Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Барьцаат хэлцлийн шинэчлэл “ сэдэвт дугуй ширээний уулзалт, ярилцлага болно

10-Р Сар 08, 2012

Монголын Банкны Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк хамтран “Барьцаат хэлцлийн шинэчлэл (хөдлөх эд хөрөнгө болон эрхийн барьцаа-secured transaction)” сэдэвт дугуй ширээний уулзалт, ярилцлагыг 2012 оны 10 сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Монголын Улсын банк санхүүгийн байгууллага, төрийн албаны төлөөлөлтэй барьцаат хэлцлийн одоогийн байгаа байдал, асуудлууд, шинэчлэлийг хэрхэн яаж хийвэл үр нөлөөтэй байх талаар ярилцаж, олон улсын туршлага, хэрэгжүүлсэн арга замын талаар санал зөвлөмжийг өгөх юм.

Барьцаат хэлцлийн талаар шинэчлэл хийх нь хувийн хэвшлийн, энэ дотроо жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн зээл авах боломжуудыг маш ихээр нэмэгдүүлэх юм. Өнөөгийн байдлаар банкууд зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд зээл олгож байна. Барьцаа хөрөнгийн одоо байгаа систем олон сул талтай. Эдгээрээс дурдвал адил түвшний ДНБ-тэй улс орнуудтай жишиж үзэхэд хувийн хэвшилд олгосон зээлийг ДНБ-нд харьцуулсан харьцаа тэдгээрээс нилээд доогуур байна. Энэ нь голлон барьцаа хөрөнгийн тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байгаатай холбоотой юм. Мөн түүнчлэн зээлдэгч зээлээ төлөх чадваргүй болсон тохиолдолд барьцаа хөрөнгөөс эрхээ хангуулах дараалал нь ямар болох талаар зээлдүүлэгчдэд тодорхойгүй, Зээлдэгч зээлээ төлөх чадваргүй болсон тохиолдолд барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авахын тулд зээлдүүлэгч олон сар, зарим тохиолдолд хэдэн жил зарцуулдаг гэх мэт олон сул талууд байна.

Хөдлөх хөрөнгийг барьцаалж болох талаар шинэ хууль гаргах замаар өөрчлөлтийг эхлүүлэх шаардлагтай байна. Энэ тухай хууль нь маш нарийн бөгөөд олон улсын шилдэг туршлагын дагуу бус боловсруулсан тохиолдолд хуулийн үр өгөөжийг бууруулдаг. Энэ нь барьцааны эрхийг бүртгэх, интернетэд суурилсан, найдвартай, электрон бүртгэлийн системтэй байхыг шаардана. Хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхгүй бол өгөөж нь буурах болно.


Зөвлөмж

Барьцаагаар баталгаажсан хэлцлийн хууль эрх зүйн орчинг цогцоор шинэчлэх, электрон бүртгэлийн систем бий болгох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх шаардлагатай байна. Нэн түрүүнд Авлагын данс, хүнд тоног төхөөрөмж, бараа материалын нөөц болон мал зэрэг хөдлөх хөрөнгө барьцаадан зээл олгох буюу барьцаагаар баталгаажсан хэлцэл бүхий зээл олголтыг нэвтрүүлэх. Ингэснээр санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн зээлийн барьцаа хөрөнгийн шинэ тогтолцоо яаралтай шаардагдаж байна.

Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк