Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Банкны салбарын ажилтнууд мэргэжлийн өдөртэй боллоо

5-Р Сар 29, 2014

Д.Чимэд-Юндэн: Банкны салбарын ажилтнууд мэргэжлийн өдөртэй боллоо

Өнөөдөр банк, санхүүгийн байгууллагатай харилцдаггүй хүн нэгээхэн ч үгүй. Уншигч танд л гэхэд хэдэн хэдэн банкны виза карт байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголд банкны систем үүсч бэхэжсэний 90 жилийн түүхт ойн баяр энэ жил тохиож буй.. Монголбанкнаас түүчээлсэн банк санхүүгийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн гишүүн, Тамгын газрын захирал, ой тэмдэглэх комиссын дарга Д.Чимэд-Юндэнтэй ярилцлаа.

-Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд түүхт ойн түүхээс яриагаа эхлүүлье?

-Энэ жил Монгол Улсад орчин цагийн банк санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Эртний түүхт Хүннү гүрний үеэс Монголчууд зоос мөнгө ашиглаж байсан түүхтэйн дээр их эзэн Чингис хааны мандуулсан Монголын эзэнт гүрэн, Хубилай хааны байгуулсан Юань гүрний үед алт, мөнгөн зоос цутгуулах, таваар-мөнгөний харилцааг ухаалгаар ашиглах, “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага байгуулах шийдвэрүүд гаргаж, дэлхий дахинаа 1260 онд анхны цаасан дэвсгэртийг хэвлэн гүйлгээнд оруулж байсан зэрэг баялаг түүхийг өгүүлэхэд таатай байна. 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк буюу Монголбанкийг байгуулснаар орчин цагийн банкны тогтолцоо үүсч бэхжихийн эхлэл болсон билээ.

-Энэхүү тэмдэглэлт ойг зөвхөн Монголбанкаар хязгаарлахгүй банкны салбарын ой болгон тэмдэглэж байгаа нь 90 жилийн ойн онцлог уу?

-Монгол Улс 1990-ээд оноос хойш  хоёр шатлалт банкны системд шилжсэн хэдий ч бусад банкууд маань Монголбанк гэх энэ том модноос салбарлан ургасан учраас энэ түүхт ой яав ч нэг байгууллагын ой байх учиргүй гэж шийдсэн нь тун оновчтой шийдэл боллоо. Банкны салбарт өдгөө ажиллаж буй ажилтан, албан хаагчдын болон залуу насандаа энэ салбарт ажиллаж байсан бүхий л хүмүүсийн баяр гэдэг өргөн утгаар энэхүү ойг тэмдэглэж байна. 90 жилийн ойн хүрээнд банкны салбар анх удаагаа мэргэжлийн баярын өдөртэй боллоо. Жил бүрийн зургадугаар сарын 2-ны өдрийг “Банкны салбарын ажилтны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Энэ бол 90 жилийн ойг тодотгон түүхэнд бичигдэх хамгийн чухал үйл ажиллагаа юм.

-Ойн хүрээнд зохион байгуулж буй бусад онцлох үйл явдлаас уншигчидтай хуваалцахгүй юу?

-Бид ойн хүрээнд оюутнууд, банкны ажилтнууд, эрдэмтэн судлаачид гэсэн гурван ангиллаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Энэхүү онол практикийн хурлаас шалгарагсдын бүтээлийг ном болгон хэвлүүлнэ. 90 жил гэдэг байгууллагын түүхэнд төдийгүй улс орны амьдралд ч урт хугацаа юм. Энэ урт хугацаанд Монголбанк, банкны салбарын хуримтлагдсан түүх,  туулж өнгөрүүлсэн замнал асар их бий. Тиймээс 90 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны түүхийг бичиглэсэн хоёр боть ном, гэрэл зургийн цоморлиг хэвлэгдэн гарч байна. Мөн бүрэн хэмжээний баримтат кино хийлээ.

