөл байдал үүсгээгүй.

Гэвч 2008 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн шинэ хямрал нь дотоодын хуримтлал өндөр, гадаад худалдааны тэнцэл нь ашигтай Япон улсыг хямралаас зугтах газар (safe heaven) болгон их хэмжээний бусад валют дээрх хөрөнгийн урсгал иенд шилжиж, хөрөнгөнд байршсан нь шинэ дарамт үүсгэсэн.

2012 онд иены ханш ам.долларын эсрэг дэлхийн 2 дугаар дайнаас хойшхи хамгийн өндөр буюу 75 хүрч, Япон Улсын томоохон экспортлогч нарын хувьд оршин байх нөхцөлгүй болж, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах болсон. Энэ нь эргээд тэдний дотоод эдийн засгийн тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн бөгөөд ийнхүү нөлөөлсөн нь Абе-ийн бодлогыг зөвтгөнө.

Энэ долоо хоногийн Мягмар гаригт хуралдсан Их-7–ын уулзалтын хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэж, эдийн засаг, мөнгөний бодлогыг валютын ханшийг бай болгохгүй зөвхөн дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлнэ гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр болон маргааш Москва-д зохион байгуулагдах Их-20-ийн уулзалтын хүрээнд ч энэ асуудал чухал сэдвийн нэг байхаар байна.

Их-7 болон Их-20-ийн уулзалтын хүрээнд Япон Улсыг ганцааранг нь валютын ханшийн сөргөлдөөн үүсгэж буйд буруутгах аргагүй юм. Хэрэв эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад худалдааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор мөнгө хэвлэж эдийн засагтаа нийлүүлэх нь ч Currency war-тай адил гэж үзэх нөхцөлд энэ дайн, 2008 онд АНУ-ийн сангийн сайд Паулсон 800 тэрбум доллар хэвлэж, засгийн газрын бондоо худалдаж авснаар эхэлсэн. Хямралаас зугтаж Европын холбоо, Хятад, Япон зэрэг томоохон эдийн засаг бүхий улсууд бүгд энэ замыг сонгосон.

Мексикийн Төв банкны ерөнхийлөгч Карстений үзэж буйгаар энэ бодлого (дайн)-ын гол хохирогчид нь хөгжиж буй улсууд болсон. Өөрөөр хэлбэл хэвлэсэн хямд мөнгө, бага хүүтэй улсаас дайжиж, эдийн засгийн өсөлт бүхий өндөр хүүтэй, эрэлт бүхий хөгжиж буй улсуудын хөрөнгөд байршиж эхэлсэн нь хиймэл хөрөнгийн үнэ цэний өсөлт дагуулж, улмаар тухайн улсын валютыг чангаруулж, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нь багасгаж байна. Хэрэв хөгжингүй улсуудын бодлого эргэсэн нөхцөлд hot money гарч явснаар хөгжиж буй улсуудын эдийн засагт цохилт өгч хямрал дагуулах аюултай.

Япон Улсын өмнөх ерөнхий сайд Нода тэргүүтэй консерватив Засгийн газар АНУ, Европын холбоо болон Хятад Улстай харьцуулвал харьцангүй бага хэмжээний мөнгө хэвлэж, эдийн засагт оруулсан бөгөөд энэ ч магадгүй Их-7-ын уулзалт дээр бусад улсууд Япон Улсын зүг дайралт хийгээгүйх нь үндэс байх. Хамгийн гол нь бусад улсуудын 2-3 жилд хийсэн ажлыг Япон Улсын Засгийн газар 2-3 сарын дотор хийж, үр дүн гаргасан нь л валютын ханшийн сөргөлдөөнийг сөхөж гаргаад байна. Гэтэл энэ нь зөвхөн дэлхийн хэмжээнд эдийн засгийн тууштай макро бодлогын зураглал байхгүйд оршиж байна. Япон улсын Засгийн газрын бодлого зах зээл дээр хамгийн тод ойлгомжтой байсан нь ийм үр дүн авчирлаа.

Хямралаас гарах шинэ төрлийн мөнгөний бодлогууд хэрэгжиж эхлээд 3-4 жилийн нүүр үзлээ...... Гэтэл Их-20 улсуудын 1/3 нь 2012 оны 4 дүгээр улиралд эдийн засгийн сөрөг өсөлттэй гарсан. Өөрөөр хэлбэл Currency war бүгдийг нь нэг нүхэнд байлгасаар л байна. Маргааш нөгөөдөр Москвагийн чимээг сонсоод итгээд хүлээх үлдлээ.