Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулган Монгол Улсад анх удаа...

8-Р Сар 07, 2013

Юуны өмнө “Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулган” олон улсын уулзалт, хуралд оролцогчдыг бүртгэх бүртгэлийн ажиллагаа үргэлжилж буйг дуулгахад таатай байна.

Монгол улс эрдэс баялагийн нөөцөөрөө дэлхийн бусад улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж, эдийн засаг, санхүүгийн салбарын эрчимтэй өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй энэ цагт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах уг арга хэмжээ нь 2013 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Blue Sky зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд “АЗИ ТИВ: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор явагдах гэж буйгаараа ихээхэн онцлогтой.

Монголын Банкны Холбооноос банкны болон санхүүгийн салбарт хамтран зүтгэж буй зорилго нэгт бизнесийн байгууллагууд дуу хоолой, хүчээ нэгтгэн хамтран ажиллах, нягтрах шаардлага урган гарч байгааг зангидан, улс орноо бүсийн хэмжээний санхүүгийн төв болгон төлөвшүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн нэг хэсэг нь дээрх олон улсын арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулах явдал гэж үзсэн болно.

Азийн Банкны Холбооны хувьд жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээгээрээ дамжуулан тив, бүс нутгийн түвшинд банк санхүүгийн салбарын төлөөлөл болсон нөлөө бүхий байгууллага, мэргэжилтнүүд болон томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож уулзуулдаг, тодорхой асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлийг эрэлхийлж байдаг. Иймээс ч гадаадын олон хэвлэл, мэдээллийн байгууллагаас жил бүрийн арга хэмжээнд анхаарлаа хандуулж байдаг.

Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх энэ уулзалтад Монголын банк санхүүгийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны Холбооны гишүүн бөгөөд Ази тивдээ “топ” хэмжээнд үнэлэгддэг RCBC, HNB, Тайванийн банк, Сингапурын Хөгжлийн банк болон бусад гадаадын банк санхүүгийн байгууллагуудын 80 орчим төлөөлөгч хуран цуглаж оролцох юм.

Энэ жилийн хувьд “Ази тив: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор зохион байгуулагдах Чуулганаар олон сонирхол татсан сэдвүүдийг сонгон хэлэлцэх болно.

Онцлон дурдвал:

- Дэлхийн эдийн засаг: Азийн банкуудын хувьд анхаарах хүчин зүйлс

- Шинээр үйлдвэржин, тэлж буй улс орнуудад хөрөнгө оруулах боломж ба тулгарч буй хүндрэл, сорилтууд

- Цахим сувгууд: Санхүүгийн салбарыг өөрчлөн хувьсгах нь

Манай Холбооны зүгээс Чуулганы арга хэмжээгээр дамжуулан Монгол улсдаа болон гадаадын улс орнуудад манай улсын эдийн засгийн байдал, тэр дундаа банкны салбарыг танилцуулж, сурталчлах, банкны салбарт хандах хандлагыг улам нэмэгдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Чуулганд оролцогчдыг бүртгэх хугацаа 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хэсгээс урьдчилан гаргасан хөтөлбөртэй танилцана уу.

Чуулганы болон Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл байвал, мөн түүнчлэн бидэнтэй уг арга хэмжээтэй холбоотой санал хүсэлт, хамтран ажиллах асуудлаар abamongolia@mba.mn эсхүл nomindari@mba.mn хаягаар дамжуулан хэдийд ч холбогдох боломжтой юм.

Эрхэм таныг Чуулганы арга хэмжээнд оролцохыг үүгээр урьж байгааг хүлээн авна уу.