Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Долларын төгрөгтэй харьцах албан ханш 1410.68 төгрөгт хүртэл чангарч сүүлийн нэг жилд байгаагүй өндөр түвшинд хүрлээ..

3-Р Сар 29, 2013
  • 2013 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурсан байна. Үүнд: Махны дундаж үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-4.4 хувь, хонины ястай махны үнэ 2.4 хувь, адууны махны үнэ 5.1 хувиар өссөн бол, ямааны махны үнэ 0.3 хувиар буурчээ. Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 16.3 хувиар өссөн бол задгай 1 дүгээр зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурсан байна.
  • Энэхүү 7 хоногт долларын төгрөгтэй харьцах албан ханш 1410.68 төгрөгт хүртэл чангарч сүүлийн нэг жилд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монгол банк 1410.27 төгрөгийн хаалтын ханшаар 32 сая ам.долларыг худалдсан. Харин 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд 47.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн боловч Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй. Гадаад валютын хэлцлээр 3 дугаар сарын 26-ны өдөр 75 сая ам.долларын дүнтэй тэнцэх дүнтэй төгрөгийн своп хэлцэл хийсэн бол 3 дугаар сарын 28-ны өдөр мөн 75 сая ам.долларын своп хэлцэл хийсэн байна.
  • 2013 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсын шинээр сонгогдсон ерөнхий сайд Шинзо Абе Монгол улсын засгийн газрын урилгаар манай улсад айлчлал хийнэ. Япон улсын улсын ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээр хийнэ. Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцох юм.
  • 2012 он гарсанаар Монгол улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа билээ. Энэ тухай ерөнхий сайд Н.Алтанхуяг: 2012 оны эхээр баталсан ГШХО-ын тухай хууль нь тодорхой хэмжээгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтад саад тотгор болж байгаа талаар судалж үзээд энэхүү хуулийг өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих гэж байгаа тухай мэдээлсэн. Үүнд: “Одоогийн мөрдөж байгаа хуулийн 4-ийн 7 дугаарт гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас дээш гарах юмуу хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд УИХ-аар шийднэ гэж заасан. Энэ заалтыг өөрчилнө. Нэгдүгээрт мөнгөний хязгаарыг байхгүй болгоно. Хоёрдугаарт 49 хувиас илүү гарах тохиолдол гэдгийг зөвхөн төрийн өчмит болон төрийн өмчийн оролцоотой компанид хамааруулж байгаа. Энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэн.
  • Монголын нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Монгол улс нүүрсний салбарын орон зайгаа алдаж байгааг онцоллоо. Тэрээр Хятад улсын эдийн засгийн хурдацтай өсөлт саарч, бүтээн байгуулалт буурч байгаа нь нүүрсний эрэлтийг багасгаж улмаар нүүрсний үнэ буурч байна. Цаашид төмөр замын асуудлаа эрт цэгцэлж, төмөр замаа барьж дуусгахгүй бол Монгол улс нүүрсний зах зээлээ алдаж байгааг онцолсон.
  • 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс Монголбанк, Монгол улсын засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн яам, Монголбанк хамтарсан “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд "TLF дэд хөтөлбөр”-ийн зээлийн анхны ашиглалт болох 3.8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 22 тэрбум төгрөгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д хүлээлгэн өгсөн. Мөн Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хэрэгжүүлж буй “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд цемент, арматур худалдаалдаг 50 орчим аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.

Ази:

  • Хятад улсын шинэ удирдагч Си Зиньпин ОХУ-д айлчилсаны дараа Африк тивийн Танзани улсад айлчилсан юм. Тэрээр айлчлахын үеэр Хятад улс болон Африк тивийн орнуудын хоорондын гадаад худалдааны хэмжээ 200 тэрбум долларт хүрсэнийг мэдээлж, Хятад улс Африк тивтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх бодолтой байна гэж онцлон хэлжээ. Мөн Си Зиньпин Хятад улсаас хоёр жилийн дотор 20 тэрбум долларын зээл африкийн орнуудад олгоно. Түүнээс гадна Хятад, Танзани улсууд аж үйлдвэрийн бүст том боомт барих тухай хэлэлцээрт Си Зиньпиний айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан байна.
  • БНХАУ, Япон улс, Өмнөд Солонгос улсууд Сөүл хотод чөлөөт худалдааны тухай зөвшилцөөнийг хэлэлцэж эхэлсэн байна. Энэхүү хэлэлцээр нь Сөүл, Бээжин, Токио зэрэг тус улсуудын нийслэлүүдэд 3 үе шаттайгаар явагдах юм. Хэлэлцээрийн хүрээнд талууд газар нутгийн маргаантай асуудлыг бас хэлэлцэх бөгөөд хэлэлцээр амжилттай болвол Хятад улсын хямд бүтээгдэхүүн Япон болон Солонгос улсын зах зээлрүү нэвтрэн орох юм.

Евро бүс:

  • Их Британийн банкуудын ассоциациас (BBA) өнгөрөгч 2 дугаар сард тус улсын олгогдсон ипотекийн зээлийн тоо 30,506 болж буурсан талаар мэдээлсэн байна. Их Британийн банкуудын олгогдсон ипотекийн зээлийн тоо сүүлийн гурван сар дараалан унасан бөгөөд 2012 оны 12 дугаар сард 33206 зээл, нэгдүгээр сард 31983 зээл олгогдсон байна. Шинжээчид өнгөрөгч сарын ипотекийн зээлдэгчийн хэмжээг 33,600 байх болов уу гэж таамаглаж байжээ.
  • Кипр улсад үүсээд байгаа асуудлаас шалтгаалан Евро бүсийн сангийн сайд нар ээлжит бус хуралдаан хийсэн. Энэхүү хуралдаанаар Кипр улсад үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээг батласан бөгөөд 10 тэрбум евро байхаар тогтсон байна. Энэхүү хөрөнгө нь 5 дугаар сараас шилжиж эхлэх бөгөөд Евро бүс Кипр улсаас 5.8 тэрбум еврог хэмнэхийг шаардаж байсан боловч хямралын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тул шаардахааргүй болжээ.

АНУ:

  • АНУ-ын шинээр баригдах байшин, барилгын тоо 1 дүгээр сартай харьцуулахад 0.8 хувиар буюу 917 мянгаар өссөн байна. Мэргэжилтнүүд энэ тоог 913 мянга гэж таамаглаж байсан юм. Мөн өнгөрөгч 2 дугаар сард шинээр байшин барилга барих зөвшөөрөл 4.6 хувиар өссөн ажээ.

Эрсдэлийн Удирдлагын мэргэжлийн зөвлөл

Twitter