Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Д. Отгонбилэг: “ТоС хүний амь нас, байгаль орчин, нийгэмд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж байгаа ач холбогдолтой”

4-Р Сар 20, 2018


Энэ сарын ToC newsletter-ээс эхлэн “Sustainable Finance Leadership Insights” цуврал ярилцлагын буланг та бүхэнд хүргэж байна. Булангийн анхны зочноор ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэг оролцлоо.

Тогтвортой Санхүүжилт (ТоС) хөтөлбөр болон байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь өнөөдөр иргэд, бизнес эрхлэгч бидний амьдралд ямар ач холбогдол, үр өгөөжтэй талаар Та бодлоо хуваалцахгүй юу?

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Монгол Улсын банкны салбар нь эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох зөв жишгийг нийгэмдээ үзүүлж байгаа гэж боддог. Банк нь хэдий ашгийн төлөө байгууллага ч бид зөвхөн бизнесийн ашгаа урьтал болгон санхүүжилт хүссэн хэн бүхэнд зээл олгох бус, харин санхүүжилтэндээ хяналт тавин, байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж буй харилцагчид санхүүжилт олгохоос зайлсхийж, тэдний байгаль, нийгэмд учруулах эрсдэлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

НҮБ-аас гаргасан Тогтвортой Хөгжлийн 17-н зорилтын хүрээнд Монгол Улс Тогтвортой Хөгжил-2030 хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд Байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийн систем нь томоохон хувь нэмэр оруулах учиртай юм. Хөгжиж буйманай улсын хувьд байгаль орчин, нийгэмд учирч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан тооцох, холбогдох арга хэмжээг авснаар байгалийн нөөц баялгийг зүй зохистойгоор ашиглах, эрүүл нийгмийг цогцлоох замаар Тогтвортой Хөгжлийг бий болгох боломжуудыг бүрдүүлж өгч байна. Хөгжингүй орнуудын хувьд хөгжлийн явцад байгаль орчин, нийгмийн асуудлуудыг үл хайхран, байгалийн нөөц баялгийг хомсдолд оруулсан нь эргээд Тогтвортой Хөгжил, Ногоон эдийн засагт маш их хэмжээний хөрөнгө зарцуулахад хүргэсэн.

ХХБанкны хувьд 2 жил дараалан “Шилдэг ТоС банк”–аар шалгарсан байгаа. Танай банкны ТоС, байгаль орчин, нийгмийн хариуцлагын удирдлагын систем нь юугаараа онцлог вэ?

Банк зээлдэгчдээ байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулах шаардлага тавихаас гадна өөрсдөө дотоод үйл ажиллагаагаа ч мөн адил байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлаар явуулах ёстой гэж үзсэн. Тиймдээ ч бид зээлийн үйл ажиллагааг жил бүр үе шаттайгаар автоматжуулсаар ирсэн нь ХХБанкны байгаль орчин, нийгмийн хариуцлагынудирдлагын системийн гол онцлог гэж хэлж болно. Энэ системийн үйл ажиллагаа нь программын түвшинд явагддаг. Аливаа зүйлийн үр дүн нь хэмжигдэхүйц байх ёстой ба ингэснээр тухайн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ахиц дэвшил, үр дүнтэй байдлыг тооцох боломжтой болно. Бид байгаль орчин, нийгмийн хариуцлагын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагуудын биелэлтийг хянах тайланг автоматжуулснаар үнэлгээгээр биелэлтийг сар, улирал, хагас жил, жилээр нь хянах бүрэн боломжтой болсон юм.

Байгаль орчин, нийгмийн хариуцлагынудирдлагын системийг нэвтрүүлснээр банк өөрийн үйл ажиллагаагаараа дамжуулан бизнес эрхлэгчид, иргэдэд үйл ажиллагаагаа байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлаар явуулахад нь эерэг нөлөөллийг үзүүлж байгаа гэж бодож байна. “ТоС” гэсэн нэр томьёо нь анх бизнес эрхлэгчид төдийгүй банкны салбарт шинэ нэр томьёо байсан тул зээлдэгчдээс байгаль орчин, нийгмийн хариуцлагын тухай нэмэлт бичиг баримт хүсэх, мэдээлэл тодруулахад хүндрэлтэй байсан. Харин одоо бол манай зээлдэгчид ач холбогдлыг нь ойлгодог болж, зээлийн судалгаа хийх явцад банкнаас юу шаарддаг, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээтэй холбоотой нарийвчилсан үнэлгээ, байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого, хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, галын аюулгүй дүгнэлт, мэргэжлийн хяналтын лабораторын шинжилгээ, холбогдох тусгай зөвшөөрлүүд зэрэг бичиг баримтууд боловсруулж, бүрдүүлэх хэрэгтэй болохоо мэддэг болсон. 2017 оны тухайд байгаль орчин, нийгмийн хариуцлагын үнэлгээтэй холбоотой зээлдэгчдийн зээлийн гэрээнд заасан үүргийн биелэлт 75%-тай гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр хүний амь нас, байгаль орчин, нийгэмд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж байгаа ач холбогдолтой үр дүн юм.

