Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Б.Найдалаа: Санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбар нийт эдийн засгийн тусгал толь...

Санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбар нийт эдийн засгийн тусгал толь

/Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 14 банкыг холбох гүүр нь болон ажиллаж буй Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Б.Найдалаатай ярилцлаа./

-Манай улсын эдийн засаг ямар түвшинд байгааг банкны зээлийн үлдэгдлээс харах боломжтой байдаг. Тэгэхээр банкны салбар эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргээс яриагаа эхлэе?

-Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Монголын банкуудын нийт хөрөнгө 12 их наяд төгрөгт хүрээд байна. Банкны салбар өсч байгаа хэдий ч өмнөх өсөлтийн дундаж хурдтай харьцуулбал өсөлт саарсан. Зээлийн өсөлт ч мөн 2011 оны сүүлээс эхлэн аажим саарсан дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ бол өсөлтийн хурдац хэлбэлзэхийг хэлж байгаа болохоос нийт дүнгээрээ банкны салбар болон зээл тасралтгүй нэмэгдэж байгаа юм.  Тухайлбал, 2012 онд нийт зээл өмнөх оноос 24 хувиар нэмэгдсэн байна. Санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбар нийт эдийн засгийн тусгал толь бөгөөд эдийн засгийн өсөлт, нөхцөл байдал ямар байна яг тэр дүрээрээ банкны салбарт тусч харагддаг. Банкны салбар болон зээлийн хэмжээ жилийн 28 орчим хувийн өсөлттэй гарна гэдэг нь дундаж, Монгол шиг улсын хувьд харьцангуй нам үзүүлэлт юм. Эдийн засаг нь өсөлт өндөртэй гарсан хэрнээ банкны салбарын өсөлт тийм ч өндөр биш байгаа нь ДНБ-ийн өсөлтийг бүрдүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн нь яг дотоодын банкны салбар, дотоод эдийн засагтаа, өөрөөр хэлбэл иргэдэд сайн нялзахгүй, тойроод байгаагийн илрэл байж болох юм. Үүнийг тодорхой судалж үзэх шаардлагатай байх. Нөгөө талаас одоогийн байдлаар эдийн засагт тулгарч буй инфляцийн дарамт арай багасаж, хий хөөрөгдөл, хөөс буурсны шинж байж болно.

-Ер нь банкны үндсэн үзүүлэлтийг ажиглавал орон нутаг аймгуудын эдийн засгийн багцааг харж болж байна. Жишээ нь, сүүлийн жилүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудын хадгаламж, зээл эрчимтэй нэмэгдэж байгаа нь тэнд бизнесийн идэвхжил нэмэгдэж, төвлөрөл, хүлээлт үүсч байгаагийн шинж гэж ойлгож болох уу?

Эдийн засаг өсөх, тэр өсөлтийг иргэдэдээ хүргэж чадах эсэх нь дотоодын банк санхүүгийн систем хэр найдвартай, эрүүл байгаагаас шууд хамаарна. Зүйрлэвэл, хүний судас, цусан хангамжийн систем нь дотоодын банкны салбар гэсэн үг. Иймээс, хэрвээ дотоодын санхүүгийн системийг үл тоомсорлож, эрүүл хөгжлийг нь дэмжихгүй, эсвэл гадаад түр зуурын эх үүсвэрт бялуурч, гадаадын санхүүгийн байгууллагад хэт найдвал өсөлт, өгөөжийг иргэддээ хүргэх ажил бүтэлгүй болно. Тэгэхээр Монгол улс дотоодын, өөрийн гэсэн санхүүгийн системээ онцгой анхаарч, чадавхижуулах ёстой. Гэтэл нөхцөл байдлаа мэдэхгүй, мэдрэлгүй “банкны зээлийн хүү хэт өндөр байна”, эсвэл “банкууд мөнгө шударга бусаар хүүлж, шулж байгаа” мэт бүдүүлэг, буруу ойлголтыг нийтэд түгээж, толгойг нь эргүүлж явдаг УИХ гишүүд хүртэл байна. Үнэндээ бол ямар эдийн засаг ямар байна, тийм л санхүүгийн, банкны салбар байна. Банкны салбар өөр аль ч салбараас илүүтэй өнгөрсөн 20 жил Монголын эдийн засгийг чирч, үндсэн үүргээ сайн гүйцэтгэсээр ирсэн гэж боддог. Банкны салбар гурван ч удаа хямралд орж, банкууд дампуурч байсан нь банкны асуудал гэхээсээ илүү тухайн үеийн эдийн засагт тулгарч байсан асуудал, хог шаарыг гадагшлуулж, цэвэршүүлж байгаа нэг процесс юм. Тэгэхээр эдийн засаг бодитой өсч, тэр өсөлт хөгжлөө дотооддоо тогтооё, шингээе гэвэл дотоодын санхүүгийн системээ онцгой анхаарч, бусдаас түрүүлэн бэлдэх, дэмжих хэрэгтэй байна.

