Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Б.Батхишиг: Мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжилбэл зээл олголт хумигдсаар байна

5-Р Сар 26, 2015


Монголын эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын талаар Монголын Банкны Холбооны шинжээч Б.Батхишигтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаагаас яриагаа эхлэе. Манай улсын эдийн засгийн суурь бүтэц нь тогтвортой урт хугацаанд хөгжих боломжтой тогтолцоо мөн үү. Нэг салбараас хэт хамааралтай хөгжиж байгаа шиг харагдах юм?

-Эдийн засгийн хямрал боллоо гэх зүйл их яригдах шиг боллоо гэвч манай эдийн засаг хямраагүй харин ч өсөлттэй гарч байгаа. Харин эдийн засгийн өсөлтийн хурдац саарсан нь бидэнд том дохио сануулга.

Уул уурхайн салбарын зогсонги байдал нь улсын эдийн засгийн өсөлтийг хэрхэн сааруулж байгааг бид хангалттай харж байгаа болохоор цаашид нэг салбараас өндөр хамааралтай хөгжиж чадах уу, үгүй юу гэдгээ бодолцох шаардлагатай.

Манай эдийн засгийн 50 гаруй хувийг уул уурхай, бөөний болон жижиглэн худалдаа, хөдөө аж ахуйн салбар гэсэн гурван салбар бүрдүүлдэг үүнээс уул уурхайн салбар нь 23 хувь. Уул уурхайн салбар нь унавал дагаад бусад нь нурдаг ийм л тогтолцоотой яваад олон жил боллоо.

Оюу толгой, Таван Толгойн гэрээнээс шалтгаалж нийт эдийн засаг хүндэрч байгаа нь зохисгүй эдийн засгийн бүтэцтэй байгааг л харуулж байна. Бид өвчнийхөө голомтыг устгалгүй ханиадаа түр намдааж байгаа хүнтэй адилхан нөхцөлд байгаа учраас хөгжлийн бодлогоо дахин харах нь зүйтэй болов уу.

Бид одооноос 50, 100 жилийн хугацаан дахь эдийн засгийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй, хөгжиж чадсан орнуудыг харвал ийм том зорилготойгоор бодлогоо хэрэгжүүлдэг.

-Өнгөрсөн жил манай улсын эдийн засгийн байдал сайнгүй байлаа. Энэ оны эхэнд ч ДНБ-ийн өсөлт саарч 4.4 хувьтай гарлаа. Харин оны эцэст эдийн засгийн өсөлт ямар байх бол?

-Монголын Банкны Холбооноос энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа энэ сард танилцуулсан. Тус таамаглалаар энэ онд эдийн засаг 4.5 хувь болж өсөх төлөвтэй байгаа.

Мэдээж суурь бүтэц, салбаруудын нөхцөл байдлыг үнэлж аргачлалдаа тусгасан. Хэрэв Оюутолгой, Тавантолгойн гэрээ зурагдаж хөрөнгө оруулалт сэргэж эхэлбэл эдийн засагт томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Энэ онд эдийн засаг 4.5 хувь болж өсөх төлөвтэй байгаа

Оюу толгойн гэрээ өнгөрсөн долоо хоногт шийдэгдэж хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсон учраас оны эцэст өсөлтийн түвшин үүнээс сайн байж болох юм.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ/

Оюутолгойн далд уурхайн асуудал шийдэгдлээ, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж байна. Тус төслүүд хэрэгжсэнээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалтын одоо байгаа хасах дүн эерэг болох боломж бүрдэнэ. Том хоёр төсөл шийдэгдвэл төслийн хөрөнгө оруулалт болон бусад дагуул хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх нь ойлгомжтой.

Оюу толгойн хоёрдугаар шатны гэрээ зурагдсанаар 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 7 жилийн хугацаанд хийгдэхээр байгаа.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг сая баталлаа, одоо шинэчилсэн ТЭЗҮ-г бэлэн болгох, санхүүжилт олгох талуудтай хэлэлцэх асуудлууд нь хийгдэх ёстой үлдсэн.

Хэрэв бүтээн байгуулалтын ажил эхэлбэл энэ жилийн хувьд эхний ээлжинд 400-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх тооцоотой байгаа.

