Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийг тэнцвэртэйгээр авч үзэх тогтвортой хөгжлийн асуудал даян дэлхийн хөгжлийн чухал зорилт болж, 2015 оны 9 дүгээр сард дэлхийн 193 орны удирдагч 2030 он хүртэл баримтлах “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг батлаад байгаа билээ. Эдгээр зорилтуудыг санхүүжүүлэх, бодитойгоор биелүүлэхэд санхүүгийн салбарын оролцоог олон улсын түвшинд чухалчлан хэлэлцэж, дэлхийн тэргүүлэх гүрнүүдээс олон төрлийн санаачлага, амлалтуудыг дэвшүүлж байна. Тухайлбал, 2016 оны 9 сард БНХАУ-д зохион байгуулагдсан “Их 20”-ийн уулзалтаар дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын тэргүүн, сангийн сайд нар тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн ач холбогдлыг онцлон, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хамтран хүчин зүтгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Монголын банкны салбар мөн даян дэлхийн энэхүү чухал зорилтод анхаарлаа ихээр хандуулж 2013 оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг сайн дурын санаачлагын үндсэн дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын Банкны Холбоо (МБХ)-гоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны дэмжлэгтэйгээр байгаль орчин, хүний эрх, соёлын өв, ногоон эдийн засаг, санхүүгийн хүртээмж, ил тод байдал зэрэг бидний тулгамдаж буй чухал асуудлуудыг тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон 4 салбарын удирдамж /уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр/-ийг боловсруулж, 2015 оноос эхлэн зээл, санхүүжилтийн шийдвэр болон банкны бусад үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.

Харин ТоС-ийн хөтөлбөрийг дараагийн шатанд ахиулах, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг дэмжих зорилгоор байгаль орчин, нийгэмд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх урамшууллын хөшүүрэг, тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015” арга хэмжээний үеэр хэлэлцсэн бөгөөд цаашид энэ ажлыг бодитой болгохын тулд төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Монголын Банкны Холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), Тогтвортой хөгжлийн боловсрол (ESD) төслийн дэжлэгтэйгээр ногоон зээлийн сангийн ажлын хэсгийг байгуулан идэвхтэй ажиллаж ногоон зээлийн зах зээлийн болон хууль эрх зүйн орчны судалгаа хийх, ногоон зээлийн шалгуур үзүүлэлт ба ногоон зээлийн сангийн үзэл баримтлал, бизнес төлөвлөгөө боловсруулах, холбогдох талуудад танилцуулж санал авах гэх мэт олон ажлуудыг гүйцэтгээд байна.

Дээрх ажлуудыг танилцуулах, оролцогч талууд болон олон нийтийн дунд хэлэлцүүлэх зорилгоор МБХ, БОАЖЯамнаас Голомт банк, Монголбанк, Сангийн яам, СЗХ, МҮХАҮТ, НЗД, IFC, GGGI, PAGE, ESD-тэй хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Форум БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилт рүү” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Уг арга хэмжээгээр ногоон зээлийн сангийн үзэл баримтлалыг танилцуулж, цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэхээс гадна ТоС-ийн хөтөлбөрийг 2017 оноос Монголбанкны бодлоготой уялдуулах, банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, бусад хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжил дэх манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцах юм. Мөн барилга, хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт ногоон бизнес эрхлэгчдийн сайн туршлагаас танилцуулж, ногоон бизнес эрхлэхтэй холбоотой хүндрэл бэрхшээл, боломжит шийдлүүдийг тодорхойлохыг зорих юм.

Twitter