-Банкны салбарынхан эрсдлээс хэрхэн хамгаалж байна вэ?

-Банкны салбар тухайн улсын эдийн засгийн шууд тусгал байдаг гэж түрүүн хэлсэн. Тэгэхээр банкны салбар бол зөвхөн банкныхаа биш, нийт эдийн засгийнхаа эрсдэлийг нь өмнөөс нь үүрч, хянаж байдаг онцгой салбар юм. Өнгөрсөн 20 гаруй жилд Монгол банкны хяналт шалгалт, стандартууд болон гадаадын төсөл хөтөлбөр, сургалтуудын үр дүнд банкны салбарын удирдлага, менежмент, хяналт, ер нь засаглал нь өндөр түвшинд хүрсэн. Мөн гурван ч удаагийн хямралыг даван гарч, туршлагажсан тул эрсдэлийн удирдлага нь бусад салбарыг бодоход илт сайн хөгжсөн юм. Одоо харин цаашид эдийн засгийн огцом өсөлт, мөнгөн урсгал өсөх, гадаад харилцаа, хөдөлгөөн нэмэгдэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, гүйлгээ нэмэгдэхтэй холбогдуулан эрсдэлийн удирдлагыг сайжруулах, олонулсын стандарт руу дөхүүлж, хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Монголын банкны холбоо судалгаа, шинжилгээ хэр хийж байна вэ?

-Монголын банкны холбоо бол мэргэжлийн байгууллага. Бид гишүүддээ үйлчлэх, мэргэжлийн мэдээлэл, холбоог нь бий болгох, мэдээлэл судалгаагаар хангах ёстой. Мөн нийтлэг эрх ашгийг нь хамгаалж, төр засгийн бодлогод тусгах, гишүүдийнхээ санаачлага, хүчийг нэгтгэж, төр засагтай хамтран салбарын хөгжлийн төлөө ажиллах ёстой. Манай холбооноос “Банкны аж үйлдвэр” нэртэй судалгааны ажил хийж байна. Цаашид зөвхөн статистик нэгтгэл биш, дүгнэлт анализ хийж гаргахаар төлөвлөж байгаа. Банк бол мөнгө хүүлдэг газар биш, санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нэмүү баялаг үйлдвэрлэдэг онцгой ач холбогдолтой суурь салбар. Бүх бизнес, бүтээж байгаа нэмүү өртөг болгон банкаар дамжиж бий болдог. Тиймээс энэ судалгаагаа “Банкны аж үйлдвэр” гэж нэрлэсэн. Бид банкны үндсэн тоо, статистикийг нэгтгэж тоймлоод англи, монгол хэл дээр гарган холбооныхоо цахим хуудаст байрлуулж байгаа.

-Орон нутагт санхүүгийн үйл ажиллагаа хэр хүртээмжтэй хүрч байгаа бол?

-Зарим хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад Монгол улс санхүүгийн болон банкны салбар нэгж сайн хөгжиж, орон нутгийг бүхэлд нь бүрхэж чадсан, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайтай улс. Орон нутагт өнөөдрийн байдлаар банкны 1011 салбар тооцооны төв ажиллаж байна. Манай улс 300 гаруй сумтай. Сум бүр зарим багт хүртэл банкны салбар тооцооны төвүүд ажилладаг. Тэдгээр салбарууд ихэнхи нь онлайн. Тэгэхээр санхүүгийн системийн салбар сүлжээ биет байдлаараа маш сайн бүрэлдсэн байна. Харин одоо энэ сүлжээ торыг үр ашигтай ашиглах, ажиллуулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг, жишээ нь бага хүүтэй зээлийг өртөг бага, шуурхай хүргэх л хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл, банкууд өөрсдийн зүгээс хийж болох зүйлийг хийж, үндсэн суурийг, биет сүлжээ дэд бүтцийг, замыг тавьчихаад байна. Харин одоо нэмэлт эх үүсвэрийг дэмжих, зээлийн хүү бууруулах, санхүүгийн салбарын эрхзүйн орчныг яаралтай шинэчлэх, нийт бизнесийг эрсдэлийг бууруулах, иргэд болон хөрөнгийн бүртгэлийн системийг сайжруулах гэх мэт бодлогын шийдлүүдийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн салбарын дэд бүтцүүд, санхүү, эдийн засгийн эрх зүйн шинэчлэл хол хоцрогдоод байна.

