Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

"Барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчилэх хуулийн төсөлтэй холбоотойгоор танилцуулга, мэдээлэл хийх уулзалт" зохион байгуулагдана.

2-Р Сар 05, 2013

Монголын Банкны Холбоо нь банк, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг бөгөөд энэ хүрээнд 2013-2014 онд банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг эхлүүлээд байгаа юм.

УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолын хавсралтаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг баталсан бөгөөд уг үндсэн чиглэлийн 2.3-т “Зээлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчилнэ” гэж заасан. Холбооны зүгээс барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотойгоор нэн тэргүүнд шийдэх асуудал нь “Хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай” хуулийг батлуулах явдал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг хууль батлагдсанаар хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны эрх, түүний бүртгэлийн асуудлыг шийдэж чадах юм. Холбоо нь уг асуудлыг шийдэх, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /EBRD/-тай хамтран хуулийн төсөлд санал авах, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мөн асуудлыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн болохыг дуулгахад таатай байна.

Дэлхийн шилдэг эдийн засагч Эрнандо де Сото манай 800 орчим хүнд хийсэн судалгаагаараа Монгол улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас 2 дахин их буюу 7,5 тэрбум долларын хөрөнгө улсын бүртгэлгүйгээр монголчуудын гарт байгааг нотлоод эд хөрөнгийн бүртгэлийн системийг хялбар, хуулийн дагуу шийдвэрлэхэд цаг хэмнэх шатанд хүргэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг. Холбооны зүгээс уг сул бүртгэлгүй байгаа хөрөнгийг бүртгэлжүүлээд, бусдад худалдах, барьцаалах болон бусад хэлбэрээр эргэлтэд оруулж чадвал Монгол улс эдийн засгийн хөгжлийн шинэ түвшинд гарах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр нэг талаас арилжааны банк, санхүүгийн байгууллагаас зээлдэгч, барьцаалуулагчийн хөдлөх эд хөрөнгө, эрхийг барьцаалан зээл олгох эрх зүйн орчин бүрдэх, нөгөө талаас үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бусад иргэн, хуулийн этгээд өөрт байгаа хөрөнгөө үнэлэн, барьцаалж зээл авах, хөрөнгөө зах зээлд эргэлдүүлэх боломж бий болох бөгөөд үүний цаана бүртгэлгүй хөрөнгө бүртгэлтэй болох, зээлийн хүү буурах орчин бүрдэх зэргээр төрийн, төрийн бус, хувийн гээд олон байгууллагын ашиг сонирхол хангагдах юм.

 Энэхүү хуулийн төслийн талаар банк, санхүүгийн байгууллагын болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгч нарт танилцуулга, мэдээлэл хийх, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцах зорилгоор Монголын Банкны Холбооны байранд 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагт уулзалт зохион байгуулагдах гэж байна.