Мэдээж үүнийгээ даган ажлын байр нэмэгдэж тогтвортой орлогын эх үүсвэртэй иргэдийн тоо өснө. Rio Tinto компанийн мэдэгдсэнээр бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад 3,000 орчим ажлын байр бий болох тооцоог гаргасан байсан. Үүний дараа ч нэмэгдэх нь ойлгомжтой.

Таван Толгойн ордын хувьд гурван жилийн хугацаанд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх томоохон төсөл, энэ жил шийдэгдвэл 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд орж ирэх байх.

Шууд хөрөнгө оруулалт гуравдугаар сарын эцсийн байдлаар -74 сая ам.доллар, жилийн дүнгээр тооцвол 39.9 сая ам.доллар гарсан байгаа. Харин эдгээр төслүүд хэрэгжиж эхэлбэл хөрөнгө оруулалтын хэмжээ оны эцэст нэмэгдэж эхэлнэ.

Мэдээж валютын урсгал нэмэгдсэнээр төгрөгийн ханш чангарч долларын ханш 1,850 хүрч буурах боломжтой, харин инфляцийн хувьд Төв банкны зорилтот түвшин 7 хувьд хүрэх нөхцөл бүрдэх болов уу гэж харж байна.

Манай улсыг энэ хоёр төслөө хэрхэн шийдэх бол гэсэн ганц хүлээлт олон улсын хөрөнгө оруулагчдад байгаа учраас энэ хоёр төсөл амжилттай зэрэг хэрэгжвэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж манай эдийн засагт хөрөнгөө байршуулах сонирхол нь нэмэгдэнэ.

-Ам.долларын ханш сүүлийн хоёр сард бараг 2000 төгрөг хүртлээ өсч, эргэж буугаад 1940 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь хэр бодит бууралт вэ. Эргээд өсөх магадлал бий юу?

-Шинжээчийн зүгээс дүгнэхэд сүүлийн нэг сарын валютын ханшийн бууралт нь хэд хэдэн шалтгаантай байлаа гэж харж байна. Нэгд нийлүүлэлтийн шинж чанартай төлбөрийн тэнцлийн дарамт арилж, урсгал тэнцэл ашигтай гарсан байгаа, мөн гадаад худалдаа сайжирч 4-р сард 94 сая долларын ашигтай гарсанаар долларын эрэлт буурсан гэж хэлж болно.

Хоёрдугаарт, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.7 их наяд төгрөг болж өмнөх жилээс 4 хувь буурсан нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж байгаа. Гуравт, эдийн засаг дахь чухал зүйл болох нийгмийн сэтгэл зүй буюу хүлээлт. Хөрөнгө оруулалт, төслийн эерэг мэдээлэллүүд нь хүлээлтэнд нөлөөлж доллар худалдан авах эрэлтийг багасгасан гэж харж байна.

Энэ нь ч банкуудын валютын харилцах хадгаламж сүүлийн саруудад буурснаас харагддаг. Эдгээр шалтгаан нь ханшийг бууруулахад нөлөөлж байсан бол одоо Оюу толгойн гэрээ шийдэгдсэн болохоор цаашид ч ханш буурах нөхцөл бүрдчихлээ. Таван Толгойн гэрээ удахгүй мөн шийдэгдэх байх. Тиймээс ханш өсөх дарамт арилсан болов уу гэж бодож байна.

Оюу толгойн гэрээ шийдэгдсэн болохоор цаашид ч ханш буурах нөхцөл бүрдчихлээ

-Манайд санхүүгийн салбарын дийлэнх хувийг банкны салбар бүрдүүлдэг. Тиймээс одоогийн эдийн засгийн нөхцөл банкны салбарт ямар байдлаар нөлөөлж байна вэ?

-Эдийн засагт банкны салбарын эзлэх хувь өндөр байгаа тул банкны салбар тогтвортой байвал санхүүгийн салбар тогтвортой сайн байна. Санхүүгийн салбар доголдоод ирвэл нийт эдийн засгаараа хохирно. Тиймээс банкны салбар бол улсын эдийн засгийг тайлбарлах томоохон хувьсагч нь болж байгаа.

Монголын Банкны Холбоо салбарын мэргэжлийн холбоо учир энэ талын судалгаа шинжилгээг тогтмол хийсээр ирсэн. Сар бүр макро эдийн засаг, банкны салбарын тойм дүгнэлтүүдийг гаргаж байна.

