Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ 2016 ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

11-Р Сар 15, 2016


Монголын Банкны Холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд 08:30-16:30 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Форум БОАЖЯ, Сангийн яам, Ерөнхий сайдын ажлын алба, Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы нэг хэсэг болж зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой болж байгаа бөгөөд Форумыг Голомт банк, Монголбанк, Сангийн яам, СЗХ, НЗД, МҮХАҮТ, Олон улсын санхүүгийн корпараци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл (ESD) зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хүрээнд нийт банкууд 2015 оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон 4 салбар (уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах)-ын удирдамжуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсний дагуу банкууд аливаа зээл санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлдэг болж, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажилагааг санхүүжүүлэхээс татгалзах болон өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ТоС-ийн зарчим, шаардлагуудыг баримтлах зэргээр амжилттай ажиллаж байгаа билээ.

Энэхүү арга хэмжээгээр ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, явц, цаашдын алсын хараа, зохицуулагч байгууллагууд, банкны бус санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна өнгөрсөн жилийн форумын үр дүнд шийдвэрлэгдсэн Ногоон зээлийн сан байгуулах төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнгээс танилцуулж, цаашид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. Мөн эрчим хүч, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ногоон бизнес эрхлэгчдийн сайн туршлагаас танилцуулж, хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжил дэх манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцах юм.

Арга хэмжээний урьдчилсан хөтөлбөрийг эндээс татаж үзэх боломжтой. Форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг МБХ-ны вебсайтнаас эсвэл Холбооны Төсөл, хамтын ажиллагааны менежер Э.Номиндарьтай /nomindari@mba.mn, 11323581/ холбогдож авна уу.

Twitter