Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

3-Р Сар 16, 2015

Өрсөлдөх чадварын тухай асуудал сүүлийн 20 орчим жилийн хугацаанд олны анхаарлын төвд орж, улс орон, компани, хувь хүний түвшинд харьцуулалт хийх хамгийн итгэл төрүүлэхүйц шалгуур ойлголт болжээ. Даяаршиж буй өнөөгийн нийгэм, эдийн засгийн орчинд том нь шилдэг гэсэн ойлголт улам бүр ард хоцрогдож, бүтээмж, ирээдүйн потенциал, нээлттэй байдал, өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэрэг нь өрсөлдөөний гол давуу тал болж байна.

Улс орнуудын дунд өрсөлдөх чадварын үнэлгээгээр дэлхийн тавцан дээрхи томоохон тоглогчид болох АНУ, БНХАУ болон буурал Европын орнуудын өмнө Сингапур, Швейцарь, Хонг Конг зэрэг орнууд эрэмбэлэгдэж байгаа нь чухамхүү эдгээр улс орны хөгжлийн стратеги зөв чиглэлтэй, иргэд нь аз жаргалтай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэн тэргүүнд татах орчинг бүрдүүлснийг илтгэж байгаа хэрэг юм.

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрхлэн гаргадаг “Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын тайлан”-гаар Монгол Улс өрсөлдөх чадвараар 144 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх жилээс 1 байраар ухарсан үзүүлэлт байлаа. Манай улсын өмнө Зүүн өмнөд Азийн буурай хөгжилтэй орнууд болох Лаос, Камбодж, нэг гараанаас зах зээлийн эдийн засагт шилжсэн Казакстан, Таджисктан, Азербайжан, Армен зэрэг төв Азийн улсууд, тэрчлэн Алжир, Намиб, Кени зэрэг Африкийн орнууд эрэмбэлэгдсэн байна. Эдгээр улс орнууд аль талаараа биднээс түрүүлж, илүү өрсөлдөх чадвартай байгаа нь сонирхол татсан асуудал бөгөөд энэ нь бодлого боловсруулах түвшинд сул талаа тодорхойлж, хөгжлийн стратегидаа тусгах, анхааралдаа авах ёстой.

"Монголын банкны салбарын хөгжил зарим талаар улсын нийгэм, эдийн хөгжлөөс түрүүлсэн гэж дүгнэж болно."

“Мөнгө бол макро микро эдийн засгийг холбогч судас юм.” гэсэн үг бий. Аливаа улс орны банкны салбар нь мөнгөний эргэлтийг гардан гүйцэтгэж буй гэдэг утгаараа улсын эдийн засгийн тулгуур багана болж байдаг. Эдийн засгийн хил хязгаар улам бүдгэрэхийн хэрээр хамгийн түрүүнд банк санхүүгийн орчинд олон улсын дагаж мөрдөх стандартуудын хэрэглээ улам өсч, улам бүр нээлттэй болсоор байгааг бид боломж хэмээн харах ёстой ч үүнд бэлэн байх нь хамгаас чухал.

Монголын Банкны Холбоо энэхүү өөрчлөлтөнд бэлэн байгаа эсэхэд хариулт өгөх нэгдсэн тоо баримт, мэдээ сэлт дутагдалтай байгаа шаардлагыг харгалзан Монгол Улсын банкны салбарын Азийн бүс нутагт өрсөлдөх чадварын судалгааг гаргасан юм. Судалгааны хүрээнд нэг талаар Монгол Улсын банкны салбар өрсөлдөх чадвараар хаана эрэмбэлэгдэж буйг тодорхойлж, улмаар Монгол Улсын өмнө болон хойно эрэмбэлэгдэж буй улс орны банкны салбаруудыг тодорхойлж ерөнхий чиг баримжаа авах, нөгөө талаар улс бүртэй харьцуулсан шинжилгээ хийж давуу, сул талуудыг гарган, цаашид өөрийн улсын анхааралдаа авах шаардлагатай асуудлыг тодорхойлох, Ази тив, бүс нутагтаа өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг харуулахыг зорьсон юм.

