Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ГОЛОМТ БАНК ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2-Р Сар 16, 2015

Цонх: “Тогтвортой санхүүжилтийн бодлого"-д Монгол Улсын 13 арилжааны банк, Хөгжлийн банк, IFC, FMO, Монгол банк, СЗХ, БОНХЯ зэрэг нэгдээд байна.

2015 оны 1-р сараас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт банкууд өөрсдийн үйл ажиллагаандаа Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нэвтрүүлж, тусган ажиллахаар болсон билээ.

Ингэснээр банкууд өөрсдийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачилгыг дэмжин ажиллах, түүнчлэн өөрсдийн дотоод үйл ажиллагаанд эдгээр зарчим, шаардлагуудыг баримталж бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд манлайлан уриалах юм.

Голомт банкны дэд захирал, Зээлийн газрын захирал Т.Нямсүрэнгийн Голомт банкны дотоод сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргүүлж байна.

Сайн байна уу? Тогтвортой санхүүжилтийн бодлогыг Монголын Банкны Холбооны гишүүн банкууд санаачилсан. Энэ санал, санаачилга яагаад гарах болов?

Монгол улсын хөгжилд банк санхүүгийн салбарын оруулсан хувь нэмэр өндөр гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Томоохон бүтээн байгуулалт, үйлдвэржилт гээд аливаа нэг төсөл, санал санаачилгыг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэхэд банк санхүүгийн салбарын үзүүлэх нөлөө асар их юм.

Тиймээс банкууд үйл ажиллагааныхаа энэхүү онцлогт тулгуурлан Банкны холбоогоороо нэгдэж, Монгол улсад явагдаж буй бизнес, бүтээн байгуулалт нь байгаль орчин, нийгэмд хор хөнөөлгүй байх шаардлагыг тавихын зэрэгцээ өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа чиглэл болгон ажиллахаар болсон. Бид Тогтвортой санхүүжилтийн бодлогыг боловсруулахын тулд жил гаруй хугацаанд хамтран ажилласан юм. Энэ санаачилгын агуулга, санааг би маш зөв зүйтэй, цагаа олсон алхам гэж бодож байна. Үр дүнг нь та бидний үр хүүхдүүд маш сайнаар үнэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Тогтвортой санхүүжилтийн бодлогын тухайд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? Нийт 8 зарчмыг боловсруулсан байсан?

Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр буюу ТоС нь тодорхой 8 зарчмыг баримтлан ажиллахыг уриалсан баримт бичиг юм. Тодруулбал: байгаль орчноо хамгаалах, хүний эрхийг дээдлэх, соёлын өвийг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих, ил тод байдал, хариуцлагыг дэмжих, манлайлан үлгэрлэх гэсэн 8 зарчим тусгагдсан. Эдгээр зарчмуудыг зөвхөн арилжааны банкууд үйл ажиллагаандаа хэвшил болгон ажиллах бус санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болох Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол Банк ч баримтлана.

Дэлхийн хэмжээнд үүнтэй ижил төрлийн санал санаачилгууд байдаг бөгөөд IFC, EBRD-н стандартууд, Ecuador-н зарчмуудыг энд дурьдаж болох юм. Манай ТоС-ын хөтөлбөрийн хувьд Монгол Улсын онцлогт тохирсон, манай улсын хөрсөнд буухуйц сайн зарчмууд болсон байгаа.

Дөрвөн салбарын удирдамж гэдгийг тодруулахгүй юу?

Манай улсын хувьд бизнесийн салбаруудаас Уул уурхай, Барилга, Үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн салбарууд байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөтэй буюу өндөр эрсдэлтэйд тооцогдсон судалгаа бий. Тиймээс тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд илүү хариуцлагатайгаар, сөрөг нөлөө багатайгаар үйл ажиллагаа эрхлэх хөшүүргийг банкуудын зүгээс үзүүлнэ гэсэн үг. Ингэхдээ мэдээж тухайн бизнесээ аль болох дэмжих, зөвлөгөө өгөх, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг эрэлхийлэн хамтран ажиллана.