Цаашид ТоС хөтөлбөрийн олон улсын болон дотоодын чиг хандлагыг таны зүгээс ямар байдлаар харж байна вэ?

Манай улс банкны системийн хэмжээнд Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн системийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдүгээ 5 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монголын Банкны Холбоо (МБХ) болон арилжааны банкууд гадны мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөгөө авах, сургалт семинар зохион байгуулах, дотооддоо системээ сайжруулах зэрэг олон ажлууд хийсэн. Энд нэг мэдээг онцлон дурдахад, Дэлхийн банкнаас Тогтвортой Снхүүжилт хөтөлбөрийг сайн хэрэгжүүлсэн, үлгэр жишээ 8 улс орны нэгээр Монгол Улс шалгарсан нь бидний өнгөрсөн 5-н жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж, цаашид илүү ихийг хийх ажлын урам боллоо гэж бодож байна.

Түүнчлэн, 2017 оны 12-р сард МБХ-ны дэргэдэх ТоС хөтөлбөр маань “ТоС холбоо” болон бие даан тусдаа гарсан. ТоС холбоо нь одоогоор Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийг байгуулах төслийг БОАЖЯ, СЯ болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI)-тай хамтран боловсруулж, Уур амьсгалын ногоон санд төслийн саналаа Хас банкаар дамжуулан хүргүүлээд байна. Энэхүү корпораци байгуулагдсанаар гаднаас хямд эх үүсвэр татан, арилжааны банкуудад бөөний зээл олгох буюу Ногоон эдийн засгийн өсөлт, Тогтвортой Хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад ногоон бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй, тэр дундаа агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тал дээр санхүүгийн хөшүүрэг болж өгөх юм.

ХХБанк нь 2018 оны ТоС Манлайлагч байгууллагаар ажиллаж байгаатай холбоотойгоор энэ онд ТоС хөтөлбөр болон ТоС холбооны хүрээнд хийхээр төлөвлөж буй гол ажлуудаас товч дурдана уу.

ТоС Манлайлагч банкны чухал ажлуудын нэг бол жил бүрийн ТоС Форумыг хариуцан зохион байгуулах байдаг. ХХБанкны хувьд “ТоС Форум 2018”-ыг 9-р сард зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Энэ жил ТоС хөтөлбөрийг эхлүүлсний 5-н жилийн ой тохиож байгаа ба ойг угтан ХХБанк нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн томоохон ажлыг санаачлан хийж байгаа нь ахмад буурлууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв болох Ачлалт Хүүхдүүд ТББ-ыг өөрийн гэсэн асрамжийн байртай болоход нь дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг олгосон бол банкны нийт ажилтнууд өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аян өрнүүлж тус төвд сэтгэлийн хандив өргөөд байна. Тус аяны үр дүнд өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, зөвхөн 26 хүнд л асаргаа сувилгаа үзүүлдэг байсан Ачлал хүүхдүүд ТББ маань өөрийн шинэхэн 3 давхар байраа засч тохижуулан, Монгол Улсдаа цорын ганц жишиг асрамж хамгааллын төв болохоор зорьж байгаа юм байна. Ингэснээр асаргаа шаардлагатай нийт 50 гаруй хүнийг нэгэн зэрэг хүлээж авах боломж бүрдэх юм.

Аливаа шинэ зүйл хэрэгжүүлэхэд оролцогч талууд ижил түвшний үнэн зөв мэдээлэлтэй байх уг мэдээлэл нь хүртээмжтэй байх гэдэг зарчим их чухал байдаг. Иймд бид мөн үүний дараагаар хийхээр төлөвлөж буй бас нэг чухал ажил бол Монгол Улсын Их сургууль болон Санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцаж буй болон төгсөх курсын оюутнуудад Тотвортой Санхүүжилт хөтөлбөрийн талаар суурь ойлголт өгөх зорилготой, хөтөлбөрийн танилцуулга, сургалтыг хийхээр төлөвлөөд байна.

Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье!

Баярлалаа. Та бүхэнд ч мөн амжилт хүсье!