Судалгаанд Зүүн ази, Зүүн өмнөд Ази, Төв Ази, Номхон Далайн нийт 25 орны үзүүлэлтүүдийг харьцуулан авч үзсэн бөгөөд эдийн засгийн чадавхийн хувьд “Өндөр хөгжилтэй”, “Дунд болон дундаас дээгүүр орлоготой”, “Хөгжиж буй” орнуудын төлөөллийг хамруулсан болно. Ойрхи Дорнод болон Арабын орнуудыг өгөгдлийн олдоцоос шалтгаалан судалгаанд хамруулаагүй бөгөөд иргэний дайн, зөрчил мөргөлдөөн бүхий улсууд уг түүвэрт ороогүй.

Банкны салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо үнэлгээнд нөлөөлөх ижил хувийн жин бүхий 10 бүлэг /ашигт ажиллагаа, эрсдэл, үнэ тогтоолт, үр нөлөө ба хүртээмж, дэд бүтэц, макро эдийн засаг, хууль эрх зүйн орчин, банк бус санхүүгийн салбар, хүн ам, нийгмийн хөгжил, Засгийн газрын үйл ажиллагаа/, 50 шалгуур үзүүлэлтийг ашиглан гаргасан юм.


Нийт 25 орноос Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадвар 14-т бичигдсэн. Эдгээр орноос ердөө 4 орон нь дэлхийн өрсөлдөх чадварын эрэмбээр Монгол Улсын хойно эрэмбэлэгддэг бөгөөд 5 орон зээлжих зэрэглэлийн хувьд Монгол Улсаас доогуур үнэлгээтэй байна. Үүнээс үзэхэд Монголын банкны салбарын хөгжил зарим талаар улсын нийгэм, эдийн хөгжлөөс түрүүлсэн гэж дүгнэж болно.

90 жилийн түүхтэй Монгол Улсын банкны салбар нь хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжээд даруй 23 жилийг ардаа үлдээжээ. Түүхэн хөгжлийн явцад нийтдээ 17 банк дампуурч, 1998 болон 2008 онуудад системийн хэмжээний 2 удаагийн хямралыг даван туулсаны эцэст 13 банкны 1400 гаруй салбар нэгж, 14 мянга гаруй ажилтнаар дамжуулан үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн томоохон салбар болон хөгжөөд байна. 2013 оны эцсийн байдлаар санхүүгийн салбарын активын 95 хувийг арилжааны банкууд эзэлж байгаа бол ДНБ-ийг санхүүжилтийн 50 орчим хувийг арилжааны банкууд бүрдүүлж байгаа нь 2000 онтой харьцуулахад даруй 10 дахин өссөн үр дүн юм.

Банкны салбарын өрсөлдөх чадварт ашигт ажиллагаа, эрсдэл, санхүүгийн салбарын хүртээмж зэрэг үзүүлэлтүүд эерэгээр нөлөөлсөн бол эдийн засгийн орчин, банк бус санхүүгийн байгууллага зэрэг үзүүлэлтүүд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлжээ.

Найдвартай, тогтвортой санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх угтвар нөхцөл бол активын эрсдэлийг нөхөхүйц хангалттай хэмжээний өөрийн хөрөнгийг бүрдүүлэх, тухайн хөрөнгийн өгөөжийг өндөр түвшинд хадгалах замаар хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах явдал билээ. Тэгвэл банкны салбарын найдвартай байдлыг илэрхийлэгчсхүчин зүйл болох эрсдэлийн болон ашигт ажиллагааны үзүүлэлтээр 8 болон 7 байрт эрэмбэлэгдсэн нь өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл байлаа. Сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол Улсын банкны салбар нь өөрийн хөрөнгийн өгөөж 28.6 хувь /ROE/, активын өгөөжийг дундажаар 2.1 хувьд /ROA/ хадгалан ажилласан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг татахуйц түвшин хэмээн дүгнэж байна. Нөгөө талдаа банкуудын орлогын 30 хүртэл хувийг хүүгийн бус орлого бүрдүүлж байгаа нь Азийн улс орнуудын дундажаас даруй 7 нэгж хувиар доогуур түвшин байлаа. Тиймээс арилжааны банкууд нь үйл ажиллагаандаа зарим төрлийн шимтгэлд суурилсан бүтээгдэхүүний хөгжил, түүнээс бий болох үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.


Монгол Улсын хувьд 2000 оноос хойш банкны тоо 17-с 13 болж буурсан ч салбар нэгжийн тоо тасралтгүй өссөөр 1409, АТМ-ны тоо 1100 хүрч өссөний үр дүнд хүн амд оногдох сувгийн хүртээмжээр Азийн улс орнуудыг тэргүүлэхүйц хэмжээнд хүрчээ. Түүнчлэн 2013 оны эцсийн байдлаар банкны салбарын хөрөнгийн хэмжээ нь ДНБ-ийн 109 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрснээр Азийн улс орнууд дунд 12-т эрэмбэлэгдлээ. Тухайн үзүүлэлтийн хувьд 1990 онд тусгаар тогтносон Азийн улс орнууд дунд тэргүүлж байгаа юм. Иймээс Монгол Улсын банкны салбарыг эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, зуучлалын цар хүрээ, хөгжлийн түвшингээр өрсөлдөхүйц түвшинд хүрч хөгжсөн хэмээн дүгнэж байна. Өнөөдөр 3 сая хүрэхгүй хүн амтай Монгол Улсад Американ Экспресс картыг ашиглаж байгаа нь хамгийн үүний энгийн жишээ юм. Цаашид арилжааны банкуудын хувьд биет салбар нэгжийн хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр, цахим сувгийг нэмэгдүүлэх замаар хүртээмжийн үр ашгийг дээшлүүлэх нь зуучлалын өртөгийг бууруулах замаар салбарын өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй хэмээн дүгнэж байна.

Банкны салбарт түүхэн хөгжлийн явцдаа зээлийн чанараас үүдэлтэйгээр олон банкууд дампуурч байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд зохицуулагч байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлсэн зохицуулалтын үр нөлөөгөөр арилжааны банкууд дахь эрсдэл даах чадварын үзүүлэлтийг өрсөлдөхүйц үр дүнд хүрчээ. Тухайлбал тайлант хугацааны эцэст өөрийн хөрөнгийн хүрэлцээг 16.5 хувь, чанаргүй зээл 2.5 хувь, хөрвөх чадварын харьцааг 39 хувьд ханган ажилласнаар 7 байрт эрэмбэлэгдсэн байна. Урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд банкуудын эрсдэл даах чадварыг өндөр түвшинд хангуулан ажиллах нь хямралын давтамж ойртсон эдийн засгийн орчинд хамгийн зөв стратеги байж болох юм.

Банкны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг ханган ажиллах наад захын шаардлага нь макро эдийн засагт нам тогтвортой инфляцийн түвшин, төлбөрийн тэнцлийн эерэг урсгал, валютын ханшийн тогтвортой байдал, иргэдийн хуримтлалын түвшин хангагдсан байх гарцаагүй нөхцөлийг шаарддаг. Тэгвэл эдийн засгийн орчны үзүүлэлтээр сонгогдсон 25 орноос сүүлийн байранд эрэмбэлэгдлээ. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд дундаа тэргүүлэхүйц эдийн засгийн өсөлтийг бий болгосон ч тогтвортой өсөлтийг хадгалж чадахгүй байгаагаас банкны салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжийг олгохгүй байна. Эдийн засгийн өсөлт нэг жилд 17 хувь байсан бол хоёр жилийн дараа 6 хувь болж буй тогтворгүй эдийн засаг, үнийн өсөлт, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байдал нь Монгол Улсын банкуудыг гадаадын томоохон банкны салбаруудтай өрсөлдөхөд гол сул тал болж байгаа юм.

Санхүүгийн бүтээгдэхүүний үнэ буюу хүү нь тухайн зах зээлийн эрсдэл, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, харилцагчдын эрэлт, нийлүүлэлтийн тусгал болдог чухал үзүүлэлт. Улс орнуудын санхүүгийн салбар нээлттэй болохын хирээр дотоодын банкууд нь бүтээгдэхүүний үнээр хоорондоо өрсөлдөхөөс илүүтэйгээр бусад улсын санхүүгийн салбартай өрсөлдөхүйц түвшинд хүрэх шаардлагыг бий болгож байна. Үнийн хүчин зүйл буюу хүүгийн түвшний үзүүлэлтээр Азийн улс орнууд дунд 20-р байрт эрэмбэлэгдсэн нь өрсөлдөх чадварт сөрөг нөлөөлсөн гол хүчин зүйл байлаа. Зээл, хадгаламжийн хүүгийн хэмжээгээр 23 болон 24-р байрт эрэмбэлэгдсэн бол хүүгийн зөрүүний үзүүлэлтээр 18-р байрт эрэмбэлэгджээ. Хадгаламжийн хүүнд зах зээл дэх инфляцийн түвшин, түүний хэлбэлзэл, хөрөнгийн урсгал зэрэг макро хүчин зүйлсийн нөлөөлөл өндөр байдаг бол хүүгийн зөрүү нь тухайн санхүүгийн салбарын үр ашиг, зуучлалын өртөгийг илэрхийлэгч гол үзүүлэлт болдог. Иймээс санхүүгийн салбарт зуучлалын өртөгийг бууруулах шаардлагатай байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна. Зуучлалын өртөгийг бууруулах үндсэн нөхцөл нь дэд бүтцийн үр ашигтай байдлыг хөгжүүлэх /сувгийн болон процессын/, хууль эрх зүйн орчныг сайжруулах, үр ашигтай өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг юм. Түүнчлэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох замаар хадгаламжийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүг бууруулж чадсан тохиолдолд банкны салбарын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх боломжтой.

"Банк, санхүүгийн салбарт зуучлалын өртөгийг бууруулахшаардлагатай байна. Үүнийг бүрдүүлэх үндсэн нөхцөл нь дэд бүтцийн үр ашигтай байдлыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, үр ашигтай өрсөлдөөний орчныг бүрдүүлэх явдал юм."

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, санхүүгийн салбарын үр ашгийг дээшлүүлэхэд тэнцвэртэй хөгжсөн санхүүгийн зах зээл чухал нөлөөтэй нь судалгааны үр дүнгээс тодорхой харагддаг. Монгол Улсын хувьд санхүүгийн салбар нь дан ганц банкны салбараас хамааралтай хөгжсөнөөр, банкнаас бусад санхүүгийн салбарын өрсөлдөх чадвараар Азид 20-д эрэмбэлэгдсэн. Тухайлбал хөрөнгийн зах зээлийн капитализаци болон даатгалын компаниудын оролцооны түвшний үзүүлэлтээр тус бүр 20-р байраас хойш бичигджээ. Санхүүгийн бусад салбарын хөгжлийн хоцрогдсон байдал нь зах зээл дэх санхүүжилтийг дан ганц банкны салбараас хараат болгох, орчин үеийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжлийг хойш татах, мөнгөний эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг сөрөг талыг бий болгодог. Иймээс тухайн зах зээлийн оролцоо нэмэгдэж чадсан тэр цагт л банкны салбарын өрсөлдөх чадвар хангагдах учиртай.

Хөрөнгө оруулагчдыг татах хэмжээний санхүүгийн үр дүн, хадгаламжийн даатгалын тогтолцоо, эрсдэлийн зохистой түвшин, улс орныг хамарсан салбар сүлжээ гэх мэтчилэн өрсөлдөх чадварын бааз суурь богино хугацаанд бүрэлдэн бий болж байна. Түүхий эдээс хамааралтай эдийн засгийн загвар, санхүүгийн чадвар султай дундаж давхарга бүхий манай улсад гадаадын банкуудтай өрсөлдөх хэмжээний дотоодын эдийн засгийн хөрс, суурь хараахан бүрэлдээгүй байгаагаас гадна хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэл шаардлагатай байгаа билээ.

Судлаач: Б.Эрдэнэбаяр, Л.Гантөмөр

Twitter