Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ТоС-ийн сургалт, арга хэмжээ

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар голлох үүргийг гүйцэтгэж буй хэдий ч барилга, хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл, зам тээврийн салбар чухал байр суурь эзэлсээр байна. Эдгээр салбарын хөгжилтэй зэрэгцэн агаар, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол болон шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлууд урган гарч байна. Монгол Улсын банкны салбарын нийт активын хэмжээ санхүүгийн салбарын 95 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь банк, тэдгээрийн харилцагч, бизнес эрхлэгчдийн эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд үзүүлэх нөлөө, үүрэг оролцоог улам нэмэгдүүлж байна.

Иймээс өнгөрөгч оны 5 дугаар сард анх удаа зохион байгуулагдсан "Монголын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2013" арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, банкны болон бизнесийн салбарын төлөөлөгчид ногоон хөгжлийг хамтдаа хэрхэн бий болгох бодлогын асуудлыг хэлэлцсэн бөгөөд цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь банк, холбогдох талууд болон банкны харилцагчдын дунд тогтвортой санхүүжилтийн мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, чадвар чадамжийг бий болгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Дээрх шийдвэрийн дагуу Монголын Банкны Холбоогоор ахлуулсан тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан тусгасан Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулах, мөн түүнчлэн энэхүү зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 4 салбар (уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр)-ын удирдамжийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлснээр банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг дэмжин ажиллах, түүнчлэн өөрсдийн дотоод үйл ажиллагаанд эдгээр зарчим, шаардлагуудыг баримталж бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд манлайлан, уриалах юм.


Монголын Банкны Холбоо

Twitter