Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Б.Жавхлан: Таван сарын хэрэгцээг хангах валютын нөөц байгаа

11-Р Сар 06, 2013

Валютын ханшны хэлбэлзэл манай орны эдийн засагт багагүй нөлөө үзүүлдэг. Валютын ханш нэг хэсэг бууж байснаа дахин өсч эхэлсэн. Өчигдрийн байдлаар л гэхэд Монголбанкны зарласан ханш 1 ам.доллар 1719 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын хэлбэлзэл нь эдийн засаг, нийгмийн амьдралд нөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог. Энэ талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас тодрууллаа.

-Ам.долларын ханш тогтворгүй байна. Үүнийг тогтворжуулахын тулд Монголбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Манай төгрөгийн баланс, гадаад валютын тэнцэл сүүлийн жил гаруйн хугацаанд байнгын алдагдалтай явж ирлээ. Харин одоо Засгийн газар, УИХ, Монголбанкны зүгээс тодорхой хэмжээнд арга хэмжээнүүд авч эхэлж байна. Энэ бол түргэн, богино хугацаанд шийдвэрлэчих асуудал биш л дээ. Мэдээж ханшийн хөдөлгөөн гэдэг бол эдийн засгийн амьдралын тусгал нь. Тэгэхээр бид цаад асуудалтай нь ноцолдох хэрэгтэй. Энийг өөрчлөхөд хугацаа мэдээж шаардлагатай. Гадаад худалдааны энэ орчноос болоод гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшны хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа. Та бүхэн мэдэж байгаа сүүлийн 2-3 сарын дотор ханш хэлбэлзсэн хөдөлгөөн гарсан. Энэ дээр тогтворжуулах арга хэмжээнүүдийг авсан. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна. Гэхдээ энд нэг юм бодох хэрэгтэй. Төв банк ханшийн огцом өөрчлөлт, хөдөлгөөнүүд дээр оролцдог. Гол нь гадаад валютын цаад урсгал хандлагыг өөрчилж чадаагүй тохиолдолд Төв банкнаас авч байгаа богино хугацааны арга хэмжээ богино хугацааны л үр дүн үзүүлнэ. Тэгэхээр бид гадаад худалдааныхаа балансыг сайжруулах, экспортоо нэмэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт цаад шалтгаанаа зөв голдирол руу эргүүлэх арга хэмжээг Засгийн газраас богино хугацаанд яаралтай авах хэрэгтэй. Мөн гадаад орчин, гадаадын хөрөнгө оруулалтууд, түүнийгээ дэмжсэн 2011, 2012 оны үеийн гадаадын хөрөнгө оруулалтуудын түвшинд хүргэх арга хэмжээнүүдээ сайн авах хэрэгтэй.

-Та бүхний тооцоолж байгаагаар вальютын ханшны энэ өөрчлөлт хэзээ болтол үргэлжлэхээр байна?

-Төв банкны зүгээс ханшийн тодорхой түвшинг хэлж, хүлээлтийн прогноз хийдэггүй. Гэхдээ судалгаа мэдээж байна. Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүнд богино хугацаанд эдийн засагт нааштай өөрчлөлт гарах болов уу гэж харж байна.

-Валютын нөөцийн хуримтлал нь хэр хангалттай байгаа вэ?

-Валютын нөөцийн хувьд хангалттай. Гадаад худалдаа, импорт, экспорт дээр таван сарын хэрэгцээг хангах нөөц бидэнд байгаа.

-Валютын өсөлт, уналт хоорондын хэлбэлзэл ямар түвшинд байвал хэвийн гэж үздэг юм бэ?

-Ер нь бидний судалгаа, оролцох хэмжүүр гэж байдаг. Ханшийн хөдөлгөөний хувьд ажлын 1-2 хоногийн дотор 1-1.5 хувийн өөрчлөлттэй үед энэ валютын зах дээр хэвийн биш хөдөлгөөн гарч байна гэсэн дүгнэлтэд хүрдэг. Сүүлийн 7, 8 дугаар сард ийм хөдөлгөөнүүд гарах сигналууд ирж байсан. Тэр үед Монголбанк тодорхой хэмжээгээр оролцож, валютын захуудын ханшийг тогтворжуулах арга хэмжээг авсан.

Мэдээллийн эх сурвалж: П.Наран Shuud.mn