Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ XI ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

12-Р Сар 20, 2016


Монголын Банкны Холбоо нь жил бүрийн 12 дугаар сард бүх гишүүдээ оролцуулан чуулганаа зохион байгуулж, тухайн жилийнхээ ололт амжилт, алдаа оноогоо дүгнэдэг уламжлалтай. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй чуулганы үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулганы үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй удирдлагуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь онцлох явдал байлаа. Чуулганаар Холбооны ерөнхийлөгчийн ажлын тайланг сонсож, Монгол Улсын банкны салбарын хүртээмжийн судалгааг танилцуулсан бөгөөд цаашид анхаарч ажиллах чухал асуудлуудыг хэлэлцлээ.


Энэ жилийн чуулганы хөтөлбөр ёсоор Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Дэд ерөнхийлөгч Д.Төмөрхүү нарын бүрэн эрхийг сунгах эсэх, дэд ерөнхийлөгч нарыг шинээр сонгох асуудлуудыг тус тус хэлэлцэж, олонхийн саналаар О.Орхоны ерөнхийлөгч болон Д.Төмөрхүү дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 1 жилээр сунгаж, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Н.Цэрэндаваа, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нарыг дэд ерөнхийлөгчөөр тус тус сонголоо.

Өмнө нь Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хаан банкны Гүйцэтгэх захирал асан Норихико Като нарт Холбооны үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллаж ирсэнд талархахын зэрэгцээ цаашдын ажил, амьдралд өндөр амжилт хүсье.

Мөн Монголын Банкны Холбооны ХI чуулганы үйл ажиллагаанд оролцсон гишүүн байгууллагуудын нийт удирдлага, төлөөллүүдэд болон шинээр сонгогдсон дэд ерөнхийлөгч нартаа холбооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ТАЛАРХАЛ, ШАГНАЛУУД ЭЗЭДДЭЭ ОЧЛОО.

Жил бүр нэг дор хуран цуглаж буй нийт гишүүн байгууллагуудаа хүндэтгэн Чуулганы үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулдаг юм. Тус хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын Банкны Холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг төлөөлөлд талархал гардуулж, “Шилдэг Банкир” тэмдэг, өргөмжлөлөө эздэд нь хүртээдэг уламжлалтай.

Холбоо нь банкны салбарын мэргэжлийн дуу хоолой болдог байгууллагын хувьд олон хүмүүстэй хамтран ажилладаг. Тэдгээр хүмүүсээс онцлон энэ жилийн хувьд МБХолбооны нэрэмжит талархал, дурсгалын зүйлийг Ариг банкны зохицуулагч Ө.Очбаяр, Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр, Капитал банкны Санхүү, хөрөнгийн удирдлагын газрын захирал М.Оюунтуяа, Төрийн банкны Даатгалын албаны ахлах мэргэжилтэн Т.Лхагвацэрэн, Хаан банкны Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Х.Эрдэнэчимэг, Худалдаа, хөгжлийн банкны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал А.Дэлгэрсайхан, Хуулийн газрын захирал Ц.Ганбаяр, Хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Мөнхжавхаа, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн менежер Б.Батмөнх, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI) болон Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) байгууллагад тус тус гардуулсан юм.



“Шилдэг Банкир” шагнал, өргөмжлөлийг банкны байгууллагыг хөгжүүлэхэд онцлон тэмдэглэх амжилт гарган, бодитой хувь нэмэр оруулсан, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд гардуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 6 дахь удаагаа шагнал олгох арга хэмжээг зохион байгууллаа.

2016 оны “Шилдэг Банкир” тэмдэг, өргөмжлөлийн эздээр Голомт банкны Сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал, Капитрон банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Ч.Энхбат, Улаанбаатар хотын банкны Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал Б.Энх-Эрдэнэ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дотоод аудитын газрын захирал Б.Мөнхцэрэн, Хаан банкны Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал Б.Эрдэнэдэлгэр, Хас банкны Зээл хариуцсан захирал Ю.Гэрэлмаа, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхий аудитор П.Гантуул нар шалгарч, “Шилдэг Банкир” тэмдэг, гурван сая төгрөг, өргөмжлөлөө гардан авлаа.


Монголын Банкны Холбооны үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилласан та бүхэнд дахин талархал илэрхийлье.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “ШИЛДЭГ ТоС БАНК 2016”, ХАС БАНК “ШИЛДЭГ ТоС АРГА ХЭМЖЭЭ 2016” ШАГНАЛЫГ ТУС ТУС ХҮРТЛЭЭ.

Банкууд байгаль орчин, нийгэмд ээлтэй Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зээл, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа байгаль орчин нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцож, тэдгээрийг бууруулах, удирдах арга хэмжээг авахаас гадна өөрсдийн дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байхад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлуудаараа бусдыгаа манлайлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан банкуудыг урамшуулах зорилгоор Монголын Банкны Холбооны “Шилдэг ТоС банк” болон “Онцлох ТоС арга хэмжээ” шагналыг ХI чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр хоёр дахь жилдээ гардууллаа.

ТоС-ийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд бодитой хувь нэмэр оруулан, гаргасан үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өндөр ач холбогдол бүхий санаачлагуудаараа 2016 онд тэргүүлж ажилласан тул “Шилдэг ТоС Банк 2016”-аар Худалдаа, хөгжлийн банк шалгарлаа.


Харин ТоС хөтөлбөрийн хүрээнд онцгойлон хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй, хүртээмжтэй, олон нийтэд таниулсан байдлаараа ТоС хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Хас банк “Шилдэг ТоC Арга Хэмжээ 2016” шагналыг хүртлээ.


Түүнчлэн ТоС хөтөлбөрт идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласанд талархан ТоС-ийн Удирдах хорооноос Голомт банкны ТоС-ийн ажилтан Б.Саруулзул, Улаанбаатар хотын банкны Байгаль орчин, нийгмийн хариуцлагын ажилтан Б.Нарангарав, Хас банкны Хянан нийцүүлэлт хариуцсан ажилтан М.Бямбасүрэн нарыг “Шилдэг ТоС ажлын хэсгийн гишүүн”-ээр шалгаруулж, өргөмжлөл гардуулав.


2016 онд ТоС хөтөлбөрийн хүрээнд амжилттай ажиллаж, тэргүүлсэн Худалдаа хөгжлийн банк, Хас банкны хамт олон болон шагнал хүртсэн ажлын хэсгийн гишүүддээ дахин баяр хүргэе!

Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш-Эрдэнийн одон”-г Голомт банкны Ерөнхийлөгч Галсангийн ГАНБОЛДОД хүртээлээ.

Монголын Банкны Холбоо нь 2013 оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан Монголын Банкны Холбооны дээд шагнал "Хаш Эрдэнийн Одон"-г гардуулж эхэлсэн билээ.

Банкны салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй, манлайлал үзүүлэн ажиллаж буй Голомт банкны Ерөнхийлөгч Галсангийн Ганболдод Монголын Банкны Холбооны Дээд шагнал "Хаш Эрдэнийн Одон"-г ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.


Г.Ганболд ерөнхийлөгчдөө Монголын Банкны Холбооны үе үеийн удирдлагууд, нийт гишүүн байгууллагуудын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Монголын Банкны Холбооны ээлжит XI чуулган ёслол төгөлдөр, амжилт бүтээлээр дүүрэн амжилттай болж өнгөрлөө.


Монголын Банкны Холбоо

Twitter