Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХАРИЛЦАГЧИЙН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

9-Р Сар 26, 2016

Голомт банкнаас 2016 оны “ТоС Манлайлагч Байгууллага”-ын хувьд Монголын Банкны Холбоо (МБХ)-той хамтран харилцагчийн бизнесийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах өдөрлөгийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Голомт банкны харилцагч болох “Түмэн шувуут” ХХК-ийн тэжээлийн үйлдвэр болон шувууны фермийн үйл ажиллагаатай танилцаж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, сайн туршлагуудтай танилцлаа.

Уг арга хэмжээнд Ариг банк, Богд банк, Капитал банк, Капитрон банк, Хаан банк, Хас банк, Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Банк санхүүгийн академи, МБХ болон Голомт банкны 30 гаруй төлөөлөл оролцсон юм.


Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Байгаль орчны зөвлөх Ц.Даваасүрэн өдөрлөгт оролцож байгаль орчны үнэлгээтэй холбоотой гол хууль, журмууд болон шувууны аж ахуйн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, тэжээллэгийн ерөнхий шаардлагуудаас танилцуулж, мөн газар дээр шалгалт хийхэд анхаарах асуудлуудын талаар туршлагаасаа хуваалцлаа.

Түмэн шувуут ХХК нь үйл ажиллагаагаа анх 2004 онд эхэлж одоо 190,000 өндөглөгч тахиатай, Монгол Улсын хамгийн том шувууны эрчимжсэн аж ахуй болон өргөжсөн. Түмэн шувуутын үйлдвэр нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд тахианы амьдрах орчин, нөхцөл, өндөг үйлдвэрлэх процессийг олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байна.


ТоС-ийн хөтөлбөрийн гишүүн байгууллагууд тус компанийн бодит үйл ажиллагаа, сайн туршлагаас судласан нь цаашид бусад хөдөө аж ахуйн салбарын төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлага тогтоох, хамтарч ажиллахад өндөр ач холбогдол бүхий туршлага болж чадлаа. Уг өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан ТоС Манлайлагч Байгууллага 2016-Голомт банкныханд дахин талархал илэрхийлье.

Монголын Банкны Холбоо

Twitter