Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хөтөлбөрийн тухай

Бид хаашаа явж байна?

Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хөрс-агаар-усны бохирдол, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөц, хоол хүнсний хомсдол, хүлэмжийн хийн ялгарал зэрэг асуудлууд нь дэлхий нийтийн өмнө нэн хурцаар тулгарч ядуурал, өлсгөлөнгийн түвшинг нэмэгдүүлэх болон эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй гол бэрхшээл болж байна.

Монгол Улсад ч мөн 21-р зууны эхэн үеэс байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн бүтэц голлох болж, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөцийг шавхан барагдуулах хандлагатай, хүрээлэн буй орчноо доройтуулах, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлэх, үр ашиг муутай хэрэглээтэй болсон нь байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, хүний эрхийн зөрчил, хөдөлмөр хамгааллын доголдол, цаашлаад бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй уламжлал алдагдах эрсдэл өсч, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд олноор нэмэгдсээр байна.

Иймд эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан санал санаачлагыг дэлхий даяар дэмжин аливаа үйл ажиллагааг “тогтвортой (Sustainable)” байлгахыг чухалчилж байна. “Тогтвортой хөгжил (Sustainable Development)” нь өнөө болон ирээдүй үеийнхэндээ хохирол учруулахгүйгээр эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийн харьцааг тэнцвэржүүлэн зөв зохистой хөгжлийг бүтээх үзэл баримтлал юм.

Тэгвэл тогтвортой санхүүжилт гэж юу вэ?

Тогтвортой хөгжлийн тогтолцооны суурийг бэхжүүлэх, хэрэгжилтийг хурдасгахад санхүүгийн хөшүүрэг чухал нөлөөтэй учир банк, санхүүгийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалаар дамжуулан улс орныхоо зөв хөгжлийн явцад хувь нэмрээ оруулах боломжтой байдаг. Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай ойлголт юм. Иймээс гадаадын олон улс тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж, тэдгээрийг хөрөнгө оруулалт, зээл, санхүүгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр

Монгол улсын банкууд улс орныхоо эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй салбарын төлөөлөл болохын хувьд банк, санхүүгийн системд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийн дагуу Монголын Банкны Холбоогоор ахлуулсан, нийт банкууд, Монголбанк, БОНХАЖЯ болон СЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон салбарын удирдамжууд (уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр)-ыг боловсруулсан бөгөөд нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Тэгвэл ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж эхэлснээс хойш ямар ажлууд хийгдэв?

Монгол Улсад тулгамдаж буй байгаль орчин, нийгмийн асуудлыг банкны салбар дангаар, нэг дор шийдвэрлэх боломжгүй тул ТоС-ийн зарчмуудыг үр дүнтэй, шат дараалалтайгаар хэрэгжүүлэхийг зорин банкууд “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-т гарын үсэг зуран,эхний ээлжинд хэд хэдэн тодорхой ажлыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Юуны түрүүнд банкууд өөрсдийн тогтвортой санхүүжилтийн бодлого, журам, хариуцсан бүтэц орон тоог батлахаас гадна, банкны ажилтнуудад тогтвортой санхүүжилтийн чадавхи бүрдүүлэх сургалт, уулзалтууд болон харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудад чиглэсэн мэдээллийн ажлуудыг өргөнөөр зохион байгуулж байна. Түүнчлэн ТоС-ийн 8 зарчмын нэг болох “Санхүүгийн хүртээмжийг дэмжих зарчим”-ыг нэн тэргүүнд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор АТМ болон цахим хуудсыг харааны бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй үйлчлэх болон эдгээр иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх асуудалд илүү анхаарал хандуулан энэ талаарх сургалтыг теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад шат дараатайгаар зохион байгуулж байна.

Цаашлаад ТоС-ийн гол зарчим болох “Байгаль орчноо хамгаалах зарчим”-ын хүрээнд ТоС-ийн гишүүн банкууд зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, мөн уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад чиглэсэн тусгай шаардлагуудыг тавьдаг болох гэж байна. Ингэхдээ мэдээж тухайн бизнесээ аль болох дэмжих, зөвлөгөө өгөх, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг эрэлхийлэн хамтран ажиллана.

Банкууд харилцагчийн эрсдэлийг тооцоолохоос гадна өөрсдөө нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор “Үлгэрлэн манлайлах зарчим”-ыг баримталж, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулах санал санаачлагуудыг төрөл бүрээр хэрэгжүүлж, “Банкны төгөл” мод тарих аян, “ТоС 7 Хоног” зэрэг олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн зохион байгууллаа.

Банкууд үүний ижил байгаль орчин, нийгэмд ээлтэй олон санаачлага, үйл ажиллагааг цаашид ээлж дараатай зохион байгуулах бөгөөд бодлого тодорхойлогчид, бусад бизнесийн салбарууд, олон нийт, иргэдтэй хамтран ажиллаж бодлого, чиглэлүүдээ уялдуулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Twitter