Эдгээр тайлангаас үзэхэд Монгол банкнаас баримталж байгаа мөнгөний хатуу бодлогын үр дүнгээс хамаарч мөнгөний нийлүүлэлт буурч, дагаад банкуудын зээл олголтын өсөлт буурсан.

2014 онд зээлийн өсөлтийн түвшин өндөр буюу 60 хувьтай байсан бол одоо 10 хувь хүрч буурсан байгаа. Хэрэв мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэн хэрэгжвэл мэдээж зээлийн олголт хумигдсаар байх хандлагатай.

Төв банкны бодлогын хүү 14 хувь хэвээр байгаа учраас банкуудын сул эх үүсвэр Төв банкны үнэт цаас болж байгаа. Энэхүү сул эх үүсвэрийг зээлийн багцаас сулладаг учраас хатуу мөнгөний бодлого үргэлжилбэл зээл цаашид буурах болов уу.

Эрсдэлийн үзүүлэлт болох хугацаа хэтэрсэн зээл 4.8 хувь, чанаргүй зээлийн түвшин өсч 6.1 хувьтай байгаа. Эндээс хугацаа хэтэрсэн зээл 587.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн нь анхаарал татах асуудал. Гэхдээ эдийн засгийн нөхцөл сайжирвал энэ түвшин цаашид өсөхгүй болов уу гэж бодож байна.

-Одоогийн манай банкны салбарын хөгжил, эрсдэл даах чадвар бусад хөгжлийн түвшин ойролцоо орнуудтай харьцуулахад ямархуу түвшинд байгаа вэ?

-Манай улсын банкны салбар бусад орнуудынхтай харьцуулвал өрсөлдөхүйц сайн түвшинд хүрсэн байгаа, хэдийгээр манай зах зээл жижиг хэдий ч банкны салбарын эрсдэл даах чадвар, үйлчилгээ, нөөц боломж маш хурдацтай сайн хөгжиж чадсан.

Судалгаагаар Азийн 25 орноос 14-т жагсаж байна гэдэг муу үзүүлэлт биш болов уу. Системийн хувьд өмнө нь хэд хэдэн хямралын үе шатыг давсан учраас эрсдэлийн систем ч үүнийгээ дагаад сайжирч олон улсын түвшинд хүрэхүйц болсон гэж бодож байна. Банкууд гадаад зах зээлд бонд гаргаж хөрөнгийн эх үүсвэр татахад анхаарлаа хандуулж байгаа нь салбарын чадавх, ажиллагсадын мэдлэг чадвар сайн байгаагийн шинж.

-Банкуудын зээлийн хүү өндөр байдаг нь бизнес эрхлэхэд хүндрэлтэй байна гэж яригддаг. Зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Нийгэмд банк хүүгээ өндөр тогтоодог, их ашиг олж байна гэж яригддаг.

Гэвч банкны хүү нь инфляци, зах зээлийн эрсдэл, Төвбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлого зэрэг зүйлээс хамаарч өсч буурдаг учраас зээлийн хүү нь чөлөөт эдийн засгийн хуулиар л тогтож байгаа.Тэрнээс банкууд хоорондоо ярилцаж байгаад тогтоодог зүйл биш гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.

Зээлийн хүү нь чөлөөт эдийн засгийн хуулиар л тогтож байгаа

Эдийн засагт мөнгөний олдоц нэмэгдэж, эрсдэлийн хэмжээ буурч, инфляцийн хүлээлтийг нам дор байлгавал зээлийн хүү буурна.

Жишээлбэл одоо инфляцийн түвшин 9 хувьтай байгаа учраас үүнээс өндөр хувиар хадгаламж татах шаардлага гарна. Хадгаламжийн хүүн дээр банкны эрсдэл, үйл ажиллагааны зардал, хүүний бус алдагдал, ашиг зэрэг олон зүйлийг нэмж одоогийн хүү тогтож байгаа. Тиймээс инфляцийн түвшинг урт хугацаанд зохистой түвшинд баривал одоогийн түвшнээс буурах бүрэн боломжтой.

-Эдийн засгийн болоод банкны салбарын цагийн үеийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.

Twitter