 “Банк экспо-90” үзэсгэлэнг Чингисийн талбайд энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Банкууд бүгд оролцож түүхэн замнал, бүтээгдхүүн үйлчилгээгээ иргэддээ сурталчлан нээлттэй үйл ажиллагаа явуулах юм. 90 жилийн ой гэдэг 100 жилийн ойн угтвар, босго гэж бид ойлгож байгаа. Тиймээс бид Монголд банк байгуулагдах үеийн ховор нандин дурсгал, сонин содон үзмэрийг цуглуулж байна. Банк барагтай хүн халдаад байдаггүй хаалттай бүс мэт ойлгох хүн ч бий. Энэ нь банкны онцлогтой ч холбоотой. Банк өөрийн гэсэн өвөрмөц статустай,  бие даасан, халдашгүй байгууллага байдаг. Тиймээс бид баримтат  кинондоо банк анх байгуулагдсан үеэс өнөөг хүртэлх бүхий л түүхийг багтааж байгаа.

-Та түүхэн ойн хүрээнд банкны салбарынхан нягт хамтран ажилласан гэж хэллээ. Ямар томоохон ажлууд хийж эхлүүлэв?

-Монголын банкуудын холбоо, банкуудтай хамтран үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Банкны төгөл” байгуулж, мод суулгалаа. Цаашид банкны салбар байгаа аймаг орон нутаг бүрт мод суулгах ажил үргэлжлэн өртөөлөх юм. Төгөл маань тун удахгүй ой, шугуй болон найгана гэдэгт итгэлтэй байгаа.

Ойн хүрээнд “Банк-90” гала концертыг банкны салбарын ажилтнуудаа оролцуулан  зохион байгууллаа. Тус концертыг өндөр хэмжээнд зохион байгуулсан Монголын банкны холбооны хамт олон хамтран зохион байгуулсан банкууддаа Монголбанкны хамт олны өмнөөс баярласнаа илэрхийлье. Банкны салбарынхныг нэгэн дээвэр дор, нэгэн тайзан дээр нэгтгэсэн сайхан үйл ажиллагаа байлаа.

-Монголбанкны “Эрдэнэсийн сан”-г үзэхсэн гэсэн хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг. Эрдэнэсийн сан иргэдэд хэр нээлттэй байдаг вэ?

-Эрдэнэсийн сан үзье гэсэн хэн бүхэнд нээлттэй үйлчилдэг. Бид хойшид Эрдэнэсийн сангаа улам баяжуулж, музей байдлаар хөгжүүлэхийг зорьж байгаа. Ойн хүрээнд Эрдэнэсийн сангийн музейд байгаа зарим үзмэрийн тайлбарыг шинэчлэн, нийт 1300 гаруй иргэн, оюутан сурагчдад үзүүлж сурталчлаад байна.

-90 жилийн түүхтэй Монголбанк маань хэр өнөр хамт олон бэ. Төв банкны ажиллах хүчний цөмийг залуучууд бүрдүүлдэг нь ажиглагддаг?

-Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад голлох үүрэгтэйгээр ажиллаж ирлээ. Энэ хүрээнд эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн зах зээлийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг эрс бууруулах, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр бодлогын шинэчлэл хийж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг ханган ажилласан нь зохих үр дүнд хүрч байгааг тэмдэглэхэд таатай байна. 

Монголбанк нийт 400 гаруй ажилтан албан хаагчидтай өнөр бүл. Ажилтнуудын талаас илүү хувь нь гадны өндөр хөгжилтэй оронд мастер, докторын зэрэг хамгаалсан чадварлаг залуус бий. Монгол Улсын төв банк гэдэг утгаараа хүний нөөцийн бодлогодоо өндөр шаардлага тавьж ажилтнуудыхаа сурах, мэргэших дунд болон урт хугацааны бодлогыг боловсруулан ажилладаг. Гадаадын улс орнуудын туршлага судлах, мэргэшүүлэх зорилгоор ахисан төвшний, удирдах ажилтны сургалтуудад хүмүүсээ тогтмол хамруулдаг.

-Ярилцлагын төгсгөлд салбарынхандаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол Улсын бэлэн мөнгөний 85 хувь нь харилцах хадгаламжаар дамжин банкны салбарт эргэлдэж байдаг. Тэр их хөрөнгийг найдвартай, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах, арвижуулах хүндхэн үүрэг банкны салбарт ногддог. Тэгэхээр банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг эдийн засгийн эрх чөлөөтэй шууд холбон ойлгож ч болох юм. Энэ хариуцлагатай албыг нэр төртэй хашиж ирсэн банкны салбарын нийт ажилтан, ахмадууддаа Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойн мэндийг дэвшүүлж цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Танд ч бас банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Д.ЦЭЭПИЛМАА