Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Б.Найдалаа: Ипотекийн хөтөлбөрийг нийгмийн халамжийн хэрэгслүүдтэй хольж, хутгах хэрэггүй

7-Р Сар 08, 2013

Ц.Болор

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаарх зарим зүйлийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаагаас тодрууллаа.

-Ипотекийн зээл олгож байгаа нь арилжааны банкуудад эрсдэл учруулж магадгүй гэсэн болгоомжлол байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Аливаа зээл санхүүгийн бүтээгдэхүүнийг их, бага эрсдэл заавал дагаж байдаг. Ийм учраас ипотекийн зээлд ч мөн адил эрсдэл бий. Гэхдээ энэ зээлийн болон багцын эрсдэлийг тооцон, хянаж удирдах чадавх Монголын банкуудад хангалттай байгаа тул идэвхтэй дэмжин оролцож байна. Иймд банкуудын эрсдэлд санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ цэвэр зах зээлийнзарчимд суурилж, улс төрийн сонирхлоос ангид байлган, нийгмийн халамжийн хэрэгслүүдтэй хольж хутгахгүй байх нь чухал. Ипотекийн хөтөлбөрийн үндсэн аюул, эрсдэл гэвэл энэ л юм.

рилжааны банкууд ипотекийн зээл олгосноор бараг ашиг олохгүй гэж зарим хүн үзэж байсан?

-Монгол Улсад зээлийн хүү, өртөг өндөр байдгийн нэг үндсэн шалтгаан нь зах зээлийн ерөнхий эрсдэлийн түвшин болон инфляц өндөр байгаатай холбоотой. Иймээс зах зээл тогтворжсон бусад орныг бодвол банкуудын эрсдэл шингээсэн өртгийн хувь, хэмжээ их байдаг. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийн хүү хэчнээн бага байлаа ч тэр эрсдэл шингээсэн өртөг нь хүүгийн түвшинг өндөрсгөж таардаг. Ойролцоогоор тооцвол одоо олгож буй найман хувь нь банкуудын эрсдэл шингээсэн эх үүсвэрийн дундаж өртгөөс ялимгүй илүү байна. Тэгэхээр банкууд их ашиг олно гэхээсээ илүү харилцагчдадаа хүргэх үйлчилгээгээ тэлж, зах зээлээ бэхжүүлж буй ажил гэж ойлгож болно.

-Найман хувийн хүүтэй зээлийг удаан хугацаанд олгох боломжтой гэж харж байна уу?

-Ипотекийн хөтөлбөр бол төрөөс, Монголбанкнаас мөнгө гаргаад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож, тарааж байгаа явдал огт биш гэдгийг бүгд сайтар ойлгох хэрэгтэй. Өмнөх зургаан хувийн зээлийн хөтөлбөр бол санхүүгийн тодорхой загваргүй, зөвхөн тодорхой эх үүсвэрийн хэмжээнд цөөн хүнд олгох төдий арга хэмжээ байсан тул удалгүй тасалдаж, зогссон. Харин энэ хөтөлбөр бол дахин санхүүжилтээ хэрхэн хийх, хаанаас эх үүсвэр олох, тэрийг нь хэрхэн үнэлэх, хэн авах, эрсдэлээ яаж хуваах гэх мэтчилэн банк, хөрөнгийн зах зээл, төр, зуучлагч санхүүгийн байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулсан, тасралтгүй явж чадахуйц, олон улсад туршсан санхүүгийн тогтолцоо юм. Тэгэхээр энэ хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх боломжтой. Дахин тэмдэглэхэд, энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, зах зээлд гажуудал үүсгэчихгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй, нийгмийн халамжтай хольж хутгахгүй байх талаас нь хянаж залруулж, хурд, хэмжээг нь зохицуулж байх нь хамгийн чухал. АНУ-д үүнийг хянаж чадаагүйгээс, хэт улайрч хөөрөгдсөнөөс, мөн улс төрийн сонирхолтой холбосноос эрсдэл үүсч, хямралтай нүүр тулсан байдаг.

-Ипотекийн зээл нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Ипотекийн хөтөлбөр бол орон сууцгүй иргэдийг орон сууцтай болгох, эсвэл утаанаас салах төдий зорилготой хөтөлбөр биш гэж ойлгож байгаа. Иргэдээ орон байртай, орлоготой, цалинтай, бүртгэлтэй болгох, ажлаа хариуцлагатай хийдэг болгох гээд нийгмийн олон асуудлын суурийг шийдэх хөтөлбөр юм. Эдийн засгийн нэгэн том суурь болох барилгын салбарыг тогтвортой, урт хугацаанд өсөх, чадавхжих боломжийг нээж байгаагаараа онцлогтой. Монгол Улс шиг хөгжлийн түвшинд байгаа улсад барилгын салбар хөгжих нь маш их ач холбогдолтой. Тиймээс энэ санхүүжилтийн схем, боломжийг дагуулан дотоодын барилгын салбар, технологи, ажиллах хүчний чадавхийг нэмэгдүүлж авбал эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлтийг хангах нэг хүчин зүйл болно. Мөн энэ хөтөлбөр нь орон сууцны дахин санхүүжилтэд хөрөнгийн зах зээл, нийгмийн даатгалын болон бусад хөрөнгө оруулалтын санг татан оруулах, идэвхжүүлэх, амилуулах нэгэн хөшүүрэг, оролдлого болно гэдгээрээ ач тустай юм.

-Найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн нь орон сууцны үнэд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ. Хэдийгээр хүү буурч байгаа ч орон сууцны үнэ өсөхөөр өмнөхөөсөө ялгаагүй гэж зарим худалдан авагч ярьж байгаа шүү дээ.

-Ер нь манайх шиг өсөж буй, ханаагүй эдийн засгийн хувьд барилгын үнэ цаашид аажим нэмэгдэх нь гайхаад байх зүйл биш. Харин энэ үнийн өсөлт бодитоор биш, хөөрөгдсөн байдлаар, иргэдийн сэтгэхүй, хүлээлт дээр суурилан өсөхөөс сэргийлэх ёстой. Хөтөлбөр зогсохгүй тул иргэд хэт яарч тэвдэлгүй, урьдчилгаа мөнгөө бэлдэж, байр ашиглалтад орохыг, өөрсдийн зээл авах тохиромжтой хугацааг хүлээх нь үнийн өсөлтийг хянахад дэмжлэг болно. Мөн Засгийн газар, Монголбанкнаас барилгын нийлүүлэлтийн талыг дэмжин хэрэгжүүлж буй санхүүжилтийн хөтөлбөр амжилттай болно гэдэгт найдаж байна.

"Өнөөдөр" сонин Ц.Болормаа