Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2015


Монгол Улс ногоон эдийн засгийг бий болгохыг дэмжин, УИХ-аас 2014 онд “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан билээ. Энэхүү хөгжлийн зорилтыг бодитойгоор хэрэгжүүлэх, одоогийн эдийн засгийн бүтцийг “ногоон” болгоход засгийн газар, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд санхүүгийн салбар, тэр дундаа санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлдэг банкуудын тогтвортой хөгжлийн асуудалд оролцох үүрэг, нөлөө чухал болоод байна. Одоогоор байгаль орчинд ээлтэй, “ногоон” техник технологийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг санхүүжүүлэх банкны бүтээгдэхүүнүүдийг бий болгоход төрийн бодлого, санхүүгийн урамшууллын хөшүүрэг, механизмууд байхгүй байна. Өнөөдрийн байдлаар эко төслүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгодог ганцхан банк байгаа нь хангалтгүй учир банк, банкны харилцагч, бизнес эрхлэгчдийн дунд ногоон зээл, санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт, чадавхийг нэмэгдүүлэх, улмаар уг ажлыг дэмжих ногоон санхүүжилтийн механизмийг бий болгох зайлшгүй шаардлага байна.

Дээрх асуудлыг хэлэлцэх зорилгоор Монголын Банкны Холбооноос БОНХАЖЯ, Монголбанк, МҮХАҮТ, НЗД, ХасБанк, ОУСК, НХБ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2015” арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээгээр ногоон зээлийн санхүүжилтийн механизмийг бий болгоход хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэхээс гадна ТоС-ийн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд холбогдох талуудын үүрэг оролцоо, дэмжлэгийн талаар бодлого боловсруулагчид, банкууд, санхүүгийн салбарын бусад төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, иргэний нийгэм, байгаль орчны мэргэжилтнүүд дундаа санал солилцон тодорхой шийдэлд хүрэх тул энэхүү ач холбогдол бүхий арга хэмжээнд эрхэм Таныг оролцохыг урьж байна.

Монголын Банкны Холбоо

Twitter