-Банкуудын өрсөлдөөн нэмэгдвэл эдийн засагт хэрэгтэй. Манай банкуудын дундах өрсөлдөөн ямар түвшинд байна вэ?

-Зарим улстөрч, бүр гайгүй гэгддэг эдийн засагчид хүртэл хэдэн банкууд үгсэн хуйвалдаж, хүүгээ өндөр байлгадаг, иргэдийг шулдаг мэт ярьдаг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт. Миний мэдэхийн банкны салбар эрүүл өрсөлдөөнтэй, үнэ үгсэж хуйвалдах соёл анхнаас нь бүрдээгүй, тийм боломж ч байхгүй салбар. Манайд өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 3-5 банк нь зах зээл дээр голлох байр суурийг хувийг эзэлж, өрсөлдөж байгаа. Тэгэхээр тэр гэнэн, ташаа ойлголт, ажил хэрэгч биш хандлагаа өөрчилж, яаж дэмжиж бат бэх санхүүгийн салбартай болох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Санхүүгийн салбар бол үнэхээр эдийн засгийн өсөлтийг нийт иргэдэд хүргэх гол бөгөөд ганц гүүр юм. Хөөрч догдолж, хардаж сэрдэж, илүү дутуу үзэж байгаад энэ салбарын асуудлыг орхигдуулвал эдийн засгийн өсөлт Монголд ямар ч өгөөжөө өгөхгүй, хөгжил иргэнд огт хүрэхгүй, явцуухан хүрээнд баялаг хуваарилагдаад дуусна. Банкны сүлжээ бол халамжийн мөнгө, тэтгэвэр, цалин түгээдэг сүлжээ биш, үндсэн үүрэг нь өөр шүү дээ. 

-Үйл ажиллагаа явуулдаг ганц байртай банк бас бий шүү дээ.

-Жижиг банк байж болно. Дүрмийн сангийн шаардлага болон бусад хууль, журмаар тогтоосон шаардлагаа хангаад ажиллаж байгаа л бол хэдэн салбартай, хичнээн ажилтантай байх нь чухал биш шүү дээ. Банкны салбарыг хооронд нь өрсөлдүүлээд нэгтгэж, цөөрүүлж, томруулах ёстой гэсэн яриа байнга гардаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй банкны тоо хэт олон мэт харагдаж байгаа ч бодит байдлыг үзвэл салбарын нийт хөрөнгө, чадавхийн дийлэнх нь голлох 3-5 банкинд төвлөрчихсөн байгаа юм. Тэгэхээр банкууд нэгдсэн ч тоо нь цөөрнө үү гэхээс чанарын ямар ч ялгаа гарахгүй юм. Өөрөөр хэлбэл, Монголын банкны салбарт төвлөрөл явагдчихсан, байж болох чадавхи, зохистой тоондоо зах зээлийн жамаар аажим явсаар бараг хүрсэн байна гэсэн үг.

-Томоохон хөрөнгө оруулалтын төслүүд яригдаж байгаа. Банкууд оролцох боломж хэр байна вэ?

- Түүхэнд байгаагүй их мөнгийг Монгол улсын Засгийн газар бондоороо босгочихлоо. Гэхдээ хялбархан их хэмжээний мөнгө гаднаас босгож чадлаа гээд, эсвэл үргэлж мөнх ийм байх мэт төсөөлж, дотоодын банк санхүүгийн салбараа үл тоомсорлох юм бол эргэж нөхөж баршгүй том алдаа болно. Энэ мөнгийг Монголын эдийн засагт зөв шингээхийн тулд, өгөөжийг нь иргэддээ хүргэхийн тулд заавал дотоодын банкны системээр дамжих ёстой. Тэгж байж ЖДҮ-ээ дэмжиж, хөгжүүлж чадна. Тэгж байж үндэсний брэнд бий болох нөхцөл үүснэ. Арилжааны банкууд маш олон хэлбэрээр хамтран, дэмжин оролцож болно. Зарим эс үүсвэрийг арилжааны банкуудад байршуулж, тодорхой зорилгоор зээлүүлж, санхүүжүүлж болно. Мөн хамтарсан зээл байдлаар Хөгжлийн банк, гадаад банкуудтай хамтран томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд болохгүй юм байхгүй. Маш олон хувилбар байж болохоор. Гагцхүү төр засгийн зүгээс банкуудтай нээлттэй ярилцахыг, ялангуяа холбоотой аливаа шийдвэр гаргахаас өмнө ярилцаж, нэр төдий санал авах биш, бодитой зорилготой зөвлөлдөж байгаасай гэж хүсч байна.

Бизнес Таймс сэтгүүл

Twitter