Саяхан энэ асуудлаар Монголын Банкны Холбоо, БОНХЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци зэрэг байгууллагууд хамтран "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014"-г зохион байгуулсан. Ямар үр дүн гарсан бэ?

Энэхүү форумаас яг нэг жилийн өмнө банкууд нэгдэж энэхүү ажлыг эхлүүлж буйгаа зарлаж байсан бол саяхан "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014"-г зохион байгуулж, 2015 оноос банк санхүүгийн салбарынхан нэг хоолойгоор энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа олон нийтэд тунхагласан нь томоохон ач холбогдолтой алхам болсон юм. Ер нь ТоС-ын хөтөлбөр, зарчмуудыг хариуцлага гэж ойлгож болно. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдаж байсан.

ТоС-ийн зарчмыг дагаж мөрдсөнөөр банкуудын зүгээс зээл хүсэгчдэд тавих шаардлагад ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Бүх арилжааны банкуудын тавих шаардлага ижил байна. Энэ нь банкууд зээлийн шаардлагаа илүү хүндрүүлж байна гэсэн ойлголт огт биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Бид зөвхөн тухайн бизнес эрхлэгчээс өөрийнх нь эрхэлж буй бизнес байгаль орчин, нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг мэддэг байхыг л шаардаж байгаа юм. Өөрийн эрхэлж буй бизнес, хийж буй үйлдлүүдийнхээ нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг мэдэхгүй, төсөөлөхгүй байх нь тухайн бизнестээ төдийгүй хамтран ажиллагсад, тэр дундаа санхүүжүүлэгч банкиндаа ч сөрөг үр дагавруудыг авчрах нь ойлгомжтой юм.

Голомт банкны хувьд ТоС-ийн бодлогыг өөрийн үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж, зохион байгуулалтыг хийж байна вэ?

Энэхүү ойлголт нь манай банкны хувьд шинэ зүйл огтхон ч биш гэдгийг энд зориуд тэмдэглэх нь зүйтэй. Бид өнгөрсөн 20 жилийн туршид үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд байгаль орчныг дээдлэх, хамгаалах, ёс зүйтэй ил тод байх, ийм зарчим бүхий бизнесийг дэмжих зарчмуудыг эн тэргүүнд тавьж, мөрдөж ирсэн. Ялангуяа манай банкны зээлийн бодлогод энэ зарчмууд тод томруун туссан байдаг. Бид Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ногоон зээл"-ийн санаачилгыг гарган, хэрэгжүүлж байсан түүхээрээ бахархдаг. Энэ чиглэлээр арилжааны банкуудаас хамгийн эхний “Ногоон төсөл"-ийн уралдааныг зарлан, шалгарсан төслүүдээ санхүүжүүлсэн нь маш амжилттай болж байсан гэх мэт энэ чиглэлийн арвин туршлага бидэнд бий. Өнөөдөр байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх асуудал бизнесийн бүхий л хүрээнд илүү эрчтэй тавигдаж, амьдран буй орчноо үл хүндэтгэсэн хэн бүхэнд дүрэм, журам туйлын хатуу болсоор байна. Тодруулбал, зөвшөөрөлгүй барилгууд, орчин тойрондоо хайр гамгүй хандаж буй уул уурхай, хөрс газар шороогоо тэтгэдэггүй хөдөө аж ахуйг шат шатны байгууллагууд, ард иргэд огтхон ч хүлээн зөвшөөрөхөө больж, тухай бүрт нь зогсоох, болиулах арга хэмжээг авах болсон. Өнгөрсөн 20 жилийн түүхэнд бидний санхүүжүүлсэн нэг ч төсөл, оролцсон нэг ч арга хэмжээ ийм хариуцлагад өртөөгүй нь бидний зарчмаа ягштал мөрдөж ирсний тод илрэл гэж би хэлмээр байна. Тэгээд ч манай банкны уриа “Сайн сайхныг санхүүжүүлэх" шүү дээ. Бидний энэхүү санаачилга, ажлыг үнэлэн ЖАЙКА-гийн байгаль орчныг хамгаалах, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 2 үе шаттай төслийн нэгжээс “Эко банк"-р өргөмжилж байв. Энэ бүхэндээ үндэслээд би тогтвортой санхүүжилтийн тухай ойлголт бидэнд шинэ биш гэж хэлээд байгаа юм.

Бид энэ бүхнээ жинхэнэ нэршил, агуулгаар нь илүү идэвхитэй үргэлжлүүлэх зорилгоор Монголын банкуудын хамтран хэрэгжүүлж буй ТоС-ын бодлогыг санаачлагын шатнаас нь эхлэн дэмжиж, судалгаа шинжилгээ, боловсруулалт гээд бүхий л зүйл дээр нь манлайлан оролцсоор байна. Банкны бүтцэд зөвхөн уг асуудлыг хариуцдаг нэгж, ажилтныг шинээр бий болгож, ажилтнууд болон харилцагчиддаа энэ ойлголтыг илүү ойртуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хэвшил болгохоор ажиллаж байна.

Зээл хүсэгчдийн хувьд тавигдах шаардлага өндөрсөх хирээр банкуудад тавигдах үнэлгээ мууддаг шүү дээ?

Өмнө дурьдсанчлан ТоС-ын санаачилга нь тухайн бизнесийг илүү дэмжих, урт хугацаанд тогтвортой өсөлтийг нь ханган ажиллах зорилготой. Хамгийн түрүүнд тавигдах шаардлага бол бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмдээ ямар үр нөлөөтэйг мэддэг байх явдал. Ихэнх хариуцлагатай бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол аль хэдийнээс хийгдэж ирсэн зүйл юм. Тэгэхээр нэмэгдсэн ч юм уу, хүндрүүлсэн шаардлага байхгүй гэж ойлгож болно. Дахин хэлэхэд ТоС-ын санаачилга бол амьдран буй орчноо хайрлан, хамгаалахын хариуцлага юм.

Үнэлгээ хийлгээд хангалттай үнэлгээ аваагүй бизнес эрхлэгчдэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ? Бизнес эрхлэгчдэд хандаж юу гэж зөвлөх вэ?

Хангалттай үнэлгээ аваагүй зээлийн хүсэлт гэдэг бол тухайн зээл нь байгаль орчин, нийгэмд дунд буюу түүнээс дээш түвшний хор хөнөөлтэй байна гэсэн үг. Хэрэв тийм бол энэхүү нөлөөллөө хэрхэн бууруулах талаар зээлдэгч өөрөө төлөвлөгөө гаргаад банктайгаа ярилцана гэсэн үг. Үүнд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн манай банкинд бий, тэгэхээр хамтраад ажиллах бүрэн боломжтой. Өмнө ярьсан бизнес эрхлэгч өөрийн эрхлэх гэж буй бизнесийнхээ үр нөлөөг мэддэг байх асуудал л энд яригдах юм даа.

Байгаль орчинд хор нөлөөтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлснээр ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байсан жишээ олон байдаг уу?

Маш олон бий. Олон улсын жишгээр байгаль орчин, нийгмийн үнэлгээ гэдэг бол зээлийн эрсдэлийн үнэлгээний салшгүй нэг хэсэг байдаг. Япон, Их Британи, АНУ зэрэг хөгжилтэй орнуудад аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн байдаг. Одоо манай өмнөд хөрш Хятад улсад энэ шаардлагыг Засгийн газрын түвшин хүртлээ чухалчлан үзэж байна. Түүхээс харахад эдгээр улсын банкууд нь томоохон эрсдэл үүссэний дараа л энэ зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон байдаг. Харин Монголын банкуудын хувьд илүү проактив буюу угтаж хэрэгжүүлж байгаагаараа давуу талтай.

ТОС-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: