Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ФИЛИППИН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ТоС ХӨТӨЛБӨРӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

6-Р Сар 19, 2017


Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн туршлагаас судлах зорилгоор Филиппин улсын төв банк, банк санхүүгийн академи, Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн Филиппин дэх төлөөлөгчийн газрын удирдлагын түвшний төлөөлөл IFC-ийн дэмжлэгтэйгээр 2017 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.

Уг туршлага судлах айлчлалын хүрээнд Филиппин улсын төлөөлөгчид Монголын Банкны Холбоо, Монгол дахь IFC-ийн төлөөлөгчийн газрын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг нийт банкны системийн хэмжээнд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх танилцуулга, мэдээллийг авсанаас гадна тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаагаар манлайлан ажиллаж байгаа Ариг банк, Хас банк болон Худалдаа, хөгжлийн банкуудаар зочилж, банкинд байгаль орчин, нийгмийн удирдлагын систем (БОНУС)-ийг хэрхэн амжилттай нэвтрүүлж буй туршлагаас судаллаа. Түүнчлэн ТоС хөтөлбөрийн бодлогын дэмжигч байгууллагуудын удирдлага болох Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БОАЖЯамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Зориг сангийн тэргүүн С.Оюун болон ТоС-ийн Удирдах хорооны гишүүдтэй уулзаж, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн стратеги, мөнгөний бодлого ба ТоС хөтөлбөрийн уялдаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Филиппин улсын Төв банк нь IFC-ийн Тогтвортой Санхүүжилтийн Олон Улсын Холбоо (Sustainable Banking Network)-ны гишүүн бөгөөд Филиппиний банкны салбарт тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгмийн удирдлагын системийг нэвтрүүлэхээр зөвшилцөж IFC-тэй хамтран ажиллах, салбарын хэмжээнд тогтвортой санхүүжилтийн чадавхи бэхжүүлэх санамж бичгийг байгуулсан байна. Монгол Улсаас туршлага судлах айлчлал нь энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний ажлуудын нэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэх боломжтой.

Twitter