Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МЭДЭГДЭЛ

4-Р Сар 21, 2017


Монгол Улсын Их Хурлаас орлогын албан татварын шатлал бий болгох, иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх хугацааг наашлуулах, иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг үе шаттай нэмэгдүүлэх зорилгоор “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан бөгөөд тус хуулийн дагуу мөнгөн хадгаламжийн хэмжээ болон хугацаанаас үл хамааран банкнаас мөнгөн хадгаламж, харилцах дансанд төлж буй хүүгийн орлогод 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулах гэж байна.

2006 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын тухай хуульд “хөрөнгийн орлого”-ын нэг төрөл болох “хүүгийн орлого” нь албан татвар ногдох орлого байхаар заасан ч төрөөс иргэдийн мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх, зээлийн эх үүсвэрийн тасалдалгүй байдлыг дэмжих зорилгоор албан татвар ногдуулах асуудлыг хойшлуулж ирсэн.

Хуульд орж буй дээрх өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтэд “хадгаламжид албан татвар ногдуулна” гэсэн ташаа ойлголт, мэдээлэл бий болж, үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламжаа авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналууд тавих болсон тул Монголын Банкны Холбооноос дараахь зөвлөмж бүхий мэдэгдлийг гаргаж байна.

“Хадгаламжийн хүү” нь банкинд мөнгөө хадгалуулсантай холбоотойгоор банкнаас авч байгаа харилцагчийн “мөнгөн орлого” учраас ХХАОТ-ын тухай хуулийн дагуу тус орлогоос татвар төлөх үүрэгтэй. Тодруулбал, хадгаламж эзэмшигчийн банкинд хадгалуулж буй мөнгөний үлдэгдлээс албан татвар авах бус, мөнгийг хадгалсантай холбоотойгоор банкнаас төлж буй хүүгийн “орлого”-д татвар ногдуулах юм.

Жишээлбэл: Иргэн Б өөрийн дансанд 1,000,000 төгрөгийг жилийн 16%-ийн хүүтэй 12 сарын турш хадгалсан тул банкнаас 160,000 төгрөгийн хүүг түүний дансанд шилжүүлнэ. Иргэн Б нь орлого олж байгаа тул ХХОАТ-ын хуулийн дагуу хүүгийн орлого болох 160,000 төгрөгөөс 10% буюу 16,000 төгрөгийн татварыг суутган шилжүүлнэ. Татварын дараа иргэн Б-ийн хадгаламжийн данс 1,144,000 төгрөгтэй болно гэсэн үг юм.

Иймд иргэд, харилцагч та бүхнийг олон нийтийн мэдээллийн сувгаар явж буй хадгаламжийн хүүгийн татвартай холбоотой мэдээлэлд бодитой, ул суурьтай хандах, хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болох банкны хадгаламжийг сонгохыг зөвлөж байна.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Twitter