Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​БҮХ БАНКУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА КОМПЛАЕНСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХАА ТУНХАГЛАЛАА

10-Р Сар 07, 2016


Монголын Банкны Холбоо (МБХ)-ны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөл санаачлан нийт банкуудад Комплаенсийн бодлого, чиг үүргийг Монгол Улсын болон олон улсын зөвлөмж, шаардлагад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг болох зорилгоор “Банкинд комплаенсийн бодлого нэвтрүүлэх, чиг үүрэг тодорхойлох үлгэрчилсэн заавар”-ыг боловсруулж, баталсан юм.

Комплаенс нь, байгууллагын засаглалын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хууль тогтоомж, эрх бүхий төрийн байгууллагын баталсан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, дотоодын бодлого журмыг тэдгээртэй хянан нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг чухал үүргүүдийг хамардаг өргөн ойлголт юм. Энэ нь хууль, эрх зүйгээр хязгаарлагдахгүй, мөн шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг учир комплаенсийг байгууллагын бүхий л шатанд хэрэгжүүлж ажиллах нь ихээхэн ач холбогдолтой байдаг.

МБХ-ны гишүүн банкууд буюу Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитал банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк зэрэг арилжааны 13 банк болон Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд дээрх зааврын хэрэгжилтийг дэмжиж, өөрийн банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжүүлэхээ батлан 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр МБХ-ны байранд Комплаенсийг хэрэгжүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурлаа.


Түүнчлэн МБХ, Банк санхүүгийн академи болон Люксембургийн House of Training байгууллага хамтран банкуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан Комплаенсийн өндөр түвшний семинарыг зохион байгууллаа. Тус өндөр түвшний семинарыг House of Training байгууллагын Комплаенс хариуцсан зөвлөлийн гишүүн, AXA Люксембург байгууллагад Комплаенс хариуцсан дэд захирал, Люксембургийн Банкны Сургалтын Институтын сургагч багш хатагтай Амандин Лаурэнт удирдан явууллаа.


Семинарын үеэр хатагтай Амандин Лаурэнт комплаенсийг хэрэгжүүлэхийн ач холбогдол, банкны удирдлагуудын үүрэг роль, комплаенсийг хэрэгжүүлээгүйн улмаас гарч болох эрсдэл зэрэг олон асуудлыг ярилцаж, чухал мэдээллийг хуваалцлаа.

Комплаенсийг хэрэгжүүлэх нь байгууллагын нэр хүнд, хууль эрх зүй болон хориг арга хэмжээтэй холбогдон үүсч болох эрсдэлүүдээс сэргийлж чаддаг учраас энэхүү тунхаг бичигт гарын үсэг зурах ажиллагаа нь банкнаас бусад салбарт комплаенсийг хэрэгжүүлэх уриалга болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Twitter