Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы сүүлчийн өдөр батлагдсан зарим хууль тогтоомжийн тухай

3-Р Сар 24, 2015

Монгол Улсын Их Хурлын (цаашид "Улсын Их Хурал" гэх) намрын чуулганы сүүлчийн өдөр буюу 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин болон Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц хэд хэдэн хууль болон тогтоолыг баталсан.

Ялангуяа, энэ өдөр Улсын Их Хурал уул уурхайн салбарын хоёр чухал хууль буюу Ашигт малтмалын тухай хууль болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Эдгээр шинээр батлагдсан хууль тогтоомжууд нь албан ёсоор нийтлэгдсэн тул зарим хууль тогтоомжийн талаарх товч мэдээллийг дор хүргэж байна.

1. АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газар (цаашид "Засгийн газар" гэх) 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.

Ашигт малтмалын тухай хуульд санхүүжилтын эх үүсвэр, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, эрдэс баялгийн хэмжээ зэргээс хамаарч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34-50 хувь хүртэл байхаар Улсын Их Хурлаас тогтоохоор заасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь 3 зүйл бүхий жижиг нэмэлт хууль хэдий ч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалттай холбоотой чухал асуудал буюу Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг шинээр тусгаж өгсөн. Энэ нь төрд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хувь эзэмших, эсхүл тухайн хувь, хэмжээний оронд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр ногдуулах боломжийг олгож байгаа зарчмын томоохон өөрчлөлт юм.

Хуулийн нэмэлт нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, ийнхүү шилжүүлснээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг улсын төсөвт төлөх боломжийг олгож байгаа юм. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ тухайн ордын онцлогоос хамаарч өөр өөр байх боловч 5 хувиас хэтрэхгүй бөгөөд уг төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийн дээр нэмж ногдуулна. Энэхүү нэмэлтэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болохоор заасан хэдий ч төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхэд төлөх төлбөрийн талаар тодорхой дурдаагүй байна.

2. ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2009 оны 7 дугаар сард баталсан. Эдгээр нь тус бүрдээ 6 болон 2 зүйл бүхий харьцангуй товч хууль хэдий ч уул уурхайн салбар төдийгүй Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хуулиуд юм.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хамгаалсан газартай давхцсан буюу хориглосон талбайн хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг уг хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцлахаар заасан байсан. Засгийн газраас гаргасан мэдээллээр уг хуулийн үйлчлэлд 830 гаруй аж ахуйн нэгжийн 1330 тусгай зөвшөөрөл (дийлэнх нь алтны шороон орд) хамрагдахаар байгаа юм.

Энэ хуулийн хэрэгжилт нь хэд хэдэн хүчин зүйлс, үүнд хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох зэрэг асуудлаас хамаарч удааширсан юм.

Нэмэлт, өөрчлөлтөөр шинээр 2 зүйлийг нэмж, хуучин 2 зүйлийг өөрчлөн найруулсан. Гол өөрчлөлт нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг тодорхой үүрэг, хариуцлагыг хүлээсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болсон явдал юм.

Тодруулбал, нэмэлт, өөрчлөлтөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш (2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон) 3 сарын дотор Ашигт малтмалын газар (цаашид "АМГ" гэх)-т өргөдөл гаргах, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, АМГ болон тухайн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулахаар заасан. Хэрэв уг хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд нөхөх олговор олгохгүй юм. Энд зөвхөн "ашиглалтын" тусгай зөвшөөрөл гэж дурдсан бөгөөд "хайгуулын" тусгай зөвшөөрлийн талаар тухайлан дурдаагүй байна.

Нэмэлт, өөрчлөлтөд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батлахаар заасан. Уг журам болон гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах, хяналт тавих байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгахаар заасан. Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд нөхөн сэргээлт хийх зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалт явуулсан хугацаанд олсон орлоготой нь уялдуулан нөхөж гаргуулна гэж заасан.

Нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас батлах журам болон гэрээний хамрах хүрээг усны сан бүхий газрын "энгийн" хамгаалалтын бүсэд хамаарахаар заасан буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх болон усны сан бүхий газрын бусад хамгаалалтын бүсийн талаар тусгайлан дурдаагүй байна. Иймд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүс болон усны сан бүхий газрын бусад хамгаалалтын газрын хилийн зааг дотор олгогдсон тусгай зөвшөөрөл цуцлагдана гэж ойлгохоор байна. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг усны сан бүхий газрын эргээс 200 мeтрээр тогтоосон. Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөд ойн сан бүхий газарт олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуульд заасан тодорхой үүргүүдийг биелүүлэхээр заасан. Эдгээрээс заримыг нь дурдвал, огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тарьц суулгацыг тарьж ургуулах, ойн сан, түүний нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлөх болон залуу ой, өсвөр мод болон жимсний модыг огтлох, хугалж гэмтээхгүй байх зэрэг үүрэг, хариуцлага хамаарах юм. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлага болон журам нь харьцангуй бүрхэг буюу хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцсан тохиолдолд Усны тухай болон Ойн тухай хуулийн дагуу тус тус шийдвэрлэхээр заасан байна.

Нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон уг хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэсэн нэмэлт өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БУСАД ХУУЛИУД

Дээр дурдсанчлан, энэ өдөр Улсын Их Хурлаас Өрийн удирдлагын тухай хууль, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг батлах тухай тогтоол зэрэг хэд хэдэн хууль болон тогтоолыг баталсан.

(a) Өрийн удирдлагын тухай хууль

Өрийн удирдлагын тухай хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр үүсгэх өр, түүнийг удирдахтай холбоотой эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн. Уг хуулиар Засгийн газрын өр болон өр төлбөртэй холбоотой хэд хэдэн чухал ойлголтыг тодорхойлж, өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа болон үнэт цаас гаргах, дамжуулан зээлдүүлэх, тэдгээрийг бүртгэх, тайлагнах болон хяналт тавихад тавигдах шаардлага болон журмыг тогтоож өгсөн.

(b) Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс болон Япон Улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад чиглэсэн хэдэн хэдэн асуудлыг тусгасан. Жишээ нь, тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх эсхүл бууруулах болон хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд чиглэсэн цахим худалдаа, оюуны өмч болон өрсөлдөөн зэрэг асуудлуудыг тусгасан. Энэхүү хэлэлцээр нь Япон Улсын хууль тогтоох байгууллага соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм. Мөн уг хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм.

(c) Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг батлах тухай тогтоол

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа болон гадаад валютын урсгал буурсан зэргийг харгалзан Улсын Их Хурлаас Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг батлах тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолд макро эдийн засгийг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд 60 гаруй үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зарим томоохон арга хэмжээнүүдийг дурдвал төсвийн тогтворжуулалтын санг бүрдүүлэх, Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал, тавдугаар цахилгаан станцын төсөл, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил болон зарим төмөр замын барилгын ажил зэрэг томоохон төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын санг гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран байгуулах, үндэсний давхар даатгалын корпораци байгуулах болон төрийн өмчит компаниудыг хувьчлахад чиглэсэн зарим арга хэмжээнүүдийг авах зэрэг үйл ажиллагаанууд багтсан байна.

4. ДҮГНЭЛТ

Улсын Их Хурал намрын чуулганаараа эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон хууль, тогтоолуудыг, үүнд Чөлөөт бүсийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол зэрэг хэд хэдэн чухал хууль, тогтоолуудыг баталсан. Эдгээр хуулиудаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хуулиуд юм.

Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж болохоор заасан нь нэг талаас уурхайн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог бууруулах, нөгөө талаас төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоход чиглэсэн шинэ зохицуулалт юм.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон хөрөнгө оруулагчдын хувьд таатай зохицуулалт юм. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээхэд чиглэсэн шаардлага нь сайшаалтай юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь хуулийн зохицуулалтыг илүү тодорхой болгосон хэдий ч тусгай зөвшөөрлийг цуцлах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахтай холбоотой нарийвчилсан журмыг Засгийн газраас батлахаар заасан. Иймд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт нь Засгийн газраас харьцангуй богино хугацаанд боловсруулах журам, түүний хэрэгжилтээс тодорхой хэмжээгээр хамаарах юм.

Эх сурвалж: Hogan Lovells

Twitter