Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“МОНГОЛ – СОЛОНГОСЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ 2017” ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

6-Р Сар 29, 2017


Монгол Улс, БНСУ-ын харилцаа олон талаар өсөн нэмэгдэж буй өнөө үед хоёр улсын банк санхүүгийн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал юм. Энэхүү зорилгын хүрээнд Монголын Банкны Холбоо болон Солонгосын Банкны Холбоо 2016 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 2 дугаар сард БНСУ-ын нийслэл Сөүл хотод “Солонгос-Монголын Санхүүгийн Форум” арга хэмжээ, айлчлалыг зохион байгуулсан юм.

Энэ жилийн хувьд уг форумыг 2 дахь жилдээ буюу 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү 2 дахь удаагийн Форумын хүрээнд хоёр орны эдийн засгийн байдал, хөгжлийн төлвийн талаар мэдээлэл солилцохоос гадна санхүүгийн салбарын дэд бүтэц, Монгол-Солонгосын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төлбөр тооцоо, гүйлгээ, валют арилжаа, худалдааны санхүүжилттэй холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, холбогдох шийдэл, хамтын ажиллагааны боломжууд, шинэ саналуудын талаар хэлэлцэх юм.

Форумд БНСУ-ын Санхүүгийн зохицуулах хороо (FSC), Солонгосын Банкны Холбоо (KFB), Олон Улсын Санхүүгийн Хамтын Ажиллагааны Төв (CIFC), Зээлийн Батлан Даалтын Сан (KCGF), Технологи Санхүүгийн Корпораци (KOTEC), Солонгосын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (KSD), Зээлийн мэдээллийн төв (К-Credit Bureau) зэрэг олон улсын болон зохицуулагч байгууллагууд, бусад холбогдох санхүүгийн салбарын байгууллагууд мөн СБХ-ны гишүүн банкууд болох Shinhan Bank, NH Bank, Kookmin Bank, The Export-Import Bank зэрэг 10 гаруй төрийн болон арилжааны томоохон банкуудын нийт 50 орчим зочид, төлөөлөгчид ирэх юм.

Арга хэмжээний урьдчилсан хөтөлбөрийг ЭНДээс татаж үзэх боломжтой.

Монголын Банкны Холбоо

Twitter