Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​“МОНГОЛ – СОЛОНГОСЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ 2017” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

7-Р Сар 05, 2017


Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн хөгжилд тулгуурлан нийгэм, хэл, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин тэлж, тус улсад ажиллаж, суралцаж буй Монгол иргэдийн тоо улам нэмэгдэж буй өнөө үед хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбар хооронд нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм.

Тус зорилгын хүрээнд Монголын Банкны Холбоо болон Солонгосын Банкны Холбооноос хамтран “Монгол-Солонгосын Санхүүгийн Хамтын Ажиллагааны Форум” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотноо 2016 оны 2 дугаар сард зохион байгуулсан билээ.

Энэ жилийн хувьд уг форум нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Форумыг улам өргөжүүлэн банкны бус бусад санхүүгийн салбарын байгууллагуудын оролцоог дэмжих хүрээнд Монголын Банкны Холбоо, Солонгосын Банкны Холбоо болон Олон Улсын Санхүүгийн Хамтын Ажиллагааны зөвлөлтэй хамтран зохион байгуулж, БНСУ-ын Санхүүгийн Зохицуулах Хороо, Солонгосын Банкны Холбоо, Зээлийн Батлан Даалтын сан, Санхүүгийн Хөрөнгө Оруулалтын Ассоциаци, Хадгаламжийн Даатгалын Корпораци зэрэг зохицуулагч болон санхүүгийн салбарын 20 орчим байгууллагын төлөөлөл, Шинхан банк, Күүкмин банк, Хөгжлийн банк зэрэг 10 гаруй төрийн болон арилжааны банкуудыг төлөөлөн нийт 50 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцсэн ирсэн юм.


Форум нь хоёр улсын эдийн засгийн байдал, хөгжлийн төлөв, Монгол-Солонгосын санхүүгийн салбарын хамтын ажиллагаануудыг хэлэлцсэн үндсэн хуралдаанаас гадна Финтек тренд болон Банкны салбар, Санхүүгийн салбарын дэд бүтэц, Эрсдэлийн удирдлагын систем, Төлбөрийн систем ба Хөрөнгийн зах зээл гэсэн 4 салбар хуралдаантайгаар үргэлжилж, төлбөр тооцоо, гүйлгээ, валют арилжаа, худалдааны санхүүжилттэй холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, холбогдох шийдэл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөв, төлбөрийн системийн дэд бүтэц, Финтекийн хөгжил гэсэн чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог боллоо.


МБХ-ны ерөнхийлөгч О.Орхон форумыг нээж үг хэлэхдээ “Өнөөдрийн хуралдааны төгсгөлд бид илүү өндөр түвшинд хамтран ажиллах арга замыг нээн, тогтвортой санхүүгийн хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ моделийг бий болгож, хөрөнгийн зах зээлийн хөгжил, худалдаа, эдийн засаг, бизнесийн харилцаа болон тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч ба байгаль орчны салбарт хамтын ажиллагааны боломжуудыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдлаа.



Энэхүү ач холбогдол бүхий хамтын ажиллагааны форумын зохион байгуулалтыг дэмжиж ивээн тэтгэсэн арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпораци болон Хадгаламжийн Даатгалын Корпорацид гүн талархал илэрхийлье. 2019 онд 3 дахь удаагийн “Монгол – Солонгосын Санхүүгийн Хамтын Ажиллагааны Форум”-ыг Сөүл хотод зохион байгуулахдаа энэ удаагийн форумын үр дүнгээр эхлүүлсэн ажлуудаа дүгнэж ярилцана гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байна.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Twitter