Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Professional series-2015/06

5-Р Сар 29, 2015

Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академиас хамтран зохион байгуулдаг “Professional Series” өглөөний уулзалтын ээлжит зочноор Голомт банкны Бүтцэт санхүүжилтийн хэлтсийн захирал О.Оч оролцож “SMBC-ийн төслийн санхүүжилтийн үйл ажиллагаатай танилцсан туршлага” сэдвээр сонирхолтой танилцуулга, яриа хийх гэж байна.

О.Оч захирал нь Монголын Банкны Холбоо, Сумитомо Мицуи Банкны Корпораци (SMBC)-аас хамтран хэрэгжүүлж буй “Төслийн санхүүжилтийн дадлагын хөтөлбөр”-ийн 2015 оны эхний ээлжинд хамрагдаж SMBC–ийн Сингапур дахь Ази бүс нутгийн Хөрөнгө Оруулалтын Банкны Газарт 1 сарын хугацаанд дадлагажин, хэрэгжиж буй төслийн санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Professional Series уулзалтаар SMBC банкны төслийн санхүүжилтийн үйл ажиллагаа, бодит төсөл дээр хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцахаас гадна Монгол Улсад байгаа төслийн санхүүжилтийн эрэлт, цаашдын хөгжил, хандлагын талаар ярих юм.

Уулзалт 2015 оны 6 дугаар сарын 3-ны лхагва гаригийн өглөө 08.00 цагт Монголын Банкны Холбооны байранд зохион байгуулагдах бөгөөд та бүхнийг сонирхож буй асуултуудаа тавьж, идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн холбогдох ажилтнуудыг энэхүү уулзалтад оролцуулах боломжтой юм. Оролцогчийн тоо хязгааргүй болно.

Уулзалт ойролцоогоор 1 цаг орчим хугацаатай үргэлжилнэ.

ЖИЧ: Өглөө 7.45-аас 8.00 цагийн хооронд цай, кофе уух боломжтой.

Twitter