Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО 2017 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

12-Р Сар 19, 2017


Монголын Банкны Холбоо нь жил бүрийн 12 дугаар сард бүх гишүүдийг оролцуулан чуулганаа зохион байгуулж, тухайн жилийнхээ ажлаа дүгнэдэг билээ. МБХ-ны Ээлжит XII чуулганыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Чуулганы арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хүндэт зочноор оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Холбооны ерөнхийлөгчийн ажлын тайланг дүгнэн, Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Монгол Улсын банкны салбарын хүртээмж 2017” судалгааг танилцуулсан юм.

Энэ удаагийн чуулганы гишүүдийн олонхийн саналаар МБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар ажиллахаар боллоо.


Чуулганы төгсгөлд Монголын Банкны Холбоо нь Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах болон Монголын Даатгагчдын Холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг тус тус зохион байгуулж олон улсын болон бусад салбарын мэргэжлийн холбоодтой ажиллах хамтын ажиллагааг өргөжүүллээ.



Монголын Банкны Холбооны ХII чуулганы арга хэмжээнд оролцсон гишүүн байгууллагуудын удирдлага, нийт төлөөлөллүүдэд болон шинээр сонгогдсон дэд ерөнхийлөгчиддөө холбооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

2017 онд Монголын Банкны Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтарч ажилласан гишүүн байгуулагуудын ажитнуудад Холбооны талархал, дурсгалын зүйлс гардууллаа

Холбооны нэрэмжит талархал, дурсгалын цомыг Хаан банкны Хууль, эрх зүйн газрын захирал, Хуульчдын мэргэжлийн зөвлөлийн дарга Э.Хосбаяр, Худалдаа, хөгжлийн банкны Даатгалын хэлтсийн захирал, Даатгалын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Мөнхдэлгэр, Хас банкны Хуулийн хэлтсийн захирал Э.Мөнх-Эрдэнэ, Төрийн банкны Комплаенсийн хэлтсийн захирал, Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн дарга Х.Гэрэлчулуун, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын туслах Лхагвасүрэнгийн Сайнбаяр, Хас банкны Ерөнхий эдийн засагч С.Болд, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагын Ногоон хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Ч.Болормаа, Bank of Tokyo Mitsubishi банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хиротакэ Хиросэ нарт тус тус гардуулсан юм. Монголын Банкны Холбооны үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилласан та бүхэнд дахин талархал илэрхийлье.


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “ШИЛДЭГ ТоС БАНК 2017”, ХАС БАНК “ШИЛДЭГ ТоС АРГА ХЭМЖЭЭ 2017” ШАГНАЛЫГ ТУС ТУС 2 ДАХЬ УДААГАА ХҮРТЛЭЭ

Банкууд байгаль орчин, нийгэмд ээлтэй Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зээл, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа байгаль орчин нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцож, тэдгээрийг бууруулах, удирдах арга хэмжээг авахаас гадна өөрсдийн дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байхад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлуудаараа бусдыгаа манлайлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан банкуудыг урамшуулах зорилгоор Монголын Банкны Холбооны “Шилдэг ТоС банк” болон “Онцлох ТоС арга хэмжээ” шагналыг ХII чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр гурав дахь удаагаа гардууллаа.

ТоС-ийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд бодитой хувь нэмэр оруулан, гаргасан үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өндөр ач холбогдол бүхий санаачлагуудаараа 2017 онд тэргүүлж ажилласан тул “Шилдэг ТоС Банк 2017”-аар Худалдаа, хөгжлийн банк шалгарлаа.


Харин ТоС хөтөлбөрийн хүрээнд онцгойлон хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй, хүртээмжтэй, олон нийтэд таниулсан байдлаараа ТоС хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Хас банк “Шилдэг ТоC Арга Хэмжээ 2017” шагналыг хүртлээ.


Түүнчлэн ТоС-ийн Удирдах хорооноос ТоС хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буй Ариг банкны Манлай дэмжигч Д.Төмөрхүүд “ТоС талархал”-ыг ёслол төгөлдөр гардуулсан бол ТоС хөтөлбөрт идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласанд талархан Худалдаа, хөгжлийн банкны Байгаль орчин, нийгмийн хариуцлагын ажилтан Д.Чинзоригийг “Шилдэг ТоС ажлын хэсгийн гишүүн”-ээр шалгаруулж, өргөмжлөл гардуулав.



2017 онд ТоС хөтөлбөрийн хүрээнд амжилттай ажиллаж, тэргүүлсэн Худалдаа хөгжлийн банк, Хас банкны хамт олон болон шагнал хүртсэн ажлын хэсгийн гишүүддээ дахин баяр хүргэе!

Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш-Эрдэнийн одон”-г Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч ДАМБИЙЖАВЫН ХҮРЭЛБААТАР хүртлээ

Монголын Банкны Холбоо нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан Монголын Банкны Холбооны дээд шагнал "Хаш Эрдэнийн Одон"-г гардуулж эхэлсэн билээ. Банкны салбарт 36 жил үр бүтээлтэй, манлайлал үзүүлэн ажиллаж буй Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Дамбийжавын Хүрэлбаатар Монголын Банкны Холбооны Дээд шагнал "Хаш Эрдэнийн Одон"-гийн эзэн боллоо.



“Хаш Эрдэнийн Одон” хэмээх эрхэм дээд шагналыг хүртсэн Д.Хүрэлбаатар танд Монголын Банкны Холбооны үе үеийн удирдлагууд, нийт гишүүн байгууллагуудын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Мөн түүнчлэн Банкны байгууллагыг хөгжүүлэхэд онцлон тэмдэглэх амжилт гарган, бодитой хувь нэмэр оруулсан, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд “Шилдэг Банкир" тэмдэг, өргөмжлөлийг 7 дахь удаагаа гардуулсан юм. Энэхүү шагналаар Ариг банкны Жолоодлогоор дэмжих жигүүрийн манлай дэмжигч Р.Наранбаатар, Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал М.Сайнбилэг, Капитрон банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Бат-Энх, Кредит банкны Санхүүгийн захирал Д.Баярсайхан, Төрийн банкны Улаанбаатарын банкны газрын орлогч захирал Н.Зоригт, Улаанбаатар хотын банкны Дэд захирал С.Баатар, Хаан банкны Санхүү хариуцсан захирал Г.Мөнхбаяр, Хас банкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул, Худалдаа, хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Гантөмөр, Чингис хаан банкны Төв салбарын захирал А.Наранзул, Монгол Улсын Хөгжлийн банкны Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Туяачимэг нар шалгарч Шилдэг Банкир тэмдэг, гурван сая төгрөг, өргөмжлөлийн хамт гардан авлаа.



Монголын Банкны Холбооны ээлжит XII чуулган ёслол төгөлдөр, амжилт бүтээлээр дүүрэн амжилттай болж өнгөрлөө.

Монголын Банкны Холбоо