Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Банк санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, шинэчлэл, арга, аргачлал сэдэвт хэлэлцүүлэг амжилттай боллоо.

3-Р Сар 15, 2013

2013 оны 3-р сарын 14-ний өдөр буюу өчигдөр Монголын Банкны Холбооноос Улаанбаатар зочид буудлын Хархорин танхимд “Банк санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, шинэчлэл, арга, аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк, Олон улсын Мэргэшсэн эрсдэлийн шинжээчдийн холбоо, Нэткапитал ББСБ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн зорилго нь банк санхүүгийн салбарт баримталж буй эрсдэлийн удирдлагын бодлого, авч буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал болон цаашид баримтлах бодлого, арга хэмжээний талаар асуудлыг хөндөн ярилцах, улмаар нэгдсэн шийдэлд хүрэх явдал байсан юм.

Тус уулзалтад зохион байгуулагч байгууллагуудаас гадна арилжааны банкууд, ББСБ-ууд болон Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр хэд хэдэн илтгэл тавигдсан бөгөөд тухайлбал, Монголбанкнаас Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт” сэдвээр, арилжааны банкуудыг төлөөлөн Хас банкны Эрсдэлийн Нэгдсэн Удирдлагын Газрын эрсдэлийн шинжээч Б.Сансар “Банкны эрсдэлийн удирдлагын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд” сэдвээр, Худалдаа Хөгжлийн банкны Эрсдэлийн Удирдлагын Газрын захирал, ОУМЭШХолбоо (PRMIA)-ний Улаанбаатар бүсийг хариуцсан захирал А.Батзориг “Олон улсын банк санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын жишиг, хөгжлийн хандлага” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьж, хэлэлцүүллээ.

Холбооны зүгээс энэ уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг цэгцлэн, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах замаар банк санхүүгийн эрсдэлийн удирдлагын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх юм.

Бид бүхний ажил, санал санаачилгыг дэмжин уг хэлэлцүүлгийг ивээн тэтгэж ажилласан Нэткапитал ББСБ-д Монголын Банкны Холбоо болон ОУМЭШХолбооны нэрийн өмнөөс талархаж буйгаа үүгээр дамжуулан